Сурвалжлага: 127-р сургуульд 90 хүүхдийг нэг багш хариуцаж байна

Хуучирсан мэдээ: 2022.09.06-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: 127-р сургуульд 90 хүүхдийг нэг багш хариуцаж байна

Сурвалжлага: 127-р сургуульд 90 хүүхдийг нэг багш хариуцаж байна

Өнгөрсөн жил цар тахлын улмаас эрдмийн баяр хийх нь байтугай хүүхдүүд хоорондоо ойрхон зөрөхөөс ч айж байсан. Тэгвэл энэ жилийн тухайд дүрэмт хувцсаар гоёж гоодсон охид, хөвгүүд эрдмийн өргөөгөө зорьж, хичээл номондоо шамдаж эхэллээ. Гэтэл хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн улсын сургуульд анги дүүргэлтийн асуудал эцэг эхчүүд, багшийн “толгойны өвчин” болдог. Өөрөөр хэлбэл, хүүхдүүдийн сурч  боловсрох орчин, эрхийн асуудал хөндөгдөж эхэлдэг.

НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД АНГИ ДҮҮРГЭЛТ ХЭТЭРСЭН 84 СУРГУУЛЬ БАЙДАГ

Энэ хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуульд 750,661 хүүхэд суралцана. Нэгдүгээр ангид 78 мянган сурагч элсэн орсон бол нийслэлийн хэмжээнд анги дүүргэлт хэтэрсэн 84 сургууль бий.

2007 онд сурагчдын анги дүүргэлттэй холбоотой стандартыг салбар яамнаас баталсан байдаг. Тухайлбал, бага ангид 30-35 хүүхэд, ахлах дунд ангид 32-35 хүүхэдтэй байхаар заажээ. Гэтэл нийслэлийн хэмжээнд анги дүүргэлт хэтэрсэн 84 сургуулиас 35-39 хүүхэдтэй 50 сургууль, 11 нь 45-аас дээш дүүргэлттэй, 23 сургууль 40-44 хүүхдийн дүүргэлттэй хичээллэж байна.

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас энэ жил нэгдүгээр ангийн хүүхдийн элсэлтийг цахимаар зохион байгуулсан. Ингэхдээ, хүүхэд бүрийг хамран сургах тойрогт суралцуулахаар болсон. Үүнээс гадна  хотын төвийн гэгддэг нэр бүхий 17 сургуульд хамаарлын бус тойргоос хүүхэд элсүүлбэл АТГ-т шалгуулна гэдгийг ч хэлж байв.  Тиймээс энэ жил өмнөх жилүүдтэй харьцуулбал хүүхдүүд хамран сургах тойргийнхоо сургуульд түгээмэл сурч байна.

Бид энэ удаагийн сурвалжлагаа анги танхимын дүүргэлтийн асуудлаар жишээ болгон хүн амын төвлөрөл ихтэй Баянзүрх дүүргийн 127 дугаар сургуулийг зорилоо.

15:00 цаг орчимд нэгдүгээр ангийн хүүхдээ авахаар ирсэн эцэг, эхчүүд сургуулийн гадна цугларчээ. Тус сургууль нь 1300 хүүхдийн багтаамжтай  ч одоогийн байдлаар 2100 хүүхэд суралцах болжээ. Харин нэгдүгээр анги дор хаяж 45 хүүхэдтэй байдаг  талаар багш нар хэлж байна.

НЭГ БАГШИД 45-ААС ДЭЭШ ХҮҮХЭД ОНОГДОЖ БАЙГАА УЧРААС ХҮҮХЭД БҮРТЭЙ ТУЛЖ АЖИЛЛАХ БОЛОМЖГҮЙ

127-р сургуулийн Нийгмийн ажилтан Г.Оюунцэцэгээс анги танхимын дүүргэлт, багшийн ачааллын талаар тодрууллаа.

-Энэ хичээлийн жилд танай сургуулийн хувьд анги дүүргэлт ямар байна вэ?

-2022-2023 оны хичээлийн жилд манай сургуульд нийт 2100 хүүхэд хичээллэхээр байгаа ч энэ тоо нэмэгдэх хандлагатай байна. Ер нь энэ жилийн журмаар харьяаллын сургуульдаа сурах хүүхдүүдийн шилжилт хөдөлгөөн маш их байна. Ялангуяа шилжин ирэгсэд. Манай сургуулийн онцлог бол захын хорооллын сургууль учраас Баянзүрх дүүргийн 21-р хорооны “Ганцын задгай” буюу ихэнх нь түр оршин суугчид ихтэй. Түр оршин суугчдаас улбаалан ачаалал маш их байна. Ерөнхийдөө хоёр ээлжийн 1300 хүүхэд сургах хүчин чадалтай  боловч хоёр гурав, дахин их хүүхэдтэй байна.

Анги танхимын хүрэлцээ маш хэцүү байна. Гэсэн хэдий  ч хүүхдүүдээ сургахын төлөө “урд хормойгоор, хойд хормойгоо нөхдөг” шиг хүүхдүүдээ  эрүүл аюулгүй орчинд сургахын төлөө хичээж ажиллаж байна.

-Тухайлбал, нэгдүгээр ангийн нэг бүлэгт хэчнээн хүүхэд сурч байгаа юм бол?

-Хавар зургаан бүлэгтэй байхаар төлөвлөж байлаа. Гэтэл худалч хүнд найман бүлэгтэй болох гэж байна. Нэг ангид 45-аас дээш тооны сурагчидтай. Тиймээс бага ангийн багш хүүхэд бүртэй тулж ажиллахад үнэхээр хүнд байдаг. Анги танхимын хүрэлцээ, дүүргэлтээс шалтгаалж нэг хүүхэдтэй тулж ажиллах боломж үнэхээр байдаггүй.

-Багшийн ачааллын тухайд та юу хэлэх вэ?

-Багшийн ачаалал маш их байдаг. Анги дүүргэлт нь  25-30 хооронд байвал хүүхэд хөгжих боломжтой гэсэн судалгаа бий. Гэтэл нэг дахин нэмэгдсэнээр тухайн багшид хүндрэлтэй. Бага ангийн хүүхэд үдийн цайгаа ууна, бие засна гээд цэцэрлэгийн багш шиг байдаг. Тиймээс тухайн багшийн чин сэтгэл, ур чадвар л сурлагын чанарт нөлөөлж байна. Цаашилбал, багшийн нөөц тулгамдсан асуудал болсон. Ялангуяа бага ангийн багшийн мэргэжил, ажлын ачаалал хүнд байна.

-Эцэг эхчүүдээс сургалтын чанар, анги танхимын дүүргэлтийн талаар гомдол санал ирдэг үү?

-Зөндөө л ирдэг. Саяхан статистик тоо харахад, улсын хэмжээнд 2869 багш дутагдалтай байна гэсэн судалгаа гарсан байна лээ. Энэ бол ажлын ачаалал, цалинтай холбоотой.

Жилд 800 гаруй хүүхэд багш мэргэжлээр төгсч байгаа  ч дээрх шалтгааны улмаас халширч байна. Энэ бол бодлогын хүрээнд  шийдэх асуудал.

Эцэг, эхчүүдийн хандлага орчин үед өөр болсон. Өнөөдөр манай сургуульд гэхэд бага ангийн хоёр анги багшгүй, давхар багш хариуцсан. Нөгөөх багш маань өглөө 07.00 цагаас ирээд, орой 19.00 цагт явдаг. Нэг өдөр 90-ээд хүүхдэд юм сургах гээд үзээд байгаа юм л даа. Ер нь байнга зар оруулаад сайн багш олоод авчих юмсан гээд ажиллаж байна.

-Элсэлт энэ чигээрээ байвал цаашид анги танхимын хүрэлцээг шийдэхийн тулд ямар арга хэмжээ авах нь зөв бэ?

-Манай сургуулийн хувьд бага сургууль барихгүй бол ачааллаа үнэхээр дийлэхгүй. Дийлэнх ачаалал бага ангийн хүүхдүүд дээр байдаг. Дунд ахлах, ангиудад ачаалал арай гайгүй байна. Бусад хотын төвийн сургуулийг бодвол хөдөөнөөс оршин суугчид маш их ирдэг. “Ганцын задгай” гэсэн хаягтай хүүхдүүд маш их байгаа. Хаягжилт хийгдэж байгаа боловч хөдөө орон нутгаас хамаатны, эсвэл танилынхаа хашаанд ирээд буучихсан, хаягийн бүртгэлээ хийлгээгүй 2-3 жил болчихсон, түр оршин суугч гэсэн бичиг бариад ороод ирдэг. Хөдөө, орон нутгаас шилжин ирж байгаа хүмүүсийг зохицуулахгүй бол, цаашид энэ байдал үргэлжлээд л байна. Өргөтгөл сургууль барих талаар төлөөлөгч болон, “дээшээ” хэлсэн учраас ирэх жилүүдэд барих болов уу гэсэн хүлээлттэй байна.

“ХҮҮХЭД ШАМБААРААЛДААД БАРАГ УНТАХ ХЭВТЭХ ГАЗАРГҮЙ Л БАЙНА”

Анги дүүргэлтийн талаарх эцэг, эхчүүдийн байр суурийг хүргэе. Иргэн А.Цэрэнлхам “Манай охины анги 47 хүүхэдтэй. Олон хүүхэдтэй болохоор хэцүү байдаг юм шиг санагддаг. Багш нарын ачаалал их байдаг. Олон хүүхэд сурч байгаа учраас манай хүүхдийг хойш нь суулгасан. Өчигдөр ирээд ээжээ би самбараа харахгүй байна, урагшаа суумаар байна гэж ярьж байна лээ” гэв.

Тус сургуульд хүүхдээ суралцуулдаг цэцэрлэгийн багш мэргэжилтэй иргэн “Миний бодлоор анги танхим хүрэлцээгүй байна. Хуучин 25 хүүхэд байдаг байсан бол одоо 40, 50 хүүхэдтэй болчихоор амьсгалахад хэцүү байна. Сайд, яамдынхан энэ асуудлыг эргэж харах хэрэгтэй. Цэцэрлэг сургуулийн өргөтгөлийг нэмж, олноор бариасай. Манай цэцэрлэгт хүүхэд шамбаараалдаад бараг унтах хэвтэх газаргүй л байна. Харин багшийн өдрийн ачаалал чанга  шүү дээ. Гэхдээ ажиллахггүй гээд яах вэ. Хүүхдүүдээ сургаж, хүмүүжүүлнэ.

Эцэг эхчүүдийн зүгээс  хүүхдийн багтаамж ихдэж, зай талбай нь багассан байна гэж хэлдэг. Нэг ангид 40-50 хүүхэд байна гэдэг хэцүү. Амьгалах агаар, уур амьсгал гээд асуудал бий.

Ямар ч байсан дүүрэгт байгаа хүүхдүүдээ бүгдийг нь аваад сургаж, хүмүүжүүл гэсэн учраас бид чадлынхаа хэрээр авч байна. Гэр цэцэрлэг хүртэл бариад л хүүхдүүдээ авч байна. Ямар сайндаа дуу хөгжмийн өрөө хүртэл нэг анги болчхоод байж байна” гэлээ. Иргэн А.Болдоо “Манай хоёр хүүхэд энэ сургуульд сурдаг. Бага ангидаа хүүхдийн тоо их байхаас биш томорхоороо гайгүй болчихдог юм билээ. Ер нь ангийн багш тэр бүр хүүхэдтэй тулж ажиллах хэцүү. Тиймээс давхар хүүхдийнхээ сургалтад анхаардаг” гэсэн байр суурийг илэрхийллээ.

СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГИЙН ТООГ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ 

Бид зөвхөн захын хорооллын нэг сургуулиар ороход анги танхимын дүүргэлт иймэрхүү дүр зурагтай байна. Эрх баригчид олон жил анги танхимын дүүргэлтийг ярьж, гурван ээлжээр хичээлэх явдал, нэг ангид 40-50 хүүхэд суралцдагийг хална гэж ярьсаар ирсэн ч боловсролын салбарт энэ мэт гажуудал “амь бөхтэй” оршсоор байна.

Харамсалтай нь бодит байдалд, нэн ялангуяа улсын сургуульд нэг багшид 45-50 хүүхэд оногдож байгаа нь ердийн үзэгдэл болжээ.

Хэдийгээр нэг ч хүүхэд цоожтой хаалганы цаана үлдсэнгүй гэж дарга нар лоббидож байгаа ч даац хэтрүүлэн чихэлдэн суугаа сурагчид хэрхэн чанартай, тэгш боловсрол авах вэ?

Үүнээс улбаалан багш мэргэжлээр төгссөн хүмүүс ажлаас халшрахаас гадна, ачаалал их байгаагаас үүдэн хувийн сургууль, бусад сургалтын байггууллагад ажиллах сонирхол нэмэгдсэнийг судалгаа харуулж байна. Нэг зүйлийг онцлоход нэг хүүхдэд оногдох анги танхимын стандартад хяналт тавих хүн даанч алга. Эмч мэргэжилтнүүдийн зөвлөснөөр хүүхдийг нэг дор шамбааруулдах нь өвлийн улиралд ханиад томуунаас эхлээд хүндрэл бий болдог аж. Өнгөрсөн жил гэхэд цар тахлын улмаас анги дүүргэлт хэтэрсэн сургуулиуд хүүхдүүдээ өглөө, үдээс хойш хэмээн хувааж байсан. Тиймээс эцэг эхчүүдийн зүгээс хүүхдийн тоо хэтэрсэн, захын хорооллын дүүрэгт сургуулийн өргөтгөлийг нэмж барих саналтай байгааг энэхүү сурвалжилгаар уламжиллаа.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Л.ЭНХ-ОРГИЛ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж