Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун 2021 оны нэгдүгээр сард цөмийн зэвсгээс урьдчилан сэргийлэх хувьсал, шинэчлэл хийх төлөвлөгөөнийхөө талаар бүх дэлхийд зарлаж байв. Тэрбээр цэрэг армийн шинэчлэлтийн хүрээнд өргөн цар хүрээтэй зэвсгийн цэсийг ил гаргасан. Үүний дунд тактикийн цөмийн зэвсэг байжээ.
Тактикийн цөмийн зэвсэг нь Хойд Солонгосын цөмийн шинэчлэлийн дараагийн аюултай үе шат юм. Тодруулбал, цөмийн зэвсгийн гурав дахь эрин үе гэж тодорхойлж байна. Тус улс АНУ руу тусах чадвартай тив хоорондын баллистик пуужин бүтээснээс хойших хамгийн ноцтой үйлдэл нь тактикийн цөмийн зэвсгийг хөгжүүлж, байршуулсан явдал юм. Үүний үр дагавар нь цөмийн зэвсгийн хурцадмал байдал, цөмийн осол, Өмнөд Солонгос, АНУ-тай харилцаа хурцдах зэрэг олон бий. Тактикийн цөмийн зэвсгийн хэрэглээ нь олон улсад маргаантай байдаг.
Тактикийн цөмийн зэвсэгтэй холбоотой ерөнхий зарчмууд бий. Нэгдүгээрт, эдгээр зэвсэг нь цөмийн тэсрэх бодисын гарцыг зориудаар бууруулдаг онцлогтой. АНУ 1645 онд Японы Хирошима, Нагасаки хотуудын дээрээс хаясан цөмийн зэвсгийн нэлээд хувь нь тактикийнх байсан гэж тооцоолжээ. Тэдгээр нь цөмийн зэвсгийн нөөцөд байгаа илүү их хор хөнөөлтэй зэвсгүүдээс харьцангуй бага юм. Хоёрдугаарт, тэдгээрийг байрлуулахад харьцангуй богино зайн дамжуулах систем ашигладаг. Ким Жон Ун энэ оны дөрөвдүгээр сард ойрын тусгалтай пуужингийн системийн туршилт хийсэн. Энэ систем нь ердөө 110 км зайд тусах чадалтай. Хойд Солонгосын төрийн хэвлэлүүд энэ пуужинг тактикийн цөмийн зэвсэг хүргэх зориулалттай гэж тодорхойлсон байна. Тодруулбал, тактикийн цөмийн зэвсгийг анх удаа туршилтаар пуужингийн системд холбосон гэж үзжээ.
Хойд Солонгос тактикийн цөмийн зэвсэг нийлүүлэлтэд чухал үүрэг гүйцэтгэх пуужингийн системээ өргөжүүлэхээр эрмэлзэж байж магадгүй. Гэхдээ Ким Жон Ун өнөөдрийг хүртэл ямар нэгэн дорвитой алхам хийгээгүй байна. Ямартай ч тэрбээр тактикийн цөмийн зэвсгийг илүү хөнгөн бөгөөд овор хэмжээ багатай болгох талаар дурдсан удаатай.
Цөмийн стратегийн загалмайлсан эцэг Томас Шеллинг нэгэнтээ “Цөмийн хил бол хүн өөрөө доошоо унах эсэхээ шийддэг хадны хурц ирмэг биш, харин халтирч унах эрсдэлтэй муруй налуу” гэж хэлсэн. Цөмийн хил бидний нүдний өмнө улам налуу эгц болж байна. ОХУ-ын ерөнхийлөгч Путин ялагдал хүлээхгүйн тулд цөмийн зэвсэг ашиглах вий гэсэн айдас дэлхий нийтэд буйтай энэ нь холбоотой. Нөгөөтэйгүүр хамгийн том хүчин зүйл бол Хойд Солонгос улс байлдааны талбарт ашиглах зориулалттай тэсрэх чадвар багатай, богино зайн тусгалтай тактикийн цөмийн зэвсэг бүтээж буйтай холбоотой.
Ажиглагчдын үзэж буйгаар Хойд Солонгос улс долоо дахь цөмийн туршилтаа хэзээ ч хийж магадгүй юм. Энэ туршилт нь ойрын тусгалтай пуужинтай хослуулсан жижиг цэнэгт хошуу байна гэж таамаглаж буй. Хэрвээ дээрх таамаг биелэх юм бол цөмийн гурав дахь эрин эхэллээ гэж үзэж болно гэжээ.
Тэгвэл цөмийн зэвсгийн эхний хоёр эрин үе хэзээ байв? Эхний үе нь АНУ, ЗХУ-ын хоорондын хүйтэн дайны үе буюу 1947-1991 оны хэлнэ. АНУ-ын Нью-Мексико муж дахь туршилтын талбайд 1945 оны долдугаар сарын 16-нд анхны атомын бөмбөг болох “Гаджет”-ийг амжилттай туршсан нь цөмийн анхны эрин үеийг албан ёсоор эхлүүлжээ. Үүнээс хойш сар хүрэхгүй хугацааны дараа АНУ нь Японы Хирошимад, гурав хоногийн дараа Нагасакид цөмийн зэвсгээ хаясан юм. Хүйтэн дайны ид оргил үе буюу 1986 онд дэлхийн цөмийн зэвсгийн нөөцөд 70300 зэвсэг байжээ.
Хоёр дахь үе нь цөмийн зэвсэгтэй болох гэж буй янз бүрийн улс орнуудын Хүйтэн дайны дараах динамик байдал байв. Энэ нь 1991-2014 оныг хэлнэ. Хоёр дахь эрин үед Энэтхэг, Пакистан, Хойд Солонгос гэсэн улсууд цөмийн зэвсэгтэй болж, нууц зэвсгийн хөтөлбөрүүд хэрэгжих болсон. Түүнчлэн цөмийн зах зээл гэсэн шинэ аюул заналхийлэл гарч ирэв. Цөмийн туршилтыг иж бүрэн хориглох гэрээнд 1996 онд гарын үсэг зурсныг эс тооцвол энэ хугацаанд цөмийн зэвсгийн хяналт сул байсан.
Хүйтэн дайны дараа АНУ тактикийн цөмийн зэвсгээ багасгасан. Одоогийн байдлаар Орос улсад АНУ-ынхаас ес дахин их нөөцтэй гэж “The Atlantic” хуудас мэдээлжээ. “Хэрвээ Хойд Солонгос тактикийн цөмийн зэвсгийг ашиглаж эхлэх юм бол Шеллингийн налууг удирдана” гэж Олон улсын энх тайвны төлөөх Карнегийн сангийн ажилтан Анкит Панда хэлэв. Стратегийн цөмийн зэвсэгтэй харьцуулахад тактикийн цөмийн зэвсэг нь харьцангуй хор хөнөөл багатай. Тиймээс Хойд Солонгосын цөмийн зэвсгийн хэрэглээ буурна гэж тэр үзжээ.
Нөгөөтэйгүүр тактикийн цөмийн зэвсэг байрлуулснаар эдгээрийг удирдах эрх мэдэл нь доод тушаалын цэргийн командлагчдад очно гэсэн үг юм. Тэгэхээр улс даяар илүү олон цэргийн баазад зэвсгийг хадгалж, ашиглах эрсдэлтэй болно. Цаашлаад буруу тооцооллоос үүдэлтэй осол гарахыг үгүйсгэхгүй юм. Мөн хурцадсан мөргөлдөөний үед Хойд Солонгос дайснуудаа айлгаж, ухраахын тулд зориудаар тактикийн цөмийн зэвсэгт шилжиж магадгүй гэжээ.
ОХУ Украинд цөмийн зэвсэг ашиглаж болзошгүй байгаа нь бодлого боловсруулагчдыг нухацтай арга хэмжээ авахаас өөр аргагүйд хүргэж байна. Үүнтэй адилаар АНУ болон бусад холбоотон Хойд Солонгосыг тактикийн цөмийн зэвсэг ашиглахаас сэргийлэх шинэ бодлого, стратегийг идэвхийлэн боловсруулах шаардлагатай болжээ. Хэрвээ таслан зогсоох арга хэмжээ амжилтгүй болвол дараа нь яах вэ гэдгээ ч мөн тодорхой болгох шаардлагатай юм.
АНУ-ын ерөнхийлөгч асан Рональд Рейган, ЗХУ-ын удирдагч асан Михаил Горбачев нар “Цөмийн дайнд ялж болохгүй, хэзээ ч тулалдаж болохгүй” гэж хэлсэн байдаг. Гэвч цөмийн зэвсгийн гурав дахь эрин үед хатуу ширүүн бодит байдлыг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй юм.
Эх сурвалж: THE DIPLOMAT, THE ATLANTIC, KAS
Холбоотой мэдээ