Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлснээр энэ долоо хоногт ихэнх нутгаар дулаарч, нутгийн өмнөд хэсгээр хална. Харин энэ сарын 10-аас эхлэн сэрүүсэхээр байна. Ингэхдээ есдүгээр сарын 10, 11-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Мөн зарим газраар салхи секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэлбэлчир орчим, Идэр, Тэс, Туул голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 16-21 градус байна. Харин Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 32-37 градус, Их нууруудын хотгор, Орхон Сэлэнгийн сав, говийн бүс нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна. Харин энэ сарын 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд нутгийн хойд хагаст сэрүүснэ.
Есдүгээр сарын ерөнхий төлөв байдлаар Алтайн өвөр говиор олон жилийн дунджаас бага Дорнод Монголын тал нутгаар олон жилийн дунджаас ахиу хур хур тунадас орох төлөвтэй. Харин сарын эхний хагаст ихэнх нутгаар хур тунадас орох буюу уулархаг нутгаар цас орох төлөвтэй байна. Иймд дээр дурдсан үеүдэд цаг агаарын болзошгүй үзэгдлээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
М.УНДРАМ
Холбоотой мэдээ