Дорнын Эдийн засгийн форум: Олон туйлт дэлхийн зүг

Хуучирсан мэдээ: 2022.09.05-нд нийтлэгдсэн

Дорнын Эдийн засгийн форум: Олон туйлт дэлхийн зүг

Дорнын Эдийн засгийн форум: Олон туйлт дэлхийн зүг

“Олон туйлт дэлхийн зүг” гэсэн уриан дор Владивосток хотноо есдүгээр сарын 5-8 хооронд Дорнын Эдийн засгийн форум зохиогдох гэж байна. Энэхүү форумд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид оролцоно.

Форумын гол арга хэмжээ есдүгээр сарын 7-ны өдөр болох Ерөнхий хуралдаан бөгөөд энэхүү хуралдаанд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, БНХАУ-ын Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу, Армяны Ерөнхий сайд Н.Пашинян нар оролцоно.

Форумын үндсэн арга хэмжээний нэг нь “ОХУ-Монгол” гэсэн ажил хэргийн уулзалт юм. Энэ үеэр хоёр улсын стратегийн түншлэлийн хэтийн төлөв, худалдаа-эдийн засгийн төслүүдийн талаар ярилцана. Эдийн засаг, хүнсний хямрал нүүрлэж байгаа өнөө үед худалдаа-эдийн засгийн төслүүдийн талаар ярилцах шаардлага үүсээд байгаа юм. “Өнгөрсөн 2021 онд Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой тохиож, энэхүү түүхэн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд хоёр талын тохиролцсон арга хэмжээнүүдийг амжилттай хэрэгжүүллээ. Дорнын Эдийн засгийн форумд оролцох нь хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бодит үр дүнтэй байх болно” хэмээн Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Л.Энхтүвшин форумыг зохион байгуулагчидтай уулзах үеэрээ хэллээ.

Шинжээчдийн үзэж байгаагаар хоёр талын хамтран шийдэх асуудал хангалттай байсаар байгаа. Юун түрүүнд, ЕвроАзийн Эдийн засгийн холбоотой байгуулах чөлөөт худалдааны хэлэлцээрийг дурдаж болно. Өнгөрсөн жилийн форумд оролцох үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чөлөөт худалдааны хэлэлцээр нь Монголын гадаад худалдааны саад бэрхшээлийг бууруулах, Монголын нутгаар дамжих Хятадаас Европ руу чиглэсэн транзит тээврийн хэмжээг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтойг онцолсон.

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “ОХУ-д болох Дорнын Эдийн засгийн форумд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцох нь улс орны хувьд маш чухал үүрэг гүйцэтгэнэ. Энэ үеэр томоохон төсөл болох Эгийн голын усан цахилгаан станц, төмөр замын асуудал, эрчим хүч нийлүүлэлт, шатахууны тогтвортой хангамж, үнийн талаар ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин тэргүүтэй Засгийн газрын гишүүд, төрийн өмчит компаниудын удирдлагуудтай уулзана" хэмээн Даваа гаригт /2022.09.05/ мэдэгдлээ.

Бүс нутгийн эрчим хүчний хамтын ажиллагааны асуудалд тусгайлан анхаарал хандуулах хэрэгтэй болж байна. Эхний ээлжинд “Азийн супер сүлжээ” байгуулах замаар Зүүн хойд Азийн орнуудыг эрчим хүчээр хангах асуудал анхаарал татаж байна. Үүнд Монгол Улсад баригдах Эрдэнэбүрэнгийн болон Эгийн голын УЦС зохих байр суурийг эзэлж байгаа юм. Энэ оны долдугаар сард Монголд айлчилсан ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавровын айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Эгийн голын ЭЦС-ыг барих ажлыг Оросын компаниудтай хамтран хийнэ хэмээн хэлсэн билээ.

Монгол Улс жил бүр Дорнын Эдийн засгийн форумд төлөөлөгчдөө илгээдэг, гол оролцогчийн нэг. 2018 оны форумд оролцсон тухайн үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ерөнхий хуралдаанд хэлсэн үгэндээ ОХУ-аас БНХАУ руу татах байгалийн хийн хоолойн ажилд хамтран оролцоход бэлэн байгаагаа илэрхийлсэн. Үүний дараа буюу 2019 онд тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх, “Газпром”-ын ерөнхийлөгч А.Миллер нар Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ бүхний дүнд “Союз Восток” хийн хоолой барих төсөл хэрэгжихээр болсон. ОХУ Европ руу байгалийн хий нийлүүлэхээ наймдугаар сарын 31-нээс зогсоосон энэ цаг үед энэхүү төсөл нь Орос-Монгол-Хятад гэсэн гурван талын хамтын ажиллагааны хамгийн ирээдүйтэй чиглэлийн нэг болж байна.

Тиймээс форумд оролцож байгаа Монголын төлөөлөгчдөөс хоёр талын ашиг сонирхлыг дэлхийн түвшинд гаргах шинэ санаа, хэлэлцээрийг хүлээж байна.

И.БОРХОНДОЙ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж