Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид есдүгээр сарын 3-ны өдөр Баянгол дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн А мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах анхан шатны тестийн сорил тавихад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын нэг төрөл болох /THC/ гэх бодис илэрчээ.
Шалгалтын хүрээнд иргэн “А”-аас каннабис гэх нэршилтэй бодис эд мөрийн баримтаар хураан авч, түүнийг баривчлан мөрдөн шалгаж байгааг албаныхан мэдээллээ. Эх сурвалжийн мэдээлснээр шалгагдаж байгаа хүн нь реппер Morningstar байсан бөгөөд түүнийг үргэлжлүүлэн шалгаж байгаа гэв.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйл /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/ 1. “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.
Холбоотой мэдээ