УБТЗ-ын Төв эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын бүрэлдэхүүнтэй баг “Талын гэгээ” хөдөлгөөнт оношилгооны тусгай галт тэргээр шугам зам дагуу ажилладаг төмөр замчид болон 7 аймгийн орон нутгийн иргэдийг орчин үеийн төрөлжсөн эмнэлгийн тусламж үйлчилгээнд хамруулах ажлыг зохион байгуулах ээлжит аяндаа гарлаа. УБТЗ өмнө нь 3 вагоныг орчин үеийн эмчилгээ оношилгооны тоног төхөөрөмжөөр тоноглож, төмөр замчдад эмнэлгийн тусламж үйлчилгээг хүргэх ажлыг ойртуулж байсан бол энэ удаа дахин нэг вагоныг рентген болон эхо оношилгооны тоног төхөөрөмжөөр тоноглож аялалд гаргаж байна. Энэхүү 4 вагоноос бүрдсэн хөдөлгөөнт оношлогооны төв нь нүд, чих хамар хоолой, шүд, эмэгтэйчүүд, мэдрэл, мэс засал, дотор, эмнэл зүйн лаборатори, ариутгалын кабинетуудтай бөгөөд орчин үеийн дурангийн болон эхо, рентген оношилгооны тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогджээ. Мөн эмнэл зүйн лаборатори нь нийтдээ 80 нэр төрлийн шинжилгээг хийх хүчин чадалтай юм.
Хөдөлгөөнт оношилгооны төв нь 2019-2021 онд хойд, урд шугам замд урьдчилан сэргийлэх үзлэг болон дархлаажуулалтын ажилд нийт 14 удаа аялж, 18,134 хүн буюу давхардсан тоогоор нийт 85,449 хүнийг үзлэг оношилгоонд хамруулжээ. Тухайлбал Ковид-19 халдварын эсрэг 1, 2-р тунгийн дархлаажуулалт болон нэмэлт дархлаажуулалтанд нийт 7 удаа явж 8815 хүн тун вакцинаар дархлаажуулалт хийсэн байна.
Шугам зам дагуу ажилладаг төмөр замчид орон нутгийн иргэдэд хүргэх энэ удаагийн эмнэлгийн тусламж үйлчилгээний нэг онцлог нь Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Монгол Улсын бүх иргэдийг эмнэлгийн эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах ажлын хүрээнд хийгдэж байгаа юм. “Талын гэгээ” хөдөлгөөнт оношилгооны төв нь 9-10 дугаар сард шугам зам дагуу явж ажиллах юм.
УБТЗ цаашдаа хөдөлгөөнт оношилгооны төвийн үйл ажиллагааг өргөжүүлж, төмөр замчид болон орон нутгийн иргэдэд хүрэх эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулахын тулд дахин 2 вагоныг 2024 он гэхэд нэмж тоноглохоор төлөвлөж байна. Ингэснээр эмнэлгийн зориулалтаар иж бүрэн тоноглосон нийт 6 вагонтой явуулын амбулаторитой болох төслийг амжилттай хэрэгжүүлж дуусах юм.
Мэдээллийн эх сурвалж: “УБТЗ” ХНН
Холбоотой мэдээ