“Восток-2022”-д Монгол оролцож байгаа нь Өрнөдийн эсрэг үйл ажиллагаа биш

Хуучирсан мэдээ: 2022.09.06-нд нийтлэгдсэн

“Восток-2022”-д Монгол оролцож байгаа нь Өрнөдийн эсрэг үйл ажиллагаа биш

“Восток-2022”-д Монгол оролцож байгаа нь Өрнөдийн эсрэг үйл ажиллагаа биш

Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургуулийн доктор, профессор Д.Уламбаяртай ярилцлаа.


-Оросын БХЯ-ны мэдэгдэж байснаар “Восток-2022” цэргийн томоохон хээрийн сургуулилалт энэ сарын 1-7-нд болж буй. Үүний зорилго, утга чанарын талаар ярилцлагаа эхэлье.

ОХУ-ын БХЯ өнгөрсөн наймдугаар сарын эхээр энэ талаар мэдэгдэж байсан. Оросын Зэвсэгт хүчний жанжин штабын мэдэгдэж байгаагаар энэ жилийн “Восток-2022” цэргийн сургуулилалтын зорилго нь Алс Дорнодын цэргийн тойргийн долоон  бүсэд аливаа түрэмгийллийг няцаах, цэргийн төрөл анги хоорондын болон эвслийн бүлэглэлүүдийн удирдах ур чадварыг  дээшлүүлэх, мөн энхтайван, ашиг сонирхлоо сахин хамгаалах, цэргийн аюулгүй байдлыг хангах хамтарсан үүрэг даалгаврыг хэрэгжүүлэхэд эвслийн бүлгүүдийн уялдаа холбоо, харилцан үйлчлэлийн түвшинг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа ажээ.

Тактикийн гол ажиллагаа Приморийн хязгаараас гадна, Японы тэнгист Номхон далайн флот болон Хятадын Тэнгисийн цэргийн хүчин далайн зам, далайн эдийн засгийн үйл ажиллагааны бүс нутгийг хамгаалах, эрэг орчмын чиглэлд хуурай замын хүчнийг дэмжих хамтарсан үйл ажиллагаа явуулж байгаа.

Агнуурын тэнгисийн эрэг орчмын бүсэд маневр хийх юм байна. Сургуулилалтад Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага, ШХАБ болон бусад түнш орнууд болох Азербайжан, Алжир, Армен, Беларусь, Энэтхэг, Казахстан, Киргиз, Хятад, Лаос, Монгол, Никарагуа, Сири, Тажикистан улс янз бүрийн түвшний цэргийн төрөлжсөн арга хэмжээнд шуурхай удирдлага, хяналтын бүлэг, цэргийн анги, нэгж, ажиглагчид оролцоно гэнэ.

Сургуулилалтад нийт 50 мянга гаруй цэргийн албан хаагч, 5000 гаруй зэвсэг, техник, 140 гаруй нисэх онгоц, 60 орчим байлдааны хөлөг онгоц, завь, туслах хөлөг онгоц оролцож байгаа юм байна.

Восток-2022” хамтарсан цэргийн сургуулилалтын олон улсын эрхзүйн үндэслэл нь 1996 оны дөрөвдүгээр сарын 26-нд гарын үсэг зурсан “Хил орчмын бүст цэргийн итгэлцэл бэхжүүлэх арга хэмжээний тухай” Орос, Хятад, Казахстан, Узбекистан, Киргизстаны Засгийн газар хоорондын хэлэлцээрээр зохицуулагдаж байгааг ОХУ-ын БХЯ-наас мэдээлсэн байна лээ. 2022 оны наймдугаар сарын эхээр гаргасан Хятадын БХЯ-ны мэдэгдэлд, “Восток-2022 цэргийн хамтарсан сургуулилалтад оролцох гэж буйгаа “Өнөөгийн олон улсын болон бүс нутгийн нөхцөл байдалтай холбоогүй” гэж тайлбарласан нь Украины хямралыг хэлсэн хэрэг болов уу. “Оролцогч орнуудын зэвсэгт хүчинтэй ажил хэрэгч, найрсаг хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, оролцогч талуудын стратегийн хамтын ажиллагааны түвшинг дээшлүүлэх, олон янз аюул заналын эсрэг хариу арга хэмжээ авах чадварыг бэхжүүлэх нь сургуулилалтын зорилго юм” гэж мэдэгдэлдээ.

Орос, Хятад улсууд ижил төстэй аюул заналхийллийн эсрэг, “synergetic” буюу “хамтран ажиллаж ашиг сонирхлоо хамгаалах” тухай ярьж байна. Ийм салбаруудын нэг нь цэргийн аюулгүй байдал, цэргийн итгэлцэл юм.

Нөгөө талд шинжээчид Украинд томоохон сорилтой тулгарсан Оросын зэвсэгт хүчин Донбасст Алс Дорнод дахь цэргийн анги нэгтгэлүүдээсээ татан оролцуулж буй тухай мэдээллийг няцаах, Алс Дорнод дахь цэргийн хүчин чадавх хэвээрээ байгааг, Орос, Хятадын цэргийн хамтын ажиллагааны хүч чадлыг Өрнөдөд харуулах зорилготой гэж тэмдэглэж байна. Өмнө нь зохиогдсон “Восток-2018” ажиллагааг Зөвлөлт, Оросын сүүлийн 40 жилийн түүхэнд гарч байгаагүй том сургуулилт гэж тэмдэглэж байсан.  Энэ сургуулилтад Оросын талаас 300 мянган цэрэг, мянга орчим нисэх онгоц, 36 мянган танк, хуягт  техник оролцсонтой харьцуулахад  энэ жилийн арга хэмжээ тоо, чанарын хувьд  эрс багассан нь Украин дахь цэргийн ажиллагаатай холбоотой болов уу.

Харин дээрх сургуулилт ОХУ-ын Владивосток хотноо есдүгээр сарын 5-8-ны өдөр “Олон туйлт дэлхий ертөнц өөд” сэдвийн дор зохиогдох Дорнын эдийн засгийн долоо дахь удаагийн форумтай цаг хугацааны хувьд давхцаж байгаа нь хэр зэрэг сөрөг нөлөө үзүүлэхийг хэлж мэдэхгүй юм.

-“Восток-2022” цэргийн хамтарсан томоохон сургуулилалтад Монгол Улс оролцож байгаа нь хэр зохистой гэж үзэж байна вэ? Үүнтэй холбоотойгоор Европын холбоо Монгол Улсыг хоригт оруулсан тухай гадаадын хэвлэлд бичиж эхэллээ.  Зарим иргэд энэ сургуулилалтад оролцох ёсгүй гэсэн байр суурь илэрхийлж байна. Оролцож болох, оролцож болохгүй шалтгаан бидэнд бий юу?

“Восток-2022” цэргийн хамтарсан сургуулилалтад Монголын зэвсэгт хүчний төлөөлөл оролцож буй нь оролцогч талуудын стратегийн хамтын ажиллагааны түвшинг дээшлүүлэх, цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, аливаа аюул заналын эсрэг хариу арга хэмжээ авах чадавхыг сайжруулах зорилготой болов уу.

Түүнээс биш Монголын оролцоо нь Өрнөдийн эсрэг чиглэсэн үйл ажиллагаа биш юм.

Өмнө нь “Восток-2018” арга хэмжээнд Монголын зэвсэгт хүчний жижиг нэгж оролцож байсныг тухайн үед АНУ-ын The “Washington Post” сонин, “Associated Press” агентлаг “бэлгэдлийн чанартай”, “үүрэг роль багатай” гэж  бичиж байсан бол НАТО-ийн Төв штабын  мэдээлэлд “сүүлийн жилүүдэд Монгол Улс  НАТО, ОХУ-ын  аль алинтай нь тэнцвэртэй түншийн харилцааг өөртөө бий болгож чадсан” гэж илүү бодит байдалд нийцсэн үнэлэлт өгч байжээ.

Нэг түүхэн баримт хэлэхэд, Зөвлөлт, Хятад, Монгол, Хятадын харилцаа хурцадмал байсан үед 1979 оны хоёрдугаар сарын 17-нд БНХАУ-ын цэргийн хүч Кампучийг “түрэмгийлсэн” Вьетнамыг хашраах үүднээс тус улсад түрэмгийлсэн нь олон улсын харилцаанд томоохон асуудал үүсгэж байсан. Үүнтэй холбоотойгоор  Өвөрбайгалийн цэргийн тойрог, Украин, Белорусиас зөвлөлтийн цэргийн тодорхой анги салбарууд Монголд нэмэлтээр орж ирсэн байдаг. Удалгүй ЗХУКН-ын ТХ-ны Улс төрийн товчооны шийдвэрийн дагуу 1979 оны гуравдугаар сарын 12-26-нд хоёр  долоо хоногийн турш  Хятадын ар шилэн дээр цэргийн сүр хүчийг үзүүлэх замаар энхтайван, шударга ёсыг сэргээн тогтоох зорилготой томоохон цэргийн  сургуулилт хийж байсан.

Нийт 20 гаруй дивизийг Хятадын хойд хилийн орчимд тоглолтод оролцуулсан ба чингэхдээ 200 мянган цэрэг, 2600 танк, 900 байлдааны нисэх онгоцыг хөдөлгөж, Номхон далайн флотын байлдааны 80 гаруй хөлөг онгоцыг гаргасан байдаг.

Дээрхийн бүрэлдэхүүн хэсэг Монголын тал хээр, говьд явагдсан сургуулилтад монгол дахь Зөвлөлтийн цэргийн анги, Монголын ардын армийн анги нэгтгэл хамтарсан үйл ажиллагаа явуулсан нь  анхаарал татаж байжээ. Сибириэс Монгол руу 2000 км маршилсан дайчилгааны хээрийн сургууль хамтдаа явагдаж төмөр зам, агаарын зам, хуурай замын бүх гарцыг ашиглаж байсан. Хятадын хилийн ойролцоо сөрөх цохилт, сөрөх довтолгоо хийх цэргийн тактикийн сургуулилт хийж тухайн үедээ үүнийг нь “цэргийн урлагийн гайхамшигт операци” болсон хэмээн дүгнэж байсан байдаг.

 Нэг зүйлийг тэмдэглэхэд Орос, Украины харилцаа хурцадсанаас биш Монгол, Оросын харилцаа муудаагүй гэдгийг хэлэх хэрэгтэй.

Социалист систем дэх хүйтэн дайны үед Зөвлөлт, Хятадын харилцаа муудахад бид Зөвлөлтийн талд орж Монгол, Хятадын харилцаа ноцтой хурцдаж байсан. Уг нь Монгол, Хятадын харилцаа тэгтлээ ч муудаагүй байсан юм.

Монгол Улс ардчилсан, нээлттэй, чөлөөт хэвлэл хөгжсөн улс. Тиймээс иргэд байр сууриа чөлөөтэй илэрхийлэх нь ардчилсан Үндсэн хуулиар олгогдсон эрх чөлөө юм.

Миний байр суурь бол Монгол Улсын үндэсний язгуур эрх ашгийг хөндөөгүй, хөрш болон их гүрнүүдийн геополитикийн сөргөлдөөнд оролцох шаардлагагүй гэж үздэг. Энэ нь бидний хөөцөлдөх тоглоом биш. Монгол Улс геополитикийн ноцтой асуудалд төвч, төвийг сахисан байр суурь баримталж буйгаа удаа дараа илэрхийлсэн. Энэ нь мөн Монгол Улс төвийг сахисан олон улсын эрхзүйн статустай болох гэсэн хэрэг огт биш юм. Жишээ нь Орос-Украины дайнд Хятад, Энэтхэг зэрэг их гүрнүүд хүртэл төвийг сахисан байр суурь илэрхийлсэн.

Европын Холбоо Монгол Улсыг эдийн засгийн хоригт оруулсан тухай өөрийнх нь албан ёсны цахим хуудсаас хайгаад олсонгүй. ЕХ өмнө нь түүхэндээ анх удаа оффшор бүсүүдийн нэрсийг багтаасан “хар жагсаалт”-ыг 2017 оны арванхоёрдугаар сарын эхээр зарлаж,  дурдсан жагсаалтад 17 улс орсны дотор Монгол Улс багтсан байдаг.  2018 оны нэгдүгээр сарын сүүлчээр Брюссель хотноо болсон Европын холбооны Сангийн сайд нарын уулзалтаар Монгол Улсыг оролцуулаад найман улсыг “хар жагсаалт”-аас “саарал жагсаалт” руу оруулсан байдаг. ЕХ-ноос татварын талаар хамтран ажилладаггүй 17 улсыг хар жагсаалтад оруулсан гол шалтгаан нь Монгол Улс “Татварын ил тод байдал, мэдээлэл солилцооны Глобал форум”-ын гишүүнээр элсээгүй, холбогдох хэлэлцээрт гарын үсэг зурж, соёрхон батлаагүй, “Татварын суурийг багасгаж, ашиг зувчуулахын эсрэг” заавал дагаж мөрдөх шалгуур үзүүлэлтийг хэрэгжүүлээгүйтэй холбоотой байсан тухай би өөрийн номондоо бичсэн.

Монгол Улс хоёр хөрштэйгөө тэнцвэртэй харьцах хийгээд “гуравдагч  хөрш”-ийн хооронд эрх ашгийн тэнцвэрийг барьсан гадаад бодлого явуулж, олон улсын хамтын нийгэмлэг НҮБ үүнийг өндөрөөр үнэлж  буйг энэ оны гадаад харилцааны өргөн хүрээтэй арга хэмжээ тод харууллаа.

Монгол Улсын гадаад бодлого олон тулгууртай байхаас гадна, геополитикийн орон зай/ цаг хугацаа, таталцлын орчинд Эйнштейны харьцангуй ерөнхий онол лугаа агшиж, сунах чадавхитай байх ёстой.  Үүнийг  олон хэмжээст дипломаси гэж нэрлэх нь бий.  Монгол Улс чухам ингэж ажиллаж байна гэж хэлж болно. 2022 оны зургадугаар сард “Хааны эрэлд-2022” энхийг сахиулах олон улсын хамтарсан 18 дахь удаагийн сургуулилт болж  15 улсын мянга орчим цэргийн алба хаагч оролцож, команд штабын болон салааны түвшний сургуулилалт болсон. Энэ үеэр анх удаа “Эмэгтэйчүүд энхтайван, аюулгүй байдал” сэдэвт сургалт зохион байгуулагдсан бөгөөд энэ нь Энхийг сахиулах ажиллагаан дахь эмэгтэй цэргийн албан хаагчдын үүрэг оролцоог нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой болсон.

Монгол, Оросын хамтарсан “Сэлэнгэ-2022” цэргийн сургуулилт төлөвлөгөөний дагуу Ховд аймагт болж амжилттай өндөрлөсөн. “Восток”, “Сэлэнгэ”, “Хааны эрэлд” хамтарсан цэргийн болон энхийг сахиулах сургуулилт өмнөх онуудад зохион байгуулагдаж байсан. Энэ бол шинэ зүйл биш.

ОХУ ЯМАР Ч БАЙСАН ЮУ Ч ХОЖСОНГҮЙ

-Орос, Хятад улсын харилцаа тодорхой түвшинд сайжирч буй мэдээлэл бий. Энэ нь бидэнд “өгөөж”-тэй юу?

-Орос, Хятадын харилцаа муудсан зүйл байхгүй. ОХУ Украинд түрэмгийлсний дараа гуравдугаар сард Хятадын удирдагч Ши Жиньпин нь Путинтэй утсаар ярихдаа “Бусдын аюулгүй байдлыг бусниулах замаар өөрийн аюулгүй байдлаа бэхжүүлэх хүйтэн дайны сэтгэлгээнээс их гүрнүүд салах ёстой” гэж тэмдэглэж байсныг хүмүүс төдий л анзаараагүй. 2022 оны гуравдугаар сарын 4-ны НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган дээр Хятадын байнгын төлөөлөгч элчин сайд Чжан жун дээрхийг давтан илэрхийлж байсан.

Орос, Хятад “иж бүрэн стратегийн харилцан ажиллагааны түншлэл”-тэй, өөрөөр хэлбэл хоёр гүрний харилцаа түүхэндээ хамгийн өндөр түвшинд хүрсэн.

2021 оны эцэст хоёр орны худалдааны эргэлт 140 тэрбум ам. долларыг давсан. Хятад Оросоос байгалийн хийгээс гадна газрын тос, нүүрс их хэмжээгээр авч байна. Энэ сард Узбекстаны Самарканд хотноо ШХАБ-ын дээд түвшний уулзалтын үеэр Орос, Хятадын удирдагчид уулзахаар төлөвлөж байгаа юм байна. Нэгдүгээрт, хоёр хөршийн харилцаа сайн байна. Монгол Улсын гадаад хамгийн ойр орчин амар тайван байна гэж хэлэх үндэслэлтэй. Хоёрдугаарт, гурван хөршийн худалдаа эдийн засгийн харилцаа амжилттай урагшлах нигууртай.

-Украинд явуулж буй ОХУ-ын цэрэг дайны ажиллагаа эхлээд хагас жилээс илүү хугацаа өнгөрлөө. Үүний цэрэг улс төр, эдийн засгийн үр дагавар юунд хүрснийг хэрхэн үнэлж байна вэ?

-Өргөн хүрээтэй цэрэг дайны ажиллагаа эхлээд үнэхээр хагас жилээс илүү хугацаа өнгөрчээ. Украин асар их хэмжээний хохирол хүлээсэн нь ойлгомжтой.

Өнгөрсөн долдугаар сарын эхээр Швейцарийн Лугано хотноо зохиогдсон Украины сэргээн босголтын асуудлаарх олон улсын бага хурлын үеэр Оросын түрэмгийллийн улмаас 100 тэрбум ам. долларын дэд бүтэц, 1200 сургууль цэцэрлэг, 200 гаруй эмнэлэг устгагдаж, хэдэн мянган орон сууц барилга сүйтгэгджээ.

Тийнхүү гурван үе шаттай хэрэгжих сэргээн босголтод 750 тэрбум ам.доллар шаардлагатай байгаа тухай мэдээлж байсан. Украины найман сая иргэд Оросын  түрэмгийллийн улмаас эх орноосоо дүрвэжээ. Мэдээж эдгээр тоо баримт одоо өссөн нь тодорхой. ОХУ ч ялгаагүй цэрэг-улс төр, эдийн засаг, ёс суртахууны  асар том ялагдал хүлээлээ. АНУ-ын Пентагон, Тагнуулын төв газрын мэдээлснээр давхардсан тоогоор ОХУ-ын 75-80 мянган цэрэг дайчид алагдаж, шархадаж, 1700 орчим танк, 3900 гаруй хуягт машин, 250 орчим бөөнөөр галлах тийрэлтэд артиллерийн “Град” техник, 200 байлдааны нисэх онгоц  устагдсан гэж байна. ОХУ-ын БХЯ гуравдугаар сарын 25-наас хойш мэдээлэл хийхээ больсон. Зөвхөн АНУ гэхэд л дайн эхэлснээс хойш Украинд 13.6 тэрбум ам. долларын зэвсэг техник болон бусад тусламжийг үзүүлсэн байна.

Саяхан наймдугаар сарын сүүлээр АНУ,  Их Британи, Франц, Германы удирдагчид Украинд үзүүлэх дэмжлэг урт хугацаанд үргэлжлэх болно гэдэг дээр санал нэгдсэн байна билээ.

Энд нэг зүйлийг онцлон тэмдэглэхэд ОХУ-ын хамгийн шилдэг гэгдэх пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах С-400 систем АНУ-аас Украинд нийлүүлж буй 480 км тусгалтай М142 HIMARS пуужинг барьж авч чадахгүй байгаа юм байна. Гэтэл ОХУ-ын С-400 системийг Турк, Энэтхэг өндөр үнээр зэвсэглэлдээ авсан байдаг нь шүүмжлэл дагуулж байна.

Финланд, Швед НАТО-д гишүүнээр элсэх үйл явц эрхзүйн хувьд төгсгөлийн шатандаа орсон. Чингэснээр ОХУ НАТО-гийн гишүүн Финландтай 1300 километрээр хиллэх болчихлоо. Жилд 120 тэрбум еврогийн байгалийн хий нийлүүлэлтийн маш том зах зээлээ бүрэн алдлаа. Орос эдийн засгийн хамгийн том, өргөн хүртээтэй  хоригт орсон дэлхийн цорын ганц улс болов. Оросын иргэд мөн визийн хоригт орлоо. Түүнчлэн Оросын түрэмгийлэл эрчим хүч, түлш шатахууны үнэний хөөрөгдөлд оруулснаар инфляцийг огцом өсгөж, хүнсний хомсолд оруулж, өөрийн орны болон дэлхийн эдийн засгийг ноцтой савлуулсаар байна.

ОХУ ямар ч байсан юу ч хожсонгүй.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутеррешийн хэлсэнчлэн “ямар ч утгагүй энэ дайн”-ыг зогсоох нь Путин, ОХУ ялагдсан юм шиг болчих гээд наашаа ч үгүй, цаашаа ч үгүй болсон бололтой байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
7
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж