ДАЙНД ХӨӨРӨГЧ
“Восток-2022” цэргийн сургуулилалтад Батлан хамгаалахын яам, Зэвсэгт хүчний жанжин штаб сэмхэн оролцох төлөвлөгөөтэй байсан ч дэлхийг хавтгай болгосон мэдээллийн урсгалын балгаар илчлэгдэв. Учир явдлыг лавласан хэвлэл, мэдээллийнхнийг улсаа бодоод амаа хамхихыг тушаах маягтай өндөр өнгөөр цааргална. Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ? Бүгдийг бяцхан тархи шигээ төсөөлдөг албан тушаалтнуудын балаг Гадаад харилцааны яамны өнөөг хүртэл хийсэн ажлыг нурааж мэдэх эрсдэл бодитоор нүүрлэсэн талаар учир мэдэх дипломатчид гаслав. Монгол Японы найрамдалт харилцааны түүхт 50 жилийн босгон дээр батлан хамгаалахынхан ийнхүү “бэлэг” барив. Энэхүү цэргийн сургуулилалт нь Орос Японы маргаантай бүс нутагт болохыг мэдсээр байж оролцсон нь Монгол Японы харилцаанд цав суулгах аюултай талаар Японы Элчин сайд асан ярилцлагадаа учирлажээ. Харин энэхүү сургуулиалтад оролцуулсан хүн нь ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр тодорч байх шиг. Гэхдээ энэхүү сургуулилалтад оролцохоос татгалзахыг Гадаад харилцааны яамнаас сануулга өгсөн ч албан тушаалын дахин хуваарилалтаас болоод анхаарлаа хандуулаагүй баймааргүй.
Барууны орнууд Оросын түрэмгийллийн эсрэг нэгдэж, элдэв хориг тавьсаар буй энэ цаг мөчид бусдаас дэндүү хамааралтай бид болчимгүй энэ мэт үйлдэл хийсэн нь нэг удаагийнх биш.
Хэдхэн сарын өмнө эх орондоо ч хамтарсан хээрийн сургуулилалт хийгээд авсан. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж, хүнд хэцүү энэ цаг үед дайны асуудлаас аль болох зайлсхийж, аль нэг талыг баримтлахаас дөлж, бүхий л оронтой харилцаагаа хэвээр авч үлдэхийг хичээсэн ч дайнд хөөрсөн албан тушаалтнуудаас болоод талаар өнгөрөв бололтой. Батлан хамгаалахын сайд Б.Сайханбаяр "“Восток” сургуулийн хувьд энэ жил 15 орон оролцож байна. Энэ сарын 1-7-ны өдөр ОХУ-ын Владивостокийн ойролцоо Сергейвский сургалтын төвд Монголын алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна. Монгол Улс бол тэнгисийн цэргийн хүчингүй. Курилын арал болон маргаантай байгаа арлуудад манай алба хаагчдыг сургуулилтад оролцож буй мэтээр мушгиж гуйвуулсан мэдээлэл бий. Ийм зүйл огт байхгүй" гэж мэдэгдсэн нь бүр ч даарин дээр давс болов. Угаасаа тэнгисийн цэрэггүй биднийг сургуулилтад оролцсон эсэхээр нь дүгнэхээс тэнгисийн цэрэггүй, маргаантай арлуудад сургуулилт хийгээгүй гэхгүй нь хэнд ч ойлгомжтой. Будаач будаач гэхэд сахлаа будав гэгч л болж байх шиг. Өөрсдийгөө хамгаалах гээд ийм өрөвдөлтэй тайлбар хийгээд сууж байх жиштээй. Өнөөдөр ачаа тээврээ ч аятайхан авч чадахгүйгээс бараа, бүтээгдэхүүний нэмэгдэж, худалдан авах чадвар муудсан энэ үед бид бусдын хоригт ормооргүй л байлтай.
ДАЖИН ҮҮСГЭГЧ
Монголын төр, түүний албан хаагчдын гаргаж буй үйлдэл дайныг дэмжээд байх шиг… Орос, Украины асуудлын эхэнд “Алтан тариа” компанийн барилгаас Украины далбааг буулгахыг шаардаж байсан цагдаагийнхан “Восток” цэргийн сургуулилтыг эсэргүүцэж ОХУ-ын Элчин сайдын яамны гадаа жагссан “Nowar” жагсаалын самбар, уриалгыг “дээрээс тушаал өгсөн” шалтагаар урж, тасдан увайгүй аашлав. МУГЖ Д.Сосорбарамын хэлсэнчилэн дайныг эсэргүүцээд, энх амгаланг хүсээд байхад шүү дээ. Жагсагчдын шаардлага нь ОХУ-д болж буй “Восток” цэргийн сургуулилалтад Монголоос цэргүүд оролцож байгааг шүүмжилж, зогсоох тухай байв. Гэтэл тэднийг эсэргүүцсэн, нөгөө л нөхдүүд бас гарч ирсэн ч “уламжлал” ёсоор цагдаагийнхан үл тоов. Дайныг эсэргүүцсэн 30-аад жагсаал Монголд болсон бөгөөд түүнийг эсэргүүцэгчид ч тухай бүрт гарч ирж байсан.
Гурил цацахаас эхлээд жагсагчдыг өдөөн хатгаж, биед нь халдаж, гутаан доромжилж, гурил хүртэл цацаж байсан ч хууль сахиулагчид төдийлөн тоодоггүй нь тоогүй.
Тэрхүү эсэргүүцэгчдийн дунд гадаадын иргэн зааварчлаад явж байгаа дүрс бичлэгүүд ч мундахгүй байтал Монголын цагдаа дайныг эсэргүүцэгчдийг дарамтлах маягтай. Гуравдагч хөрш гэгддэг Японы далбайг шууд урж буй бичлэг нь сошиал ертөнцөөр түгээгдсээр байхад тайван жагсаалыг үймээн, самуун болгоод байх шиг. Монголын цагдаа тайван байдлыг хамгаалах гээд байна уу, талцуулж, тайван жагсаалыг дөгөөж, эмх замбараагүй болгох гээд байна уу гэдэг нь эцэстээ ойлгомжгүй болж байна. Арай гэж өөрсдийгөө үйлчилгээний ажилтан, зөвлөгч, хууль сахиулагч, сэргийлэгч гэх асуудалд ханддаг асан тэд хуучны цагдах гэсэн ойлголтондоо улам бүр бат итгэдэж, өөрсдийгөө хүчний байгууллага гэдэгтээ итгээд, хууль бус өөрийнхөө зөв гэсэн өнцгөөс хүчээр асуудлыг шийдэх гэж улайрдаг болов.
Монголын хууль хяналтынхан, төрийн албан тушаалтнуудыг харахад дайнд хөөрч, дажин үүсгээд байх шиг. Тэдний хөнгөн, хуумгай үйлдэл нь буурай Монголын ядуу иргэдийг улам л хүнд байдал рүү хөтлөх вий.
Монголын цагдаа нийгмийн дэг журмыг сахин хамгаалж, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж, гэмт үйлдлийг таслан зогсоох гагц үүргээ умартаад асуудлыг хүндрүүлж, тайван жагсаалыг үймээн самуун болгож, гэмгүй оролцогчдыг нь шоглодог болоод удлаа. Харин батлан хамгаалах салбарынхан балагт унагаах боллоо. Дэндүү гэхэд дэндүү бусдаас хамааралтай бидэнд элдэв хориг, дайсагнал огтхон ч хэрэггүй байлтай. Асуудалд мэдрэмжтэй хандахгүй бол жоомоо утсгах гээд гэрээ шатаах вий дээ.
Холбоотой мэдээ