Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас “Бараа бүтээгдэхүүний гарал үүсэл ба хэрэглэгчийн мэдээлэл авах эрх” сарын аяныг есдүгээр сарын 1-нээс эхлүүлээд буй. Энэ хүрээнд ШӨХТГ-аас сүүлийн үед хийсэн хяналт шалгалтын талаар өнөөдөр /2022.09.05/ мэдээлэл хийлээ.
ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун:
-Сүлжээ дэлгүүрүүд болон зах худалдааны төвүүдийн барааны кассын үнэ болон болон лангууны үнийн зөрүүтэй асуудлаар шалгалт хийж, зөрчигдөж буй дүрэм стандартыг тодруулсан. Лангууны үнэ, кассын үнэтэй зөрөх зөрчил маш их гарсан. Зөрчил гаргасан таван дэлгүүр, аж ахуй нэгжүүдэд E Mart, Sky Hypermarket, CU, Good Price, Wellmart гэх дэлгүүр тус бүр таван сая төгрөгийн торгууль оногдууллаа.
Мөн жин хэмжүүр нь зөрүүтэй, хугацаа дууссан бараа бүтээгдэхүүн худалдан борлуулсан зөрчилтэй, дэлгүүр худалдааны төвүүдийг мэргэжлийн хяналтын газарт шилжүүлж, цааш шалгалтыг үргэлжлүүлж байна.
ЦЕМЕНТИЙН ҮНИЙГ НЭМСЭН АЖ АХУЙ НЭГЖҮҮДИЙГ Ч 20 САЯАР ТОРГОНО
ШӨХТГ бол иргэд гомдол саналын дагуу хяналт шалгалт хийдэг. Өнгөрсөн зургадугаар сарын сүүлээр цементийн үнийн өсөлтийн гомдол санал ихээр ирсэн. Тодруулбал, тухайн үед 320-330 мянган төгрөг байсан цементийн үнэ долдугаар сард 400-480 мянган төгрөг болж өссөн. Үүнтэй холбоотойгоор ШӨХТГ-аас хяналт шалгалт хийхэд Монголын томоохон үндэсний үйлдвэрлэгч компаниуд цементийн үнээ нэмээгүй байсан.
Тиймээс зөрчлийн хэрэг нээж 15 гэрээт аж ахуй нэгжид хяналт шалгалт хийхэд зургаа нь худалдааны хууль бус арга хэрэглэж, үндэслэлгүйгээр үнийг нэмэгдүүлсэн байна. Иймд тус бүр 20 сая төгрөгийн торгууль ногдууллаа.
Цаашид цементийн үнийг огцом өсгөхгүй байх тал дээр үйлдвэрүүд болон гэрээт борлуулагч нартай хэлэлцээр хийн хамтарч ажиллаж байна.
Бараа бүтээгдэхүүний гарал үүсэл хэрэглэгчийн мэдээлэл авах эрх аяны зорилго нь хэрэглэгч чанар, аюулгүй байдлыг хангасан бараа хэрэглэх, мэдээлэл авах эрхийг хангах, сонголт хийх нөхцөлийг бүрдүүлэх, үүнтэй холбоотой хууль тогтоомж, стандартыг мөрдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны зохион байгуулалтыг боловсронгуй болгох, эрчимжүүлэх аж. Тиймээс зах, худалдааны төв, хүнсний дэлгүүр болон тэдгээрт бараа бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэгчдийг хамруулах юм байна. Мөн гарсан зөрчлийг арилгаж, цаашид тухайн зөрчлийг дахин гаргахгүй байх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, хэрэглэгчдэд хэрэглээний боловсрол олгох, хэрэглэгч, худалдагч, нийлүүлэгчийн хариуцлага, хяналтыг сайжруулах арга хэмжээ авна гэдгийг албаны хүмүүс мэдээллээ.
Холбоотой мэдээ