Л.Оюун-Эрдэнэ байлдаж тоглох гэж Владивостокийг зориогүй байгаасай!

Хуучирсан мэдээ: 2022.09.05-нд нийтлэгдсэн

Л.Оюун-Эрдэнэ байлдаж тоглох гэж Владивостокийг зориогүй байгаасай!

Л.Оюун-Эрдэнэ байлдаж тоглох гэж Владивостокийг зориогүй байгаасай!

Төдийгөөс өдийг хүртэл, үндсэндээ ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаярыг баахан цэрэг дагуулаад байлдаж тоглохоор  Орос руу, “Восток-2022” цэргийн ажиллагаанд оролцох хүртэл Монгол Улс дэлхийд төвийг сахисан дүр зурагтай байлаа. Гэвчиг дайнд хөөрсөн мулгуу эрээс болж / Гадаад харилцааны яамнаас энэхүү цэргийн ажиллагаанд оролцохгүй байхыг анхааруулсаар атал/ Монгол муу дээрээ муу харагдав.  Үүнээс болж өчнөөн хэрэг мандаж мэдэхээр, тэр тусмаа монголчуудад өннөрсөн 30 жилд их бага хэмжээгээр туслаж ирсэн япончуудаа гомдоох дээрээ туллаа. Энэ талаар Монголд Элчин сайдаар сууж асан Такэнори Шимүзи  хоёр улсын харилцаанд бэрхшээл учрах хандлагатай боллоо гэж соёлтойгоор сануулах билээ. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден хүртэл “Энэ сургуулилтанд оролцож байгаа Энэтхэгээс бусад орныг Украины эсрэг дайнд оролцож байгаад тооцно” гэсэн  тухай гадаад, дотоодын хэвлэлээр мэдээлж буй нь зүгээр ч нэг сүрдүүлэг биш байх.  Ингээд хөхөө дууриасан галуу эдийн засгийн хориг, элдэв шахалтад орвол хөлөө хөлдөөж л таарах байх даа. Эндээс харахад экс Ерөнхийлөгч Х.Баттулгын гаргасан алдаа завхралыг засч, ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргад олгосон хуулиас гадуурх эрх мэдлийг хязгаарлан хуульчилж өгөхөөс өөр аргагүй юм байна. Үгүй бол үхэрчин эр үндэсний аюулгүй байдлыг маань өрцөлж мэдэхээр шинжтэй.

Нэг.

Энэ хэл ам намжаагүй шахам байхад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорнын эдийн засгийн чуулганд оролцохоор Владивостокийг зорихоор болжээ. Мэдээж, их гүрний шахалт хавчлагын дагуу.  Дорнын эдийн засгиын чуулга уулзалтад Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа байнга оролцож ирсэн. Өнгөрсөн онд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх явсан бол энэ жил ҮАБЗ-ийн гурвын нэг нь ирж оролцох ёстой гэж оросууд  хүсэлт ч юм уу, шахалт ч юм уу тавьсан бололтой. Улс төрийн хүрээний дам яриагаар бол.

Ерөнхий сайд Дорнын эдийн засгийн чуулганд оролцохын өмнөхөн ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга ямар нэгэн үг, үйлдэл гаргаагүй бол хоёр их гүрний дунд хавчуулагдсан Монголын зовлонг дэлхий ойлгохыг хичээх байсан биз. Одоо ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар туг тахиж, амуудлыг эерүүлэх, эдийн засгаа аврах өөр гарц гаргалгаа бидэнд харагдахгүй байна. Ж.Энхбаяр нь туршлагатай улстөрч, түүний үйлдэл үндэсний аюулгүй байдалд хэрхэн нөлөөлөхийг сайн мэдэхтэйгээ хүн.  Батлан хамгаалахын сайд хийж явсан, мөн УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороог тэргүүлж байсан гэхээр Монгол Улсын өнөөдрийг хүртэл хэрэгжүүлж ирсэн Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг бараг цээжээрээ шахуу мэдмээр. Атал үндэсний аюулгүй байдлын хийгээд  “Энхийг эрхэмлэсэн гадаад бодлогыг тууштай баримталж, энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн олон улсын хамтын нийгэмлэгийн үйл ажиллагааг идэвхтэй дэмжих” үзэл баримтлалын эсрэг байлдаж тоглож хүслийг нь зөвтгөх ямар ч үндэслэл ядаж алга даа.

Хоёр.

Нэгэнт Монгол Улс анхааралд орсон тул Владивостокод айлчлал хийх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн үг, үйлдэл болгоныг дэлхий анхааралтай ажиглана гэсэн үг. Тэрбээр удахгүй бас Япон, БНСУ-д айлчилна. Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ В.Путины өмнө Ж.Токаев шиг байр сууриа тов тодорхой илэрхийлж чаддаггүй юм аа гэхнээ элгээ тэврээд сууж болохгүй. С.Лавровтой тохирсон Эгийн голын цахилгаан станцаа барих асуудлаа  ёстой л газар дээр нь шийдэж ирэх хэрэгтэй. Шатахууны хувьд Монгол Оросоос бүрэн хамааралтай, Кремль цоргоо хаавал монголчууд явгарах нь үнэн. Юун тэгш, сондгойн хэрүүл. Гэхдээ шатахууны асуудлаараа барьцаалагдахгүйгээр Монгол Улс эрчим хүч, төмөр замын төслүүдээ явуулна гэдгээ тов тодорхой илэрхийлж чадвал явсны хэрэг гарна. Тэгээд дээр нь Оросоос авах шатахууны үнийг хямдруулж чадах юм бол нэн сайн. Ямарч байсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ байлдаж тоглох донд хөтлөгдөөд Владивостокыг зориогүй байгаасай л гэж найдъя даа.

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж