Засгийн газар Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг төлөвлөгөөт ажлын явц, технологийн бус барилга байгууламж, анхдагч процессын болон дагалдах байгууламж, үйлдвэрийн цахилгаан станц, лицензэт технологийн байгууламж гэж дөрвөн хэсэгт хуваан хэрэгжүүлж буй. Тус үйлдвэрийн инженерчлэлийн ажил дуусч, дөрөв дэх хэсгийн гэрээний тендерийг ирэх арваннэгдүгээр сард зарлахаар төлөвлөжээ. Хөрөнгө оруулалтын хэмжээ нэг тэрбум гаруй ам.доллар бөгөөд цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан өнөөдрийн байдлаар зардал нь өссөн байна.
Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах, хэрэгжилтэд хяналт тавих Ажлын хэсэг өнгөрсөн Баасан (2022.09.02) гаригт хуралджээ. Хурлын үеэр “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан болон ажлын хэсгийн гишүүдэд Газрын тос боловсруулах үйлдвэрийн барилгын ажлын явц болон тулгамдсан асуудлын талаар танилцуулсан байна.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хурлын үеэр төсөл хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлуудыг ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлдэхийг ажлын хэсгийн ахлагч болон холбогдох сайд нарт үүрэг болгожээ.
Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт хэрэгжиж буй “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” (МГТБҮ) ТӨХХК-ийн төсөл нь дотоодын түүхий эдийн нөөцөд түшиглэсэн газрын тос боловсруулах үйлдвэр байгуулж, түлш шатахууны хэрэгцээгээ ханган, эдийн засагт нефть-химийн шинэ салбар бий болгох зорилготой бүтээн байгуулалтын цогц төсөл юм.
2025 онд ашиглалтад бүрэн оруулахаар төлөвлөж буй энэхүү бүтээн байгуулалт нэн шинэ түүхтэй. 2017 оноос эхэлсэн БНЭУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр үе шаттайгаар хэрэгжүүлэх МГТБҮ-ийн нарийвчилсан ТЭЗҮ-ийг УУХҮЯ-ны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн баталсан билээ.
Холбоотой мэдээ