Монголын хөлбөмбөгийн “Mobi” дээд лигийн гуравдугаар тойргийн тоглолтууд өнгөрөгч амралтын өдрүүдээр боллоо. Тойргийн сүүлийн тоглолт Дэрэн болон СФ Фалконс багуудын хооронд өрнөж, 3-2 гэсэн харьцаатай Дэрэнгийн ялалтаар өндөрлөв.
Гэхдээ дээрх тоглолт ярих зүйл ихтэй болжээ. Олон гоол орсон ширүүхэн өрсөлдөөнөөс гадна тоглолтын 72 дахь минутад Монголын шигшээ баг болон Дэрэн клубийн тамирчин О.Даваадэлгэр эсрэг багийнхаа Бразил тоглогч Тиаго Томайсыг арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан үйлдэл гаргажээ. Тодруулбал, сармагчин шиг хөдөлжээ.
Мөн хоёр багийн фанатуудын хооронд багахан хэрүүл маргаан үүссэн гэнэ.
Тоглолтын дараа “Mobi” дээд лигийн зүгээс дүрэм журмын дагуу уг асуудлыг шийдвэрлэнэ гэж мэдэгджээ.
Монголын хөлбөмбөгийн холбооны дүрмийн 36.1-д зааснаар хэн нэгнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нийгмийн гарал байдал, шашин шүтлэгээр нь ялгаварлан гадуурхсан тохиолдолд аливаа этгээдийг зургаагаас багагүй сараар хөлбөмбөгтэй холбоотой үйл ажиллагаанд оролцох эрхийг нь хасах эсвэл 500 мянгаас 5 сая төгрөги хүртэлх хэмжээний төгрөгөөр торгоно гэжээ. Мөн клубийг нь дөрвөөс багагүй тоглолтод үзэгчгүй тоглуулах эсвэл 1-10 сая төгрөг хүртэлх хэмжээний төгрөгөөр торгох аж.
Дэлхийн хөлбөмбөгийн томоохон лигүүдэд тамирчид нэгнийгээ ялгаварлан гадуурхаж, сармагчин шиг хөдлөх, дуу авиа гаргах, гадил шидэх зэрэг тохиолдолд тухайн тамирчин, үзэгч, клубийг хатуу торгодог билээ.
Холбоотой мэдээ