ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков өчигдөр /2022.09.04/ “Москва. Кремль. Путин” нэртэй суртал ухуулгын нэвтрүүлэгт оролцжээ. Хөтлөгч түүнээс Орос улс Украины ерөнхийлөгч Зеленскийтэй хэлэлцээ хийх үү гэж асуусан. Дмитрий Песков хариуд нь “Дайныг зогсоохын тулд Москвагийн болзлыг хэрхэн биелүүлэх тухай хэлэлцээг Зеленскийтэй хийхэд бэлэн” гэжээ. Үүний өмнөхөн Украины ерөнхийлөгч Зеленский Москватай хэлэлцээр хийхгүй гэж мэдэгдсэн байсан тул энэ асуултыг асуужээ.
Түүнчлэн Оросуудад виз олгох эсэх талаар Европын холбооноос гарах шийдвэрийг Москва анхааралтай ажиглаж байна гэж Дмитрий Песков хэллээ. Хэрвээ хязгаарлалт тогтоовол Москва хариу арга хэмжээ авна гэв.
Владимир Путин өнөөдөр Камчаткад айлчилж байна. Тэрбээр ОХУ-ын баруун хязгаар Калининградад айлчилсныхаа дараа ийнхүү зүүн хязгаарыг зорьжээ. Айлчлалын хүрээнд Путин залуучуудын экологийн форумд оролцох аж.
Дашрамд дурдахад, Дорнын эдийн засгийн долдугаар чуулга уулзалт ОХУ-ын Владивосток хотноо өнөөдрөөс эхлээд есдүгээр сарын 8-ны хооронд үргэлжлэнэ. Уг чуулганд Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Мьянмарын ерөнхий командлагч Мин Аун Хлаинг, Арменийн ерөнхий сайд Никол Пашинян, Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны дарга Ли Жаньшу нар оролцоно гэж “Tass” агентлаг мэдээлжээ. Түүнчлэн, Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди, Малайзийн ерөнхий сайд Исмайл Сабри Яаакоб нар цахимаар уулзалтад оролцох юм байна.
Эх сурвалж: PRAVDA, TASS
Холбоотой мэдээ