УИХ дахь АН-ын бүлгийн Ажлын албаны зөвлөх, Эдийн засгийн ухааны доктор (PhD) Р.Даваадоржтой ярилцлаа.
-Цар тахал, дайны нөлөөнөөс эхлээд гадаад, дотоод олон хүчин зүйлтэй холбоотойгоор улсын эдийн засаг “сэхээ”-нд байна. Эдийн засгийн дархлааг унагаж буй гол хүчин зүйл юу вэ. Эндээс хоёулаа ярилцаж эхлэх үү?
-Дэлхий нийт эдийн засгийн нэн хүнд үеийг туулж байна. Дэлхийн эдийн засгийг тодорхойлогч АНУ болон Европын Холбоо, Азийн томоохон эдийн засагтай улсууд багагүй хүндрэлийн өмнө ирсэн. Ойрын хоёр жилд эдийн засаг уналтад орох магадлалтай гэдэгт маш олон судлаач санал нэг байна. Төсөв санхүү болон мөнгө, зээлийн гэсэн хоёр том бодлого тодорхойлогчид ч энэ зүгт анхаарлаа хандуулаад эхэлчихлээ. Өнгөрсөн хоёр жил дэлхий нийтээрээ "covid"-той тэмцсэн. Дэлхий нийтийг хамарсан covid-19-ийн цар тахал сүүлийн хоёр жилийн хугацаанд улс орнуудын эрүүл мэндийн салбар, нийгэм, эдийн засаг, төсөвт томоохон сорилт болсон. Иймээс төсвийн маш олон хөнгөлөлттэй арга хэмжээ хэрэгжүүлж, төсвийн алдагдал болон өр нэмэгдсэн. Өнгөрсөн жил Калифорнийн Их сургуулийн профессор Пьер-Оливье Гуранчесийн ахалсан эрдэмтэн, судлаачдын баг дэлхийн улс орнууд хямралын эсрэг авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн үр дүн, цаашид дэлхийн эдийн засагт үзүүлэх нөлөөллийн талаар хийсэн судалгааныхаа тайланг танилцуулсан.
-Та тус тайлангаас анхаарал татсаныг нь онцлохгүй юу?
-Дэлхийн улс орнуудын нийт ДНБ болон гадаад худалдааны 90 орчим хувь оногддог 64 улсын өгөгдөл дээр ажиллаж, судалгаа хийсэн учраас бодитой дүгнэлт гарсан гэдэгт эргэлзэх хэрэггүй. Судлаачид нэлээд сонирхолтой дүгнэлт хийсэн байна. 2020 онд дэлхийн эдийн засаг -3.6 хувиар буурсан. Засгийн газрууд ойролцоогоор ДНБ-ийхээ 11 хувиар хэмжигдэх санхүүжилтийг цар тахлын эсрэг зарцуулжээ. Гэвч нэг ам.долларын дэмжлэг эдийн засгийн гарцыг дөнгөж 6-7 центээр дэмжсэн байх юм.
Цар тахлын сөрөг нөлөөллөөс иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор олгосон бэлэн мөнгө, зээл, татварын хөнгөлөлт болон бусад арга хэмжээнүүдийг багцлан тооцож үзвэл хөгжингүй орнууд ДНБ-ийхээ 16.6 хувь, хөгжиж буй улсууд 5.9 хувийг зарцуулжээ.
Энэ дүнг дундчилбал 11.3 хувь болно. Харамсалтай нь, төрөөс олгосон дээрх санхүүжилтийн бараг 40 орчим хувийг санхүүгийн боломжтой компаниуд авсан гэх дүгнэлт ч багагүй анхаарал татаж байгаа юм. Энэ нь өнөөгийн нийтийг хамарсан хямралын суурь шалтгаан.
-Хэрэв мөнгөний бодлого тал руу хазайвал?
-Холбооны нөөцийн сангийн тэргүүн Жером Пауэлл инфляцийг тэргүүн зэргийн зорилтоо гэж үзлээ. Өмнө нь тэрбээр эдийн засаг хямрахгүй, нийлүүлэлтийн гаралтай инфляцийг шийдвэрлэх аваас эдийн засагт ямар нэгэн хямрал үүсэхгүй гэсэн хатуу байр суурьтай байсан. Гэвч энэ бодлогоосоо ухарч, эдийн засгийн уналт болох магадлал байгаа талаар ам нээсэн. Европын Төв банкны тэргүүн Кристин Лагардын хувьд Жером Пауэллаас ч илүү их шүүмжлэл, санал зөвлөмж очиж байх шиг байна. Европын Холбооны цаашдын төлөв байдал хүнд байгаа тул бодлогын хүүгээ удахгүй өсгөж таарна. Энэ нь холбооны улс бүрт харилцан өөр өөр нөлөө үзүүлэх болов уу. Орос, Украины дайнаас үүдэлтэй эрчим хүчний хямрал эхэлсэн. 1000 куб.м байгалийн хий удахгүй 4000 ам.долларт хүрнэ гэсэн таамаглал байна. Хэрэв та бүхэн анзаарч байгаа бол еврогийн ханш ам.доллараас доош орчихоод байна.
"ШИНЭ ЗАСГИЙН ГАЗРЫН БҮРЭЛДЭХҮҮНД ГОЛДУУ БИЙЛЭГЖҮҮ УЛСУУД ОРСОН ХАРАГДАНА"
-Бидний өмнө инфляци, валютын ханш гээд олон сорилт тулгарч байна. Мөнгө ховордлоо. Эдийн засгийн өсөлт хангалттай түвшинд хүрээгүй ийм байдал хэр удаан үргэлжлэх бол. Эдийн засгийн цаашдын төлөв ямар байх төсөөлөлтэй байна вэ?
-Харин Монгол Улсад юу болов. 2020 оны дөрөвдүгээр сарын эхээр авч хэрэгжүүлсэн 5 их наядын хөтөлбөрт аж ахуйн нэгж, компаниудыг НДШ (нийгмийн даатгалын шимтгэл)-ээс чөлөөлөх, ажилтан, албан хаагчдын цалин, хөлсөд ХХОАТ (хувь хүний орлогын албан татвар) ногдуулахгүй байх, ноолуурын зээл олгох, 2020 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс бензин, шатахууныг литр тутамд нь 300, түүнээс дээш төгрөгөөр бууруулах зэрэг долоон арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөснөө танилцуулсан. Эндээс хямралд яг ямар аж ахуйн нэгж өртөж байгааг огт тооцоогүй болох нь анзаарагдана.
Үүний нэг жишээ нь, 2020 оны сонгуулийн өмнөхөн ноолуур кг тутамд 20 мянга байхаар тооцоолж, тэрбум тэрбумаар мөнгө тараасан явдал юм. Үүнийг лавтай “Covid-той тэмцэж байгаа арга хэмжээ” гэж хэлж боломгүй.
Бусад улсын хувьд эдийн засгийнхаа гол салбар төдийгүй олон ажлын байр шингээдэг салбар руугаа чиглэсэн оновчтой арга хэмжээ авч тэр нь үр дүнгээ өгсөн байх юм. Манай улсын хувьд хэрэгтэй салбар руу чиглэсэн бус, харин хоёр сонгуульд зориулж, нийт сонгогчийн санал авах зориулалттай гэж болохуйц хэд хэдэн арга хэмжээ авсан. Эдийн засгийнхаа голлох ямар салбарыг онцлох, ажлын байр олноор бүрдүүлдэг ямар салбарыг дэмжвэл тахлын аюулын хэмжээ бага байж болох талаар дорвитой тооцоо судалгаа хийгээгүй нь өнөөдөр ил харагдана. Уг нь тахлаа хазаарлачихсан, коксжих нүүрсний үнэ түүхэнд байгаагүй өндөр буй энэ цаг үеийг ашиглаж чадсан бол эдийн засгаа хоёр дахин тэлэх алтан боломжоо алдахгүй байх байсан юм. Энэ бүхний төлөөсөнд манай улсын эдийн засаг элгээрээ хэвтчихээд байна.
-Засгийн газар бүтэц, бүрэлдэхүүндээ өөрчлөлт орууллаа. Эрх баригчид Үндсэн хуульд гар дүрж, “хором”-ын дотор хүссэн шийдвэрээ гаргаж даажигнахыг бид хүлцэнгүйгээр харсан. Хэмнэлт, хэмнэлт гэж ярьдаг Засгийн газрын бүтэц данхайлаа. Та энэ удаагийн томилгооны талаар юу хэлэх вэ?
-Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард батлагдсан 2022 оны төсөвтөө он гараад хоёр удаа өөрчлөлт хийчхээд байна. Энэ нь төсвийн бодлого тооцоо, судалгаа огт байхгүй байгаагийн бодит жишээ. Төсвийн хэмнэлт гэж иргэдийн толгой угаахаас цаашгүй юм болсныг би хэдэн тоогоор хэлье. Өргөн барьсан төсвийн үндсэн үзүүлэлтүүдийн нэг болох төсвийн урсгал зардал ердөө 39.1 тэрбум төгрөг хэмнэгдэх тооцоо хийжээ.
Төсвийн хөрөнгө оруулалтын хувьд хоёр тодотголын нийлбэр дүнгээр 516.9 тэрбум төгрөгийн арга хэмжээ хасагдсан боловч төсөл арга хэмжээний нийт өртөг 6 их наяд 292.7 тэрбум төгрөгөөс зургаан их наяд 90.4 тэрбум төгрөг болж, ердөө 200 тэрбум төгрөгийн өөрчлөлт оржээ.
Төсвийн тэнцвэржүүлсэн орлого 245.3 тэрбум төгрөгөөр буурч, 15.5 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага ч энэ хэмжээнд буурч, 17.9 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт алдагдлын хэмжээ 2.4 их наяд төгрөг буюу өмнө батлагдсан түвшиндээ хэвээр байхаар сүүлийн тодотголоор батлагджээ. Эндээс харвал дорвитой өөрчлөлт орсонгүй. Ер нь Монголд төсвийн шинэчлэл хийх цаг аль хэдийнэ болсон. Татвар төлөгчдийн мөнгөөр найрладаг байдал хэрээсээ хэтэрсэн. Шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнийг харвал голдуу бийлэгжүү улсууд орсон харагдана. Хийх ёстой ажлаа ч зөв тодорхойлж чадахгүй байгааг сэтгүүлчдийн асуултад хариулж буй шинэ сайд нарынх нь байдлаас анзаарсан. Ирэх 2024 оны сонгуульд, УИХ-д л гол анхаарлаа чиглүүлж дээ гэж би харлаа.
-Засгийн газар мөнгөний хатуу бодлого барих төлөвлөгөөтэй байгаагаа танилцуулсан. Үүний сөрөг болон эерэг нөлөөллийн талаар таны бодлыг сонсъё. Мөнгө хумих бодлого эдийн засгийн өсөлт хумигдах гол нөхцөл болох биш үү?
-Мөнгөний бодлого бол Засгийн газарт огт хамаагүй асуудал. Мөнгөний бодлого бие даасан, Засгийн газраас хараат бус байдаг юм. Хуулиндаа ч ийм заалттай. Дэлхийн улс орнуудад ч яг ийм байдлаар мөнгөний бодлого хэрэгждэг. Шинэ Засгийн газрын шийдвэрлэх ёстой асуудал тэс өөр юм. Төсөв, сангийн бодлогын уялдааг хангаж, их наядаар хэмжигдэх хөтөлбөрүүдээ хумьж, ажлын байр болон иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, бизнесийг идэвхжүүлэх, инфляцийг дунд хугацааны зорилтот түвшинд тогтворжуулах, өрийн дарамтыг бууруулахад чиглэсэн төсвийн реформ хийх, нийгмийн халамжийг хумьж, зорилтот бүлгүүдэд чиглүүлэх, худалдааны болон тээвэрлэлтийн өртөг зардлыг бууруулах, гадаадын хөрөнгө оруулалтыг татах зэрэг бодлогын олон асуудал бий л дээ, уул нь. Ийм зүйл ярьж буй ширхэг ч сайд харагдсангүй.
"ИНФЛЯЦИЙН ҮНДСЭН ШАЛТГААН НЬ ЗАСГИЙН ГАЗРЫН ТООЦОО СУДАЛГААГҮЙ ХЭРЭГЖҮҮЛСЭН 5, 10 ИХ НАЯДЫН ХӨТӨЛБӨР"
-2023 оны төсвийг удахгүй чуулганаар батална. Төсөв батлахдаа гол анхаарах зүйлсийн талаар юу хэлэх вэ?
-Нэн хүнд байх болно. Төсвийн зарлагаа хазаарлаж, төсвийн алдагдлаа маш бага хэмжээнд аваачих, хөрөнгө оруулалтын бодлогодоо эрс шинэчлэл хийх гээд тоочвол олон асуудал бий. “Илжигний чихэнд алт хийсэн ч сэгсэрнэ, ус хийсэн ч сэгсэрнэ” гэдэг үг бий. Нийт сонгогчдын 40 орчим хувь, санал өгөх учиртай иргэдийн 20 орчим хувиар Засгийн газраа 100 хувь бүрдүүлсэн намын чих хатуурсан учраас энэ талаар олон зүйл яримааргүй байна. Хангалттай хэлж сануулж байсан.
2023 болон 2024 оны төсвүүд ирэх сонгуульд чиглэгдсэн үрэлгэн, хариуцлагагүй төсвүүд орж ирнэ. Учир нь өнгөрсөн 10 жилд яг ийм байсан. Аль нам төр барьж байхаас үл шалтгаалаад шүү.
-Монголд дундаж давхарга бараг байхгүй болох нь. Иргэдийн дийлэнх нь зээлээс зээлийн хооронд, хойд хормойгоороо урд хормойгоо нөхөж амьдарч байна. Гадныхан шоолох нь ч аргагүй юм. Залуус эх орноосоо дайжиж байна. Энэ бүхэн төр засаг, эрх баригчдын бодлого, шийдвэр “бай”-гаа онохгүй байгаагийн илрэл гэж шүүмжлэх хүн олон бий. Асуудлын гол тэдэнд байна уу?
-Энэ оны долоон сарын байдлаар инфляци 15.9 хувь байгаа нь Ази тивдээ Шри-Ланк, Иран улсуудын дараа бичигдэх өндөр үзүүлэлт. Төлбөрийн тэнцэл 2022 оны эхний хагас жилд 1.1 тэрбум ам.долларын алдагдалтай гарсан. Он гарсаар гадаад валютын нөөц 1.2 тэрбум ам.доллароор буурчээ. Валют дутагдахад дотоод санхүүжилт өсдөг. Инфляци өндөр байгаа нь дундаж давхаргын хэрэглээ буурч, ядуусын эгнээг тэлэх нэгэн шалтгаан боллоо. Инфляци ийм өндөр байхад эдийн засагт өсөлт ирэхгүй. Үнийн өсөлт богино хугацааных биш, дунд хугацаанд үргэлжлэх төлөвтэй байна. Энэ жил үнийн өсөлт үргэлжлэх төлөвтэй байгааг Азийн Хөгжлийн банк анхааруулсан. Ийнхүү нэн ядуу иргэдийн тоо нэг сая давж, цаашид өсөх хандлагатай боллоо. Үүнийг өрхийн статистик үзүүлэлтээс ч харж болно. Нэг өрхийн сарын дундаж орлогын хэмжээ 2022 оны хоёрдугаар улиралд 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.2 (0.2%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 60.2 (5.0%) мянган төгрөгөөр буурсан статистик саяхан гарсан байна лээ.
Эрх баригчид инфляци хоёр оронтой тоонд хүрээд байгаа үндсэн шалтгаанаа зөв “оношилж” чадахгүй байна.
Эдийн засагчид үнийн өсөлтийг Засгийн газрын үйл ажиллагаанаас шууд хамааралтай гэж үздэг тул “Засгийн газрын үл үзэгдэх татвар” гэж тодорхойлдог. Инфляцийн үндсэн шалтгаан нь Засгийн газрын тооцоо судалгаагүй хэрэгжүүлсэн 5 болон 10 их наядын хөтөлбөр. Буруу бодлогынх нь үр дагавар ийнхүү инфляци буюу үнийн өсөлтөөр дамжин илэрч байгаа юм. Жижиг зах зээлд хиймлээр буюу зах зээлийн харилцаанаас гадуур олон их наядаар хэмжигдэх мөнгө цутгах нь эдийн засгаа унагадаг. Энэ бодлогын эхний хохирогчид нь бага, дунд орлоготой иргэд, тэтгэврийн орлоготой ахмадууд боллоо.
-Яагаад монгол төрийн бодлого чамбайрч, монгол хүн хөгжиж, дэвжиж болдоггүй юм бол. Үүнд хоёр хөршийн нөлөө бий гэж харддаг хүмүүс байдаг. Та энэ талаарх бодлоосоо хуваалцахгүй юу?
-Олон шалтгаан бий. Үүний дотор мэдээж гадаад шалтгаан байгааг хоёр хөрштэй холбон тайлбарлах нь бий. Миний бодлоор хамгийн том шалтгаан нь дотоодын улстөржилт гэж хардаг.
"ИРГЭД НЬ ЯДУУ, ЭРХ БАРИГЧИД НЬ УЛАМ Л БАЯН БАЙХ БОЛНО"
-Гадаадын хөрөнгө оруулалт бол Монголын эдийн засгийг дархлаажуулах вакцинуудын нэг. Оюутолгой шиг 3-4 том төслийг яаралтай эхлүүлэх хэрэгтэй гэдэг. Өмнө нь хөрөнгө оруулагчдыг зугтахад хүргэсэн олон шийдвэрийг улстөрчид гаргаж байв. Одоо бид гадаадын хөрөнгө оруулалт татахын тулд юуг анхаарах ёстой вэ?
-Эрх баригчдад гадаадын хөрөнгө оруулалтын талаар лекц уншиж өгөх ёстой. Тэтгэврийн хэмжээг нэмэхийн тулд төр нь гаднын хөрөнгө оруулагч руу дайрснаа элдэв үзэл суртлаар чимэглээд, иргэдээ молигодож болох ч гадаадын хөрөнгө оруулагчдыг бол чадахгүй юм. Тэтгэвэр нэмэгдэх сургаар өргөн хэрэглээний барааны үнэ өсч, харин Монголыг анхаарч байсан олон хөрөнгө оруулагч зугтсан байж таарна. Төсвийн бодлого өнөөгийнх шиг ийм үрэлгэн байгаа нөхцөлд хэдэн ч Оюутолгой нээгээд нэмэргүй. Иргэд нь ядуу, эрх баригчид нь улам л баян байх болно.
-Өнөөдрийн хувьд бидний авралын ганц гарц нүүрс л байна. Нүүрсний экспорт нэмэгдэхгүй бол стагфляци, дефолтын эрсдэл ойрхон бийг эдийн засагчид анхааруулж буй. Ямар тохируулга хийх шаардлагатай гэж та бодож байна вэ?
-Эрх баригчид эдийн засаг агшсан шалтгааныг зөвхөн цар тахал руу зааж, улс орон бүр ийм хүнд байдалтай байгаа мэтээр ойлгуулахыг хичээж байна. Энэ бол ташаа мэдээлэл юм. Цар тахлын хүнд үед эдийн засгаа өсгөж чадсан улс олон бий. Жишээ нь, Ирландын эдийн засаг 2021 онд 13 хувиар, Чили 11 хувь, Перу 10 хувь, Хятад 8 хувь өсөлттэй байна. Энэ жагсаалтыг цааш нь ч үргэлжлүүлж болно. Өмнөд Америкийн хоёр улсыг онцолсон нь учиртай. Тэд манай улстай ижил зэс экспортлогчид бөгөөд тив дамнан зэсийн экспортоо хийж, эдийн засгаа өсгөж чаджээ.
Нүүрсний хувьд ч ялгаагүй, супер циклийг манай улс огт ашиглаж чадсангүй.
Коксжих нүүрсний үнэ өмнөд хөршид 600 ам.доллар давсан ч төрийн өмчит компаниуд хэд дахин хямдаар борлуулалт хийсэн. Нүүрсний 2019 оны экспортыг 2021 онтой харьцуулахад 125 хувиар буурчээ. Гэтэл өнгөрсөн жил ОХУ-ын хувьд Хятад улсад хийсэн нүүрсний экспортоо 60 хувиар нэмэгдүүлсэн байна. Хамгийн урт хуурай замаар хиллэж, 13 боомтоор холбогддог атлаа хөршийнхөө хаяанд байгаа түүхий эдээ экспортолж чадахгүйд хүрч, эдийн засгаа тэлэх нэн таатай боломжийг харамсалтайгаар алджээ.
-Олон Улсын эрчим хүчний агентлаг “Хятад улс 2040 оноос коксжих нүүрс импортлохоо зогсооно” гэсэн төсөөлөл гаргажээ. Үүнтэй холбогдуулаад 2040 оноос экспортын орлого гацаж, гадаад валютын нөөц огцом багасч, ДНБ-ий өсөлт уруудаж эхлэх эрсдэл бий. Бид ямар стратеги боловсруулбал цааш удаан “амьдрах” боломжтой вэ?
-ОХУ-Украины хямралт байдлаас шалтгаалж эрчим хүчний хямралт байдал дэлхийд нүүрлэсэн. Европ эрчим хүчний уламжлалт аргаа дахин хэрэглэхээс аргагүй болж байх шиг байна. Герман, Польш зэрэг олон орон нүүрсээ олборлоод эхэлжээ. Энэ жил хэт халуун байгаа учраас Рейн мөрнөөр нүүрсээ тээж чадахгүй сандарч байх шиг байна. Хятадад хэт халсны улмаас мөн л эрчим хүчний хязгаарлалт хийсэн. Өөрөөр хэлбэл, нүүрсний хэрэглээ эргээд өссөн. Гэвч энэ байдал хэдий хугацаанд үргэлжлэхийг хэн ч төсөөлшгүй. Ер нь манай өмнөд хөрш жилд 60-70 сая коксжих нүүрс импортоор авдаг. Гэхдээ үнийн дүнг уян хатан байлгахын тулд нэг улсаас дийлэнх нүүрсээ авдаггүй. Манайх боомтоо янзлаад, хэдэн зуун сая тн нүүрс гаргаад, эдийн засгаа босгох юм яриад байгаа нь нөгөө л тооцоо судалгаагүй, сэтгэлийн хөдөлгөөнөөр аливаа асуудалд ханддагийн нэг бодит жишээ. Нүүрсний үнэ ханш өссөнийг улс орнууд төдийгүй хувь хүмүүс ч сайн ашиглаж байна. Жишээ нь, Энэтхэгийн нүүрсний тэрбумтан Гаутам Адани дэлхийн 3 дахь баян боллоо. Тэрбээр ердөө нэг сарын дотор Францын Бернар Арно-г (CEO Louis Vuitton) гүйцэв. Энэ оны хоёрдугаар сард 88 тэрбум ам.доллар байсан түүний хөрөнгө өдгөө 137 тэрбум ам.доллар болсон талаар саяхан мэдээлсэн.
-Ирэх жилүүдэд бондын төлбөрүүд төлөгдөх хуваарьтай. “Өрөө төлж чадахгүй бол яана” гэсэн айдас байна. Засаг мөнгөгүй байдаг, яах бол? Манай улсын гадаад өрийн хэмжээ 33.9 тэрбум болж өссөн. АХБ-наас хамгийн сүүлд 100 сая ам.долларын зээл олгох шийдвэр гаргаснаа танилцуулсан. Бид зээл аваад л байдаг. Иргэдийн амьдрал дээшилдэггүй. Өр төлбөрөөс гарах өөр ямар гарц байж болох вэ?
-Эрх баригч хүчний хамгийн анхаарах ёстой бодлого бол өрийн асуудал мөн гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын индэр дээрээс анхааруулж хэлсэн. Тэрбээр “Тооцоо судалгаагүй, ойрын хараатай, 2024 он хүртэл аргацаасан ийм өрийн удирдлагын бодлого хожим 2030 он гэхэд та бид Монголоос хөөгдөж, Монголдоо амьдарч чадахгүй болох “Цасан бөмбөг”-ний онолоор явж байна шүү. Бондыг бондоор, өрийг өрөөр төлж явсаар өрийн хэмжээ нэмэгдэж байна. 2011 онд манай нийт өр 9.6 тэрбум ам.доллар байсан. Одоо 33 тэрбумд хүрлээ. Улсын өр, компанийн өр гэж ялгаад байдаг юм. Эцсийн дүндээ Монгол Улсаас л валют гарна шүү дээ. Тооцоолол хүртэл олон улсын аргачлалаар явах ёстой” гэж маш зөв дүгнэлт хийсэн.
Миний хувьд сүүлийн зургаан жил гадаад өр нэмэгдэж байгаа талаар санаа зовнин, арав гаруй нийтлэл бичиж, төсөв батлагдах үеэр сөрөг хүчнээс уншдаг дүгнэлтэд оруулж, нийтийн анхааралд энэ асуудлыг аваачих гэж хэрэндээ хичээсэн маань үр дүнгээ өгсөн гэж үзэж байна. Монгол Улсын өрийг тэр энэ намын үед тавигдсан гэж улстөржих нь нэн өрөөсгөл асуудал.
Чингис бондын өр 1.5 тэрбум ам.долларыг тойруулж хангалттай олон жил улстөржлөө. Гэвч энэ бондоор асар их бүтээн байгуулалт хийж, ажлын байрыг хадгалж, иргэдийн орлогыг бууруулалгүй хямралыг давж гарч ирснийг ердөө ярьдаггүй.
Сүүлийн зургаан жилд 10 гаруй тэрбум ам.долларын өр нэмэгдсэн. Юу бүтээв? Хэн ч хэлж чадахгүй. Ямар Дарханы 200 км замыг хуу татсан гэлтэй биш дээ. Үнэхээр УИХ-ын даргын хэлсэн шиг сүүлийн жилүүдэд өрийн удирдлага тооцоо судалгаагүй, ойрын хараатай, өнөө маргаашаа аргацаасан, улстөржсөн асуудал болж хувирчээ. Ирэх жилд “Гэрэгэ” бондын 540 сая, “Самурай” бондын 300 сая, Хөгжлийн банкны 500 сая ам.долларын бондын өр төлөх хуваарьтай. Энэ бол жижиг эдийн засагтай манай орны хувьд ахадсан тоо. Ойрын 10 жилд манай улс өрийн дарамтаас гарах ганц ажил хийнэ. Юун 30 тэрбум ам.доллар босгож “Шинэ сэргэлтийн бодлого” хэрэгжүүлэх. Хаана байна тэр их хөрөнгө? Гаднын хөрөнгө оруулагчид өрийн хавханд шигдсэн улсад хөрөнгө оруулна гэж байхгүй. Засаг төр нь ядахдаа бодитоор нүдээ нээх учиртай юм. Хичнээн жил иргэдээ хуурч явах вэ дээ.
Холбоотой мэдээ