Д.Амарбаясгалангийн "орлогч"-ииг тохироогүй байна

Хуучирсан мэдээ: 2022.09.05-нд нийтлэгдсэн

Д.Амарбаясгалангийн "орлогч"-ииг тохироогүй байна

Д.Амарбаясгалангийн "орлогч"-ииг тохироогүй байна

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар томилогдож, ажилдаа орсон. Тиймээс МАН дотор дараагийн генсекийн албан тушаалд хэнийг томилох вэ гэдэг марафон эхлээд буй. Улс төрийн хувьд эрх барьж буй МАН-ын дараагийн генсек нь Засгийн газартайгаа нягт ажиллаж, Д.Амарбаясгалан, намын дарга Л.Оюун-Эрдэнэ нарын хүн байх уу эсвэл Ерөнхийлөгчийн хүн байх уу гэдэг тохироо үргэлжилсээр байна.  Түүнээс гадна дараагийн генсек намаа удирдах, намын зохион байгуулалтыг толгойлох чухал албан тушаал. Тиймээс ч энэ марафонд хэн эрх мэдэлтэй нь өөрийн хүнээ томилно.

Шинээр сонгогдох генсек ирэх 2024 оны сонгууль хүртэл намын гал тогоог хариуцахаас гадна 2024 оны сонгуульд намаа бэлтгэх чухал үүрэгтэй.

Одоогоор МАН-ын дараагийн генсекээр намын дарга Л.Оюун-Эрдэнэ өөрийн хүнээ томилох сонирхол маш өндөр. Нэгэнт Д.Амарбаясгалан нь Засгийн газарт ороод ирсэн учраас тэдний хоёулантай нь гар нийлэн ажиллах, нөгөө талдаа эрх барьж байгаа том намын гал тогоог хаших хүн нь шийдэмгий, зоригтой, намын гишүүд нь үгэнд ордог байх гээд олон шаардлага тавигдана.

МАН-ын одоогийн хүчин төгөлдөр, Улсын дээд шүүхэд бүртгэгдсэн дүрмийн дагуу МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нь өөр албан тушаал давхар хашихгүй байх зохицуулалттай.

300 гаруй Бага хурлын гишүүд нь дараагийн генсекээ томилох эрхтэй.

МАН-ын дүрэм 29 дүгээр зүйл

  • 29.2. Ерөнхий нарийн бичгийн дарга орон тооны байх бөгөөд өөр ажил, албан тушаал эрхлэхийг хориглоно.

Тиймээс Д.Амарбаясгалангийн дараагийн хүнийг МАН-ын Бага хурал томилох ёстой. Өөрөөр хэлбэл, МАН-ын Бага хурал хуралдаж, Д.Амарбаясгаланг чөлөөлж, дараагийн хүнийг нь томилно. Одоогоор энэ албан тушаалд томилогдох хүн нь тодорхой бус байгаа учраас МАН-ын Бага хурал хэсэг хугацаанд “зарлагдахгүй” гэх мэдээлэл  ч улс төрийн хүрээнд өрнөж эхэлжээ.

Албан бус мэдээллээр энэ удаагийн генсекийн томилгоонд Ерөнхийлөгч “оролцох” хүсэлтэй байгаа гэх.

Түүний хувьд одоогийн Үндэсний аюулгүйн зөвлөлийн дарга Ж.Энхбаяр, Тамгын газрын дарга Я.Содбаатар нарыг зүтгүүлж байгаа сурагтай. Харин намын дарга Л.Оюун-Эрдэнийн хувьд залуу, шийдэмгийн хүн томилох саналтай байгаагаа илэрхийлээд байгаа аж. Энэ хувилбарт Н.Энхбаатар болон хэд хэдэн хувилбар яригдаж байгаа бөгөөд эцэслэн тохироогүй байна.

МАН-ЫН ГЕНСЕК ЯМАР ЭРХТЭЙ ВЭ?

Намын үндсэн дүрмийн дагуу Ерөнхий нарийн бичгийн дарга нь Удирдах зөвлөлийн ажлын албыг толгойлж, өдөр тутмын ажлыг нь удирдах, намын санхүү, аж ахуйг хариуцахаас гадна намын дарга хүндэтгэн үзэх шалтгаанаар үүргээ гүйцэтгэх боломжгүй үед дараагийн дарга томилогдох хүртэл намаа удирдах эрхтэй. Нам дотроо бол тэр хоёр дахь хүн байна гэсэн үг.

МАН-ын дүрэм: 29 дүгээр зүйл. Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга

  • 29.1. Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ.
  • 29.1.1. Удирдах Зөвлөлийн хуралдааны бэлтгэлийг хангах, гарсан шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах.
  • 29.1.2. Удирдах Зөвлөлийн хэрэг эрхлэх газар /ажлын алба/-ыг толгойлж, өдөр тутмынх нь ажлыг удирдах.
  • 29.1.3. Намын санхүү, аж ахуйг эрхлэн хөтлөх, батлагдсан төсвийг захиран зарцуулах.
  • 29.1.4. Намын архив, цахим архив, албан хэрэг хөтлөлтийг зохих хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах.
  • 29.1.5. Монгол Ардын Намын дарга хүндэтгэн үзэх шалтгаанаар албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд түүнийг шинээр сонгох хүртэл бүрэн эрхийг нь хэрэгжүүлэх.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж