Гарц, шийдэл олддоггүй түгжигдсэн ТҮГЖРЭЛ

Хуучирсан мэдээ: 2022.09.05-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Гарц, шийдэл олддоггүй түгжигдсэн ТҮГЖРЭЛ

Гарц, шийдэл олддоггүй түгжигдсэн ТҮГЖРЭЛ

Түгжрэл… одоо ч нийслэлчүүдэд энэ үг амны уншлага, асуудлын эхлэл болжээ. Хүн амын тал хувь нь амьдардаг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот өдгөө түгжрэлийн оргил үе буюу “тэг” зогсдог үе нь. Жил бүрийн намар нь хичээл, сургууль эхлэхтэй зэрэгцэн нийслэлчүүд зам дээр гацдаг энэ байдал сүүлийн 20 жил үргэлжилж байна. Хүн амын тоо өсөхийн тоогоор машины тоо ч өсч ийн зам дээрээ явах бус зогсдог, энэ асуудалдаа шийдэл олсонгүй өнөөдрийг хүрэв. Хотын дарга бүрийн амлан авдаг гол ажил нь түгжрэл боловч шийдсэн, шийдэл олсон нэг ч зохицуулалт өнөөдөр алга.

Энэ жил гэхэд түгжрэлд зориулж улсын төсвөөс 420 тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэ мөнгөөр 117 тэрбумаар нь зам өргөтгөх, 196,5 тэрбумаар газар чөлөөлөх, төлбөртэй зогсоолд 13,8 тэрбум, 30 тэрбумаар уулзваруудын нэвтрэх чадамжийг сайжруулах, 43,2 тэрбумаар ухаалаг тээврийн систем нэвтрүүлэх, нийтийн тээвэрт парк шинэчлэл хийх, 130 тэрбумаар гүүрэн тулгуурт байгууламж бүхий нийтийн тээврийг нэвтрүүлэх, 30 тэрбумаар Богдхан төмөр замын төслийн газар чөлөөлөлт хийхээр төлөвлөөд буй.

Түгжрэлийг бууруулах олон арга, санаачлага өнгөрсөн хугацаанд гарч байсан ч өнөөдрийг хүртэл дорвитой шийдвэр олж чадаагүй, хийгээгүй учраас тэгш, сондгой гэсэн түр аргацаасан шийдвэрээс хэтэрч чадахгүй байна, Хотын дарга. Угтаа бол 2016 оноос хойш эрх баригч МАН хотод үнэмлэхүй ялалт байгуулсан учраас тэд нийслэлийг удирдаж буй. Анх 2016 оны сонгуульд үнэмлэхүй ялсан МАН Су.Батболдыг Хотын даргаар томилж байв. Түүний дараа С.Амарсайхан, одоо Д.Сумъяабазар. Үндсэндээ сүүлийн зургаан жилийн хугацаанд эрх баригч МАН хотыг удирдаж, нийслэлчүүдийн асуудлыг шийдэж, түгжрэлтэй зууралдаж байгаа ч өнөөдөр ч тэдэнд шийдэл, гарц байхгүй байгаа нь олон хүнийг шүүмжлэлийг дагуулахад хүргэж буй.

С.Батболдын үед буюу зургааны жилийн өмнө Хотын удирдлагууд түгжрэл үүсч буй шалтгаан нь сдантартын шаардлага хангасан автомашины зогсоол байхгүйтэй холбож тайлбарлаж байв. Тиймээс ч 70 орчим байршилд автозогсоол барих ажлыг эхлүүлж байв. Мөн эмнэлгийн гаднах зогсоолуудыг тохижуулж, 4 давхар 400 автомашины дулаан зогсоол барих шийдвэрүүд гаргаж байв. Эрх баригчид хоорондоо толхилцож, нэг бүлэг нь нөгөө бүлгээ унагаж, Засгийн газар, Хотын удирдлагыг гартаа авч байв. Харин тэр үед Хотын даргаар С.Амарсайхан /Одоогийн Шадар сайд/ томилогдож байв. Хамгийн хоржоонтой хэрнээ шийдэл гарч олж чадаагүй түгжрэл бууруулах санаануудыг Хотын дарга асан С.Амарсайхан гаргаж байв. Зам дээрээ түгжирдэг нийслэлчүүдийг агаарт гаргах санаачлагыг тэр гаргаж, “Агаарын дүүжин тээвэр”-тэй болох санаачлагыг тэр эхлүүлсэн. Ингэхдээ “Агаарын дүүжин тээвэр” байгуулах компани хүртэл байгуулж, төсвөөс маш өндөр зардал гаргасан ч өнөөдөр ч нийслэлчүүд газартаа түгжирсээр. Сонирхолтой нь агаарын зам ярьсан С.Амарсайханы олсон төгс шийдэл нь улсын дугаарыг тэгш сондгойгоор зорчуулах байв.

Өнөөдөр ч хэрэглээд буй улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчих шийдвэрийг анх 2019 оны намар буюу одоогоос дөрвөн жилийн өмнө санаачилж, хэрэгжүүлж байв. Машины тоо нь хэтэрсэн, гарц шийдэл байхгүй учраас ийн тэгш, сондгойгоор зорчуулах аргацаасан арга хэрэглэсээр тэд өнөөдөртэй золгож байна.

2020 оны сонгуулийн дараа мөн л хотод МАН ялалт байгуулж, Хотын дарга болох хүн олдохгүй Д.Сумъяабазар УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэж, түгжрэлийг амлан авсан дараагийн дарга болов. Тэр томилогдож, түгжрэлийг амлан авснаас хойш хэдий хоёр жилийн хугацаа өнгөрчээ. Өнгөрсөн хугацаанд түгжрэл бас л буураагүй, тэгш, сондгойгоор зорчих аргацаасан шийдвэртэйгээ л байгааг өнгөрсөн долоо хоногийн турш нийслэлчүүд хэрэгжүүлэв. Мэдээж олон жилийн асуудал, олон хүчин зүйлээс шалтгаалах түгжрэлийн асуудлыг нэг өдөр шийдэхгүй. Гэхдээ МАН эрх барьсан зургаан жилийн хугацаанд түгжрэл нэрээр “баяжсан” нь олон, асуудлыг шийдэж чадалгүй ажлаа өгсөн нь олон болохоос асуудлыг богино, дунд, урт хугацаанд нь шийдсэн нэг ч шийдэл өнөөдөр алга.

Хотын түгжрэлийг шийдэхийн тулд захиргаадалтын арга хэрэглэнэ гэдгээ Д.Сумъяабазар дарга ам бардам хэлнэ билээ. Тэгш, сондгойгоор зорчуулахыг цаашид сунгаж магадгүй гэдгээ ч хэлсэн. Үүний тулд хүний эрхэнд халдсан, хүний эрхийг зөрчсөн олон үйлдэл хийнэ гэдгээ ч мөн тодотгов.

Үе үеийн Хотын дарга нар асуудлыг ярьдаг, санаачилдаг, үр дүн нь ямар байгааг бид өнөөдөр харж байна. Өнгөрсөн хугацаанд бид түгжрэлийг шийдэх зорилгоор “Метро, Рейлбус, Тусгай замын автобус (BRT),  яван хүний, дугуйн зам, буруу хүрдтэй машиныг хязгаарлах, тэгш сондгойгоор хязгаарлах, дугаарын хязгаарлалт” гээд олон санаачлага, арга хэрэглэж байгаа ч өнөөдөр ч бид асуудлаа шийдээгүй, олон дарга нар солигдож, гоё санаа гаргахыг л харсаар сууна. Мэдээж, нэгэнт ийм болсон цаг үед аргацаасан шийдвэрээс илүү бодит шийдэл хэрэгтэй. Түүнийг хийхэд хэцүү ч 1,6 сая иргэнийхээ эрхийг нь хязгаарлахгүй, зөв шийдлийг олох ёстой. Үүнийг хийхийн тулд тэд олон сайхан амлалт өгч, албан тушаал хашиж буй.

Эцэст нь онцлоход, зургаан жил Хотыг удирдсан МАН-ынханд 2024 оны сонгуулиас өмнө түгжрэлийг бууруулах гарц, шийдэл олдоно гэдэг юу л бол. Харин тэд түгжрэл бууруулах нэрээр энэ жил 420 тэрбум, ирэх хоёр жилийн хугацаанд 840 тэрбум төгрөгийг улсын төсвөөс авахаар төлөвлөснийг энд тодотгоё.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж