Сургуулийн бүсэд хүүхдэд аюулгүй орчныг бүрдүүлж, суралцагч гэр сургуулийн хооронд үнэ төлбөргүй зорчих ажлын хүрээнд нийслэлд “Сургуулийн автобус” төсөл хэрэгжиж буй. Энэ хүрээнд дөрөв дэх жилдээ сургуулийн автобус үйлчилж эхэллээ. Хүрэлцээ муутай, стандарт шаардлагыг хангаж чаддаггүй ч суралцагчдад нийтийн тээврийн энэхүү үйлчилгээ зайлшгүй шаардлагатай.
Тиймдээ ч хүрэлцээ, чиглэлийг нэмэх тал дээр жил бүр эцэг эхчүүд, багш нар хотын удирдлагуудад саналаа хэлж байгаа.
“Сургуулийн автобус” төслийн хүрээнд 75 хүүхдийн автобусыг оруулж ирэхээр НЗДТГ 2018 онд “Моннис” ХХК-тай гэрээ байгуулсан ба 25 автобус ирсэн, 50 автобус нийлүүлээгүй хүлээгдэж байна. Иймд үлдсэн 50 автобус нийлүүлэх хүртэлх хугацаанд 24 автобусыг 24 чиглэлд өнөөдрөөс буюу есдүгээр сарын 5-наас явуулж эхэллээ. Мөн нэг автобусыг Багахангай дүүрэгт хуваарилсан бөгөөд алслагдсан хорооноос дүүргийн төвийн сургууль руу зорчдог сурагчдыг зөөх аж.
Төвийн дүүргүүдийн тухайд түгжрэлд нөлөө бүхий сургуулийн сурагчдыг автобусаар зөөдөг.
Ингэхдээ ойролцоо байршилтай сургуулийн сурагчдад хамтад нь үйлчилдэг онцлогтой. Жишээлбэл, 84, 21, 111 дүгээр сургууль, 23, 24 дүгээр сургууль, 5, 50 дугаар сургууль, 1, 45 дугаар сургуулийн сурагчдыг хамтад нь хүргэдэг ажээ. Автобусны маршрутыг Нийслэлийн Нийтийн тээврийн газраас баталдаг бөгөөд нийтдээ 56 сургуулийг багтаасан 61 чиглэлийг гаргаад буй аж.
Нийслэлийн хэмжээнд цөөнгүй сургууль өөрийн өмчлөлийн болон түрээсийн автобусаар сурагчдадаа гэр сургуулийн хооронд тээврийн үйлчилгээ үзүүлдэг. Нийтдээ 102 сургуульд 220 “Хүүхдийн автобус” үйлчилдэг. Эдгээр сургуульд нийт 80 гаруй мянган сурагч суралцдаг бөгөөд тэдний 10 гаруй хувь нь хүүхдийн автобусаар үйлчлүүлдэг гэсэн тооцоо гарчээ.