Обамеянг Челсигийн “9” дугаарын хараалыг хариулж чадах уу?

Хуучирсан мэдээ: 2022.09.04-нд нийтлэгдсэн

Обамеянг Челсигийн “9” дугаарын хараалыг хариулж чадах уу?

Обамеянг Челсигийн “9” дугаарын хараалыг хариулж чадах уу?

Габон довтлогч Пьер-Эмерик Обамеянг буурь сэлгэн, нарлаг Испаниас нүүж эргэн манан, бороотой Англид ирсэн билээ. Түүнийг Лондон хотын Челси клуб 12 сая еврогоор Барселонагаас худалдан авсан. Мөн энэхүү наймаанд Челсигийн жигүүрийн хамгаалагч Маркос Алонзо “хавчуулагдсан”.

Өдгөө 33 настай Обамеянг ердөө хагас жилийг Барселонагийн өмсгөлтэй өнгөрүүлэв. Тэрбээр өнгөрөгч хоёрдугаар сард Лондон хотын улаан баг болох Арсеналаас Испанийг зорьж байлаа.

Челсид нэгдсэн Обамеянг “Үнэхээр баяртай байна. Энэ багийн нэг хэсэг болж байгаадаа бахархаж байна. Талбайд гарахыг тэсэн ядан хүлээж байна. Надад Премьер лигт дуусгаагүй ажил бий. Буцаж ирэх сайхан байна. Догдолж байна” гэжээ.

Обамеянг Арсеналын төлөө 163 тоглолтод 92 гоол оруулж, 2018-2019 оны улирлын алтан шаахайн шагналыг хүртэж байсан өнөө цагийн шилдэг довтлогч. Гэвч тэрбээр Арсеналын шинэ дасгалжуулагч Микел Артетагийн төлөвлөгөөнд багталгүй өвөл Барселонаг зорьсон юм.

Обамеянг болон Челсигийн одоогийн дасгалжуулагч Томас Тухель хоёр 2015-2017 онуудын хооронд Германы Боруссиа Дортмундад хамт ажиллаж байсан, муу сайнаа мэдэлцэх хоёр. Тэрбээр Тухелийн удирдлага дор 95 тоглолтод 79 гоол оруулж байв.

Гэхдээ түүнд хоёр асуудал бий. Нэгдүгээрт, түүний эрүү хугарчихсан. Тодруулбал, Обамеянгийн Барселона дахь гэр лүү хулгайчид нэвтэрч, дээрэм хийх үеэрээ түүний эрүүг хуга цохьжээ. Үүний улмаас тэрбээр шинэ багтаа хэсэгт хугацаанд тус хүргэж чадахгүй болж байна. Мөн бэлтгэлдээ тусгай масктай оролцох гэнэ.

Харин хоёрдугаарт, Челсид “9” дугаарын хараал гэж бий. Тус клубын “9” дугаарыг эзэмшсэн довтлогч, тоглогч бүрийн карьер нь уруудаж, гоол оруулах нь өдрийн од шиг болдог. Тухайлбал, Ромелу Лукаку 44 тоглолтод 15 гоол, Гонзало Игуайн 18 тоглолтод 5 гоол, Алвара Мората 48 тоглолтод 15 гоол, Радамел Фалкао 12 тоглолтод 1 гоол, Фернандо Торрес 172 тоглолтод 45 гоол, Франко Ди Санто 16 тоглолтод 0 гоол гэх азгүйчүүдийн цуваа цааш үргэлжилнэ.

Гол нь Обамеянг энэ бүгдийг мэдсэн хирнээ “9” дугаарыг сонгосон нь анхаарал татаж байна. Челсигийн фэнүүд ч түүнийг энэ хараалыг хариулах хүн нь итгэж байгаа бололтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж