Монголын волейболын эрэгтэй шигшээ баг Киргизстан улсын Чолпон-Ата хотноо “Челленж кап-2022” тэмцээнд оролцож, өчигдөр/2022.09.03/ сүүлийн тоглолтоо хийлээ. Энэ удаагийн тэмцээнд талбайн эзэн Киргизстан, Саудын Араб, Узбекистан, Монгол гэсэн дөрвөн баг өрсөлдсөн юм.
Манай шигшээ баг тэмцээнээ эрчтэй эхлүүлж, талбайн эзэн орныг эхний тоглолтдоо 3-0 гэсэн харьцаатай хожсон. Харин дараагийн тоглолтоо Саудын Арабын эсрэг хийн 0-3 гэсэн харьцаатай ялагдал хүлээв. Хэсгийн сүүлийн тоглолтоо Узбекистаны эсрэг хийж, дөрвөн ээлжийн тоглолтод 3-1-ээр хожиж, хоёр хожилтой хасагдах шатанд шалгарсан юм.
Гэвч хагас шигшээд Киргизстанд 0-3-аар хожигдож, улмаар хүрэл медалийн төлөө Узбекистантай учраа таарсан. Харамсалтай нь, таван ээлжийн эн тэнцүүхэн тоглолтын тавдугаар ээлжид 10-15 гэсэн харьцаатай хожигдож, дөрөвдүгээр байраар тэмцээнээ өндөрлүүллээ.
Тус тэмцээний аваргаар Киргизстан тодорчээ. Тэд финалд Саудын Арабыг 3-2 гэсэн харьцаатай хожсон аж.
Манай шигшээ баг өмнө нь 2018 онд энэхүү тэмцээнд оролцож байсан бөгөөд тухайн үед наймдугаар байрт шалгарч байжээ.
Холбоотой мэдээ