“Ньюс” агентлаг энэ долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлуудаас тоймлон хүргэж байна.
"ХОЁР УЛСЫН ХООРОНД АГААРЫН НИСЛЭГ НЭМЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО"
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн сайд Пак Жин нар албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар Даваа гаригт /2022.08.29/ мэдээлэл хийсэн.
Гадаад харилцааны сайд Б.БАТЦЭЦЭГ:
-БНСУ-ын Гадаад хэргийн сайдын найман жилийн дараах айлчлал хоёр улсын өнгөрсөн 30 жилийн харилцааг эргэн харж, ирэх 30 жилийн алсын хараагаа тодорхойлох, замын зураг гаргах чухал үр дүнтэй айлчлал болж байна. Хэлэлцээ найрсаг, ажил хэрэгч уур амьсгалд үр дүнтэй боллоо. Бид таван тулгуур чиглэлд хамтран ажиллана. Монгол-БНСУ ардчилал, чөлөөт зах зээл гэх нийтлэг үнэ зүйлстэй ард түмэн. Алсын хараа-2050 болон Шинэ сэргэлтийн бодлогыг БНСУ-ын бодлоготой уялдуулах, үр бүтээлтэй хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Шинэ нисэх буудлыг бүс нутгийн тээвэр логистикийн зангилаа болгохоор төлөвлөсөн. Энэ хүрээнд Инчеоны чөлөөт бүс байгуулсан туршлагыг судлахад хамтран ажиллахаар тохирлоо. Мөн хоёр улсын хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээ байгуулна. Хоёр улсын хооронд агаарын нислэгийг нэмэх, тус улсад амьдардаг монгол иргэдийн амьдрах орчныг сайжруулах, эрүүл мэндийн зорилгоор зорчих иргэдэд визийн хөнгөлөлт үзүүлэх, 45 гад мод тарих, тус улсаас үзүүлдэг хөгжлийн хөтөлбөрийг үргэлжлүүлэх талаар тохиролцов. Энэ хөтөлбөрийн дагуу 10 аймагт дулааны станц барьж байна. Мөн бид Солонгосын хойгт энх тайвныг тогтоох зорилгоор гурван улсын уулзалт хийх санаачилга гаргалаа.
ХОВД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГААР Э.БОЛОРМААГ СОНГОЛОО
Ховд аймгийн Засаг даргаар Э.Болормааг сонголоо. Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар ил санал хурааж, Э.Болормааг 73.1 хувийн саналаар дэмжсэн байна.
Монгол Улс 1931 онд засаг захиргааны өөрчлөлт хийж, орчин үеийн аймгуудыг байгуулсан. Гэвч 91 жилийн хугацаанд нэг ч удаа эмэгтэй хүн аймгийн Засаг даргаар томилогдож байгаагүй түүхтэй.
Ховд аймгийн ИТХ-ын төлөөлөгчид Э.Болормааг Ховд аймгийн Засаг даргаар сонгож, тэрбээр анхны эмэгтэй аймгийн Засаг даргаар ажиллахаар болж байна.
Тэрбээр Монгол Улсын Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн барьж батлуулсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг боловсруулах ажлын хэсгийг Ерөнхий сайдын ахлах зөвлөхийн хувьд ахлан ажилласан. Харин одоо тус бодлогын чухал хэсэг болох “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц”-ын төсөл болон бусад стратегийн чухал ач холбогдолтой төслүүдийн хэрэгжилтийг хангах үүрэг хүлээж байна.
"НАМЫН БҮЛГИЙГ ТАТАН БУУЛГАЖ, 4 ГИШҮҮНИЙГ ХАСЛАА"
АН-ын дарга С.ЭРДЭНЭ:
-Үндсэн хуулийг ноцтой зөрчиж, хуулийн бус аргаар өөрчилж, төрийн түрэмгийлэл боллоо. Үндсэн хуулийг олонх хамгаалахгүй бол бид тэмцэнэ. Бид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлах явцад өөрийн намын нэр дээр сонгогдсон УИХ-ын гишүүд үндсэн дүрмийн дагуу чиглэл өгсөн. Харамсалтай нь зарим нэг гишүүд энэ үүргийг биелүүлэхгүйгээр хувийн эрх ашгаар асуудалд хандсан учраас АН-ын Үндсэн дүрмийн хороо хуралдаж, УИХ-ын гишүүн Ц.Туваан, О.Цогтгэрэл, С.Одонтуяа, Б.Бейсен дөрвөн гишүүнд хариуцлага тооцох асуудлыг хэлэлцсэн.
Тэднийг намын гишүүнчлэлээс найман жилийн хугацаатай хасах шийдвэр гаргасан. Холбогдох хууль, дүрэм журмын дагуу АН-ын бүлгийн 11 гишүүнээс нэр бүхий Ц.Туваан, Н.Ганибал, Ж.Батсуурь гэсэн гурван гишүүнийг хасч, найман гишүүн үлдсэн. Одоо нэмэгдээд дөрвөн гишүүнийг хасч байна. Мөн УИХ-ын гишүүн Ж.Батсуурь гишүүний бүрэн эрхийг сэргээж, таван гишүүнтэй ажиллана. Намын шийдвэр гаргаж, бүлгээ татан буулгаж байгаагаа УИХ-ын даргад мэдэгдэж байна. УИХ-ын тухай хуулийн 31.1 дэх заалтад "УИХ-д найм буюу түүнээс дээш суудал бүхий нам эвсэл өөрийн бүлгийг байгуулж болно" гэж заасан. Энэ тоонд хүрэхгүй учраас албан ёсоор бүлгээ татан буулгаж байна.
ЭМЯ: ВАКЦИНТАЙ ХОЛБООТОЙ ЦУС ХАРВАЛТ, НАС БАРАЛТ БҮРТГЭГДЭЭГҮЙ
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ЗӨВЛӨХ О.БАТБАЯР:
-Дэлхийн улс орнууд цар тахлын гурав дахь өвлийг угтах гэж байна. Өвөл хүйтэн болдог орнууд бэлтгэлээ хангаж байна. Манай улс багтдаг Номхон далайн бүсэд цар тахлын халдвар найман хувиар өссөн. Энэ өвөл халдварын тоо улс орнуудад хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байна. Иргэд вакциндаа идэвхтэй хамрагдахыг хүсье. Дэлхийн олон эрдэмтэн цар тахлын омикрон хувилбараас өөр шинэ хувилбар гарч, гурван жилд нэг удаа дэгддэг болно гэдэг судалгааг хийсэн байна. Ингэхдээ шинж тэмдэг нь хүнд байх эрсдэлтэй гэж тооцоолж байна.
Манай улсад төдийгүй дэлхийн бусад оронд вакцины гаж нөлөөг бүртгэдэг цахим системтэй. Энэ бүртгэлд вакцинтай холбоотой цус өтгөрсөн, нас барсан тохиолдол бүртгэгдээгүй.
ШИНЭ САЙД НАРЫГ ТОМИЛЖ, ТАНГАРАГ ӨРГӨВ
УИХ-ын ээлжит бус чуулганы хаалтын ажиллагаа болов. Засгийн газрын шинэ сайд нар тангараг өргөсөн юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүдийг томилсон тухай захирамжийг уншиж танилцуулав.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
-УИХ-ын дарга, эрхэм гишүүд ээ. Миний бие Ерөнхий сайдаар томилогдоод дөрвөн зорилтыг дэвшүүлж байсан. Засгийн газар өнгөрсөн нэг жилийн хугацаанд бүхэлдээ цар тахлыг даван туулах зорилтын төлөө ажиллалаа. Өнөөдрөөс эдийн засгийг эрчимжүүлэх хоёр дахь багц төлөвлөгөө буюу "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг эрчимжүүлэх хүрээнд өнөөдрийн Засгийн газрын өөрчлөлтийг хийсэн. Үндсэн хуулийн 39.4 дэх заалтад Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23.1.2-т заасныг үндэслэн дор дурдсан хүмүүсийг Засгийн газарт Ерөнхий сайдын бүрэн эрхийн хүрээнд томилж байна.
2022 оны наймдугаар сарын 30-ны өдрийн 135 дугаар захирамжаар Д.Амарбаясгаланг УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргаар, Монгол Улсын сайд, Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны даргаар Ж.Сүхбаатар, Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир хариуцсан Үндэсний хорооны даргаар Б.Бат-Эрдэнэ, Эдийн засгийн хөгжлийн сайдаар Ч.Хүрэлбаатар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Д.Сарангэрэл, Зам, тээврийн хөгжлийн сайдаар С.Бямбацогт, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Х.Болорчулуун, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар Н.Учрал, Эрчим хүчний сайдаар Б.Чойжилсүрэн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар Ж.Ганбаатар томилов.
"Х.БАДАМСҮРЭН ДАРГА ЦААШИД ЗЭСИЙН ГРУППИЙГ АХАЛНА"
Засгийн газраас хийсэн томилгооны талаар болон цаашид хэрэгжүүлэх ажлуудын талаар Лхагва гаригт /2022.08.31/ мэдээлэл хийлээ.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.АМАРБАЯСГАЛАН:
-Засгийн газраас зорилт болгон тавьж буй төрийн бүтээмжийг дээшлүүлэх чиглэлд онцгой анхаарч ажиллана. Төр гаргасан бодлого, шийдвэрээ хэрэгжүүлдэг байхад анхаарал, хяналтыг сайжруулна. 2022 оны дөрөвдүгээр сарын 29-нд батлагдсан Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг танилцуулсан.
Хэмнэлтийн хууль хэрэгжиж эхэлснээр одоогийн байдлаар 5.8 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт хийх тооцоо гарсан. Заалтуудыг харвал дэд, тэргүүн дэд, орлогч дарга нарыг чөлөөлөх хүрээнд нийт 159 дарга, мөн зөвлөхүүдийг чөлөөлсөн. Ингэснээр төсвөөс 1.4 тэрбум төгрөг хэмнэсэн байгаа.
Мөн сайдаас доош албан тушаалтнуудын автомашины хэрэглээг хязгаарлаж нийт 587 машиныг битүүмжилж, Засгийн газрын авто баазад хүлээлгэн өгсөн зэрэг үзүүлэлт гарсан. Үүнээс гадна өнөөдрийн хуралдаанаар хэд хэдэн томилгоо хийж, УУХҮ-ийн сайд асан Г.Ёндонг "Эрдэнэт" үйлдвэрийн даргаар томиллоо.
Г.Ёндон сайд мэргэжлийн хүн, 30 жил уул уурхайн салбарт ажилласан тул "Эрдэнэт"-ийн даргаар томилсон. Мөн энэ хүн улс төрийн туршлага хуримтлуулсан. Засгийн газрын түвшинд асуудлаа танилцуулан, шийдүүлдэг байх нь чухал чадвар. Иймд энэ томилгоог Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт уламжилсан.
Х.Бадамсүрэн дарга цаашид Зэсийн группийг ахална. Энэ групп "Эрдэнэс Монгол"-ын дэргэд байгуулагдана. Одоогоор цаасан дээр байна. Х.Бадамсүрэн захирал олон жилийн туршлагатай хүн тул төр энэ хүний чадварыг ашиглах ёстой. Л.Халтар сайд хүнд цагт зам тээврийн салбарыг удирдсан. Энэ хүнээс, өөрөөс хамаарах алдаа дутагдал гараагүй тул ЗТХ-ийн дэд сайдаар томилов. Цаашид сайд нарыг сэлгэн ажиллуулна.
Холбоотой мэдээ