Хотын төвд цэцэрлэгт хүрээлэн бүхий ногоон байгууламж гарын арван хуруунд багтахаар цөөхөн байдаг. Хүрээлэн ч гэлтгүй цэцэг навч, мод бутаар орчноо чимсэн газар мөн л бага билээ. Хотын төвдөө хэдхэн байдаг цэцэрлэгийн нэг нь төрийн ордны ар талд байх цэцэрлэгт хүрээлэн. Уг цэцэрлэгт хүрээлэн нь 2000-аад оны дунд хүртэл хүүхэд багачууд тоглож, хөгшид залуус салхилдаг газар байв. Гэтэл иргэний нийгмийнхэн жагсаал цуглаан хийснээр Төрийн ордныг тойруулан хашаа босгосон байдаг.
Харин 2013 онд ордны арын цэцэрлэгт хүрээлэнг нээх шийдвэрийг гаргаж, тухайн жилийнхээ зуны саруудад олон нийтэд нээлтэй байсан юм. Түүний дараагаар “Гал үндэстэн” холбооныхон жагсаал хийж, уг цэцэрлэгт хүрээлэнд буу барьж нэвтэрснээс болж, ордны арын цэцэрлэг дахин хаагдсан.
УИХ-ын дарга Г.Занданшатар энэ онд Төрийн тусгай хамгаалалтын газрын удирдлагуудыг хүлээн авч уулзсан юм. Тэрбээр уг уулзалтаар ардчилсан нийгэмд төр иргэддээ нээлттэй байх нь зүй ёсны хэрэг гэдгийг онцлоод, Төрийн ордныг олон нийтэд нээлттэй болгох журмыг боловсруулж танилцуулахыг үүрэг чиглэл болгосон.
Энэ хүрээнд:
- Төрийн ордонтой танилцах, Төрийн ордонд нэвтрэхэд иргэдийн хувцасны стандартыг аль болох хөнгөвчлөх, иргэдэд хүндрэл бэрхшээлгүй байхаар зохицуулалт хийх;
- Төрийн ордны арын цэцэрлэгийг иргэдэд нээлттэй болгох;
- Төрийн ордны урд шат буюу Эзэн Чингис хааны хөшөөний хэсэгт иргэд чөлөөтэй нэвтэрч, фото зураг авхуулах зэрэг асуудлуудыг зохицуулах нь зүйтэй гэж үзэв.
Холбоотой мэдээ