Сурвалжлага: Хязгаарлалтаас шалтгаалж улсын дугаарын борлуулалт эрс өсчээ

Хуучирсан мэдээ: 2022.09.05-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Хязгаарлалтаас шалтгаалж улсын дугаарын борлуулалт эрс өсчээ

Сурвалжлага: Хязгаарлалтаас шалтгаалж улсын дугаарын борлуулалт эрс өсчээ

Нийслэлийн хэмжээнд түгжрэлийг бууруулах гаргалгаа одоогийн байдлаар дугаарын хязгаарлалтаас өөр байхгүйг албаныхан мэдэгдсэн. Тиймээс цаашид тэгш, сондгой серийн хязгаарлалтыг үргэлжлүүлэх саналыг энэ долоо хоногт хэлэлцэнэ. Үүнтэй холбоотойгоор Авто тээврийн үндэсний төвд тээврийн хэрэгслийн дугаар авах, солих иргэд нэмэгджээ.

АТҮТ-ийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсээс өгсөн мэдээллээр наймдугаар сарын 31-ны байдлаар нийслэлийн хэмжээнд нийт 695 мянга 424 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Үүнээс 374 мянга 877 нь тэгш, 320 мянга 547 нь сондгой тоогоор төгссөн дугаартай.

Албан шийдвэрийн дагуу авто тээврийн хэрэгслийг тэгш, сондгой дугаараар хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гарснаас хойш иргэд бүртгэлтэй машиныхаа улсын дугаарыг солих тохиолдол ихэссэн байна. Энэ талаар сурвалжиллаа.

Хэрэв дугаарын хязгаарлалтгүй зорчвол нийслэлийн авто замууд тэг зогсолт хийх эрсдэлтэй. Тиймээс хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбоотойгоор долоо хоногийн турш авто машины улсын дугаарыг тэгш, сондгойгоор нь ээлжлэн хөдөлгөөнд оролцуулж, хязгаарлах шийдвэрийг гаргасан. Энэхүү шийдвэрийг цаашид үргэлжлүүлэх сонирхолтой байгаагаа хотын дарга Д.Сумъяабазар мэдээлсэн. Ямартай ч энэ асуудлыг ирэх Лхагва гаригт буюу наймдугаар сарын 7-нд болох НИТХ-аар оруулахаар бэлтгэжээ.

Хотын даргын хэлснээр түгжрэлийн асуудлыг цэгцэртэл энэ шийдвэрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Түүнчлэн хөдөө орон нутагт хаягтай иргэд дугаар авахдаа харьяаллаараа дугаар авч ачааллыг улам нэмэгдүүлдэг үйлдлийг зогсоохоор төлөвлөж байгаа гэсэн юм.

"УЛСЫН ДУГААРЫН ЯЛГАЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ АЧААЛЛЫГ 50 ХУВЬ БУУРУУЛАХ АЧ ХОЛБОГДОЛТОЙ"

Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахмад Х.МӨНХ-ЭРДЭНЭ:

-Хөдөлгөөний хязгаарлалт эхэлж буй, улсын дугаарын ялгалт хийж буй цэгүүд дээр хөдөлгөөний ачаалал их байна. Дугаарын хязгаарлалттай өдрүүдэд иргэд өглөөний 08:00 цагаас өмнө ажил, албандаа амжина гэсэн бодолтой замын хөдөлгөөнд оролцсоноор ачаалал үүсгэж буй тохиолдол гарч байгаа.

Улсын дугаарын ялгалт хийж, хязгаарлалт тогтоосноор нийслэл хотын төв хэсгийн хөдөлгөөний ачаалал 40-50 хувиар буурсан.

Мэдээж дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй хот тохижилт, авто зам засвар, зөөврийн усан хангамж, шугам сүлжээ зэрэг зайлшгүй ажиллах шаардлагатай тээврийн хэрэгслүүд энэ хязгаарлалтад орохгүй. Гэхдээ ажилчид нь ажлын үнэмлэхээ үзүүлээд хувийн автомашинаар хөдөлгөөнд оролцож болно гэж бодоод байна. Зөвхөн байгууллагын нэр, логотой, таних тэмдэгтэй, тухайн байгууллага дээр бүртгэлтэй, эзэмшлийн автомашинууд л болно. Эдгээр байгууллагуудад ажилдаг ч хувийн тээврийн хэрэгслээрээ хөдөлгөөнд оролцож болохгүй.

"ИРГЭДЭЭ БОДООГҮЙ ШИЙДВЭРИЙГ ХҮЧЭЭР ГАРГАЖ БОЛОХГҮЙ"

Жил бүрийн наймдугаар сарын 15-наас хойш нийслэлийн авто замын оргил ачаалал эхэлдэг. Хэрэв улсын дугаараар хязгаарлахгүй бол хөдөлгөөн тэг зогсох эрсдэлтэйг ч албаныхан онцолсон. Тиймээс тэгш, сондгой зохицуулалтыг үргэлжлүүлэх нь ач холбогдолтой гэсэн юм. Хэрэв оргил ачааллын үед тэгш сондгойгоор зорчуулахгүй бол хөдөлгөөний ачаалал одоо байгаагаас 40 орчим хувиар өсөх аж. Тиймээс нийслэлээс тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд дараах зохицуулалтыг хийгээд байгаа. Гэхдээ энэ шийдвэр үргэлжлэх шийдвэр гарвал хүмүүс өөрийн эзэмшлийн машинууддаа тэгш, сондгой аль аль дугаарыг нь авах магадлалтай.

Тодруулбал, автомашинуудыг наймдугаар сарын 27-ноос есдүгээр сарын 3-ны өдрийг хүртэл автомашины улсын дугаарын сүүлийн орны тэгш, сондгойгоор ангилж хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гарсан. Энэ хугацаанд л гэхэд АТҮТ-үүдэд байрлах улсын дугаарын цэгүүдийн ачаалал эрс өссөн байна.

Тээврийн хэрэгслийн дугаар авч буй иргэдийн хэлж байгаагаар хотын удирдлагууд холбогдох албаны хүмүүс иргэдээ бодоогүй шийдвэрийг хүчээр гаргах гэж оролдож байна. Хүнээ бодсон хот гэдэг бүхий л шийдвэрийг өнгөц аргацаахад биш сууриар нь шийдвэрлэхэд анхаардаг. Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтаас болж хоёр машинтай өрхүүд аль, алийг нь хослуулж авах нь нэмэгдэж байна гэв. Учир нь иргэд хүүхдүүдээ хүргэх, ажил, хичээлдээ явахад өдрийн цагаар зайлшгүй хувийн тээврийн хэрэгслийг ашиглах шаардлагатай гэсэн юм.

АРДЧИЛСАН УЛСАД АСУУДЛЫГ НИЙТИЙН ЭРХ АШИГТ НИЙЦҮҮЛЖ ШИЙДВЭРЛЭХ НЬ ЗӨВ

Цахим хуудаст бичсэн сэтгэгдэл болоод иргэдийн хэлж байгаагаар авто тээврийн хэрэгслийг тэгш, сондгой дугаараар хөдөлгөөнд оролцуулах нь ардчилсан улсад нийтийн эрх ашгийг зөрчиж буй явдал. Угтаа нийслэлээс 2025 он хүртэл жил тутамд түгжрэл бууруулах хөтөлбөрт 420 тэрбум төгрөг зарцуулах түүхэн шийдвэр гаргасан. Гэвч өнөө жилийн төлөвлөсөн хөтөлбөр нь бодит үр дүн гаргаж чадаагүй учир түгжрэлийг иргэдийн эрхийг зөрчсөн шийдвэрээр хязгаарлахаас өөр аргагүйд хүрснийг хотын дарга Д.Сумъяабазар өнгөрсөн долоо хоногт мэдэгдээд буй. Харин энэ нь иргэдийн бухимдлыг ихэд хүргэж байгаа юм. Мөн энэ шийдвэр цаашид үргэлжилж магадгүй гэж үзсэн зарим хүн хэдийнэ тэгш, сондгой серитэй дугааруудыг авч эхэлжээ.

АТҮТ-д байрлах улсын дугаарын үйлдвэрүүдэд:

  • УАА /MGL/ 0000 дугаар 50-60 мянган төгрөг
  • УБ 0000 дугаар 25-30 мянган төгрөг
  • ДК 0000 дугаар 50-60 мянган төгрөгийн үнэтэй байна.

Харин эко тээврийн хэрэгслийн ногоон тэмдэглэгээтэй улсын дугаар 60 мянга, нийтийн тээврийн шар тэмдэглэгээтэй дугаар 50 мянган төгрөгөөр хийгдэж байлаа. Иргэд өөрийн сонгосон дугаараа төлбөрөө төлөөд захиалах бөгөөд 15-20 минут хүлээгдээд дугаар гарч байв. Улсын дугаар гаргаж буй компаниудын тухайд өдөрт 50-100 хүн үйлчлүүлдэг. Энэ тоо сүүлийн үед бүр ч их нэмэгдсэн гэв.

ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТААР ТҮГЖРЭЛ БУУРУУЛАХ АЖЛЫГ ТУРШСААР БАЙХ УУ?

Автомашинуудыг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гаргасан нь нэг талаар түгжрэлийг бууруулах гаргалгаа байж болох ч нөгөө талаар иргэдийг хясан боогдуулж буй зүйл гэдгийг ч зарим хүн хэлж байна. Гэхдээ цаашид одоогийн энэ шийдвэрийг үргэлжлүүлэх эсэхийг хэлэлцэж байж шийднэ. Ямар ч байсан иргэдийн саналыг ч тусгах биз ээ.

2020 оны хувьд автомашины улсын дугаарын сүүлчийн орон:

  • Тэгш тоо /0, 2, 4, 6, 8/-гоор төгссөн бол 2020 оны наймдугаар сарын 29-ний Бямба гарагт
  • Сондгой тоо /1, 3, 5, 7, 9/-гоор төгссөн автомашин 2020 оны наймдугаар сарын 30-ний Ням гарагт 08.00-20.00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцоно.

2021 оны хувьд автомашины улсын дугаарын сүүлчийн орон:

  • Тэгш тоо /0, 2, 4, 6, 8/-гоор төгссөн бол 2020 оны наймдугаар сарын 28-ний Бямба гарагт
  • Сондгой тоо /1, 3, 5, 7, 9/-гоор төгссөн автомашин 2020 оны наймдугаар сарын 29-ний Ням гарагт 08.00-20.00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцож байсан.

Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж