Канадын нэгэн компани 1000 км/цаг хурдлах чадвартай цахилгаан галт тэрэгнийхээ төлөвлөгөөг танилцуулав. “FluxJet” нэртэй уг тээврийн хэрэгслийг онгоц, галт тэрэгний эрлийз гэж нэрийдээд байна. Ажиллагааны үндсэн зарчим нь Элон Маскийн “hyperloop” технологитой төстэй аж.
Тээврийн хэрэгсэл нэг тонн жинтэй. “Veillance flux” нэртэй цоо шинэ технологид суурилсан хоолойн дагуу уг тээврийн хэрэгсэл хөдлөх юм. Соронзон, вакуум хоолой нь “FluxJet”-ийг маш хурдан явах боломжоор хангадаг. Түүнчлэн томоохон хотуудад байрлах “Transpod line” нэртэй сүлжээний системээр ажиллана. Уг дэд бүтцийн төслийн нийт өртөг 18 тэрбум ам.доллар. Шинэ систем нь хурдны замын хөдөлгөөн болон нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг үлэмж бууруулна. Тодруулбал, нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг 636 мянган тонноор бууруулна гэж үзэж байна.
“FluxJet” нь хурдны галт тэрэгнээс гурав дахин хурдан давхих бөгөөд энэ нь нийт маршрутын аяллын хугацааг 45 минут болгож бууруулах юм. Эхний ээлжинд Канадын Калгари, Эдмонтон хотуудыг хооронд нь холбоно. Энэ нь гурван цаг аялах 300 км зайтай газар юм. Нэг удаад 54 хүртэлх зорчигч, 10 тонн ачаа тээвэрлэх боломжтой.
Одоогоор төсөл судалгааны шатандаа яваа бөгөөд байгаль орчны үнэлгээ, газар чөлөөлөлтөд анхаарч байна. “TransPod” компани төсөлдөө зориулж 550 сая ам.долларын санхүүжилт авснаа энэ оны эхээр зарласан. Төслийн эхний үе шат 2023 оны сүүлээр эхлэх төлөвтэй байна. Цаашид АНУ-ын Техас мужид Далласыг Сан-Антониотой, Арабын нэгдсэн Эмиратад Дубайг Абу-Дабитай, Австралид Сиднейг Брисбэнтэй холбохоор төлөвлөжээ.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ