МАН эхлээд Үндсэн хууль, дараа нь үзэл санааг нь дэвслэх үү?

Хуучирсан мэдээ: 2022.09.02-нд нийтлэгдсэн

МАН эхлээд Үндсэн хууль, дараа нь үзэл санааг нь дэвслэх үү?

МАН эхлээд Үндсэн хууль, дараа нь үзэл санааг нь дэвслэх үү?

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга бөгөөд Монгол Улсын сайд болов. 2016 оны арванхоёрдугаар сард томилогдсоноосоо хойш дөрвөнтэй улиран сонгогдсон Д.Амарбаясгалан ЗГХЭГ-ын дарга болсноор дүрэм ёсоор намын Ерөнхий нарийн бичгийн дарга ажлаа өгөх ёстой. МАН-ын дүрмийн 29.2.-т “Ерөнхий нарийн бичгийн дарга орон тооны байх бөгөөд өөр ажил, албан тушаал эрхлэхийг хориглоногэж заажээ. Гэтэл дараагийн “хувилгаан”-ыг тодруулах яриа огт гарсангүй. Гарах нь байтугай энэ тухай ил ярихаас эмээж байна, гишүүд нь.

Төр, шашныг хослон баригч шиг байхыг Д.Амарбаясгалан хүсч байна. Тиймээс Дээд шүүхэд бүртгүүлсэн намын дүрэм ёсоор Удирдах зөвлөлөө хуралдуулан Бага хурлаа зарлах ёстой атал таг чиг. Удирдах зөвлөлийг нь хуралдуулахыг Ерөнхий нарийн бичгийн дарга шийдэх ёстой. Харин Ерөнхий нарийн бичгийн дарга нь тэр өөрөө. Тиймээс л намайг хэн хэлэх вэ, нохойг хэн саах вэ гэсэн шиг сууж буй талаар учир мэдэх гишүүд нь сэмхэн шивнэх болжээ.

Өнөөдөр эрх баригч МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалыг хашиж байна. Гэтэл намын дотоод асуудлыг гардан хариуцах ёстой Ерөнхий нарийн бичгийн дарга нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болчихлоо. Ерөнхийдөө МАН-ын нэг, хоёрдугаар дарга нь Монголын гүйцэтгэх эрх мэдлийн нэг, хоёрдугаар дарга болж, намын Удирдах зөвлөл нь Монгол Улсын Засгийн газрын танхимыг бүрдүүлж байна гэсэн үг.

Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүрэлдэхүүнээ өөрчилсөн шалтгаан нь ердөө нам дотроо дахин хуваарилалт хийж, бүлэглэлийнхээ ашиг сонирхол, таашалд нийцүүлэх үүднээс Үндсэн хуулийн дээгүүр гишгүүлсэн. Ингэхдээ Ерөнхий нарийн бичгийн даргадаа засгийн гал тогоог хариуцуулсан нь намын Удирдах зөвлөл, санхүүг барьж буй Д.Амарбаясгалан намын төдийгүй Монголын “төсөв” дээр суучихлаа. Өмнө нь тэр намын Ерөнхий нарийн бичгийн дарга байхдаа төрийн бүхий л томилгоонд оролцдог байсан гэх яриа байсан. Тэгвэл одоо албан ёсоор төрийн ч, намын ч томилгоог шийдэх хэмжээгүй эрх мэдэлтэй нэгэн болж хувирч байх шиг.

Монголчууд нам, төрийг салгаад 30 гаруй жилийг үдсэн ч эрх баригчдын эрээ, цээргүй авирын үрээр Монгол Улсад Улс төрийн товчоо ийнхүү дахин бий болох нь.

Өмнө нь, нам, засгийнхаа ажлыг ялгаж салгадаг байсан бол ийнхүү Д.Амарбаясгалан хувь, хувьсгалынхаа ажлыг нэгтгэв. Хамгийн гол нь нам, засгийг салгах ажил маш удаашралтай явж мэдэхээр байна. ЗГХЭГ-ын даргыг томилох тухай санал гармагц л эл асуудлыг ярьж, зохицуулалт хийх ёстой атал өнөөг хүртэл чимээгүй байгаа нь хардлага төрүүлнэ. Хэд хоногийн өмнө ЗГХЭГ-ын дарга болсон Д.Амарбаясгалан ч МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын суудлаа тавьж өгөхгүй зууралдсаар байгаа гэх мэдээлэл Тусгаар тогтнолын ордноос сонсогдох боллоо.

Нэг ч хоног хавсарч хийж болохгүй энэ ажлыг нэг хэсэг хугацаанд хамтад нь атгах сонирхол Д.Амарбаясгаланд бий гэх. Үүнийг нотлох мэт Удирдах зөвлөлөөс намын Ерөнхий нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэх хүнийг ч томилсонгүй.

Хоёрдугаар ээлжээ хоолонд оруулахын тулд Үндсэн хуулийг хүртэл үл тоосон МАН-ынхан дараагийн удаад Үндсэн хуулийн үзэл санааг үгүй хийхээр ийн улайрч эхлэв. Үүнийг Д.Амарбаясгалангийн нам, төр дэх “Давхар дээл”-ээс харж болж байна.

МАН хэдийгээр сөрөг хүчингүй эрх барьж буй ч Үндсэн хууль, дүрэм, журамд захирагдах ёстой. Давхар стандартыг эсэргүүцсэн иргэдийг торгууль, цагдаагаар сүрдүүлж асан тэд өдгөө Үндсэн хуулийн үзэл санааг ч үгүй хийхээр зүтгэж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж