Сурвалжлага: Багшийн ажил эрэлттэй байгаа ч боловсон хүчин хомсджээ

Хуучирсан мэдээ: 2022.09.02-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Багшийн ажил эрэлттэй байгаа ч боловсон хүчин хомсджээ

Сурвалжлага: Багшийн ажил эрэлттэй байгаа ч боловсон хүчин хомсджээ

Хичээлийн шинэ жилийн нээлт улс орон даяар өргөн дэлгэр, хөгжөөнтэй боллоо. Цэцэг, сүрчиг хоёртоо бялуурсан багш нар, бие биеэ санагалзсан нэг ангийнхан, өнгө өнгийн шаар, хулдаасан хэвлэлд хучигдсан сургууль гурав учирч, эрдмийн аяллынхаа эхний өдрийг гэтлэв.

Энэ жил улсын хэмжээнд ЕБС-д 750 мянган хүүхэд суралцах бөгөөд энэ нь өмнөх жилтэй харьцуулахад 38 мянгаар нэмэгдсэн дүн юм. Ийм учир нийслэлд л гэхэд 41 сургуульд хэт их ачаалал үүсч, түрээсийн 19 байранд 9,580 хүүхдийг шилжүүлж байгаа аж. Хэдий сурагчдын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа ч багш нарын хүртээмж, боловсон хүчний нөөц бололцоо сурагчдынхаа эрэлтийг хангаж чадахгүй байна.

2021-2022 оны хичээлийн жилд нийслэлд төрийн өмчийн 152, төрийн бус өмчийн 129, нийт 281 ерөнхий боловсролын сургууль үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд нийт үндсэн багш 15390 байжээ. Харин 2020-2021 оны хичээлийн жилд 275 сургуульд 14301 багш ажиллаж байв.

Багшийн тоо мянгаар нэмэгдэж байгаа ч сурагчдын тоо бараг 30 мянгаар нэмэгдсэн үзүүлэлтэй байна.

Олон нийтийн цахим сүлжээн дэх багш нарын группээр ч “Ажилд авна”, “Багш хайж байна” гэх зарууд түгээмэл байлаа. Тухайлбал, “Хөдөө орон нутагт хими биологийн багш яаралтай авна. Орон байраар хангана”, “Бага ангийн багш ажилд авна. Тэтгэвэрт гарсан байж болно”, “Хотод ойрхон сумд ажиллах математик, бага ангийн багш байна уу?”, “Англи хэл, Орос хэл, Математикийн сэтгэлтэй, зүтгэлтэй багш нарыг ажилд авна”, “Сумын ЕБС-д бага ангийн багш, математик, хими, биологийн багш /үндсэн/, физик, мэдээллийн технологийн багш / түр/ тус тус ажилд авна” гэх мэт зарууд үзэгдэнэ.

Яамнаас сурагчдынхаа байр сууц, орчныг бэлдсэн ч тэдэнд багшлах боловсон хүчнийг орхигдуулсан гэлтэй.

2022-2023 оны хичээлийн жилд нийслэлийн ерөнхий боловсролын 157 сургууль, насан туршийн боловсролын 5 төв, нийт 162 байгууллага багш, боловсон хүчний хомсдолд ороод байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 33 сургуульд багш, ажилчдын сул орон тоо байна. Нийтээр нь авч үзвэл, бага ангийн болон байгалийн ухааны багш нар эрэлттэй байна.

Багш нарыг хамгийн бага цалингаар хамгийн том, чухал салбарыг үүрч яваа хүмүүс гэж ярьдаг. Мэдээж, цалин урамшуулал тааруу, ажлын ачаалал их, хангамж муу зэрэг гэх мэт сөрөг шалтгаанууд тэднийг өөр салбарт ажиллах, гадаад орныг зорих хөшүүрэг болж байна.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан энэ оны эхэнд ярихдаа "Энэ 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс багш нарынхаа суурь цалинг нэмэх ёстой юм байна гэж үзсэн. Суурь цалин нь нэмэгдэж байж суурь цалинд үндэслэн бодогддог нэмэгдлүүд нь багш нарын гар дээр юм болж очсон болж мэдрэгдэх юм билээ.

Тэгэхээр үр дүнд суурилсан гүйцэтгэлийн урамшууллыг нь цалингийн нэг хэсэг болгож өгөх учраас багшийн дундаж цалин 720.000 төгрөг биш хамгийн багадаа 1 сая төгрөгөөс эхэлдэг, үүн дээрээ бусад нэмэгдлүүдээ аваад явчих боломж байгаа. Нэгдүгээр сарын 1-нээс багшийн цалин учиргүй их нэмэгдэх гэж байгаа юм шиг хүлээлт үүсгэж болохгүй. Монгол Улсын Засгийн газраас Төрийн үйлчилгээний албан хаагчдынхаа цалингийн доод жишгийг нэмэгдүүлж баталъя л гэж байгаа юм. Тэр жишээн дээр багш нарын цалингийн хамгийн доод жишиг нь 1 сая төгрөг байхаар төсөөлөл бий. Багш нартаа нэмж хэлэхэд, энэ нэг сард та бүхний хуучин авч байсан цалин дээр үр дүнгийн урамшууллыг шингээж өгөх учраас одоо авах цалин дээрээ дахиж үр дүнгийн урамшуулал нэмж авна гэдэг хүлээлт байж болохгүй шүү гэдгийг хэлье” гэсэн юм.

Төр засгаас ч багш мэргэжлээр суралцах оюутнуудад онцгой анхаарч, тэтгэлэг олгож буй. Монголын багш, боловсролын салбарын гол боловсон хүчинг бэлтгэгч МУБИС энэ жил 1738 оюутанд тэтгэлэг олгосон гэв. Энэ жил тус сургууль бүрэлдэхүүний найман сургуульдаа 63 төрлийн мэргэжлээр нийт 2371 оюутан элсүүлжээ. 63 мэргэжлийн 50 орчим нь багшийн мэргэжил бол үлдсэн нь боловсролын салбарын буюу нийгмийн ажилтан, сургуулийн сэтгэлзүйч гэх мэргэжлүүд аж.

МУБИС-ийн оюутны хөгжлийн албаны дарга Ш.Пүрэвсүрэн ярихдаа "Энэ жил элссэн оюутнуудын 1738 оюутан нь тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж байгаа. Багш мэргэжлийг дэмжих Засгийн газрын 264 дүгээр тогтоолоор олгогддог тэтгэлэг болон МУБИС-ийн дотооддоо зарладаг тэтгэлэгт эдгээр оюутнууд хамрагдаж байна” гэлээ.

МУБИС-ийн сэтгэл судлал, сургуулийн сэтгэлзүйч, нийгмийн ухааны багш, математикийн багш, Монгол хэл, уран зохиолын багш зэрэг ангиуд энэ жил эрэлттэй байжээ. Харин оюутан хамгийн бага элссэн хөтөлбөр нь байгалийн ухааны дан мэргэжлүүд байв. Учир нь оюутнууд хавсарга, хос мэргэжилтэй болохыг зорьдог болсон гэнэ.

Энэ бол зөвхөн ЕБС-ийн сургуулийн багш нар дээр ажиглагдсан асуудал. Үүнээс гадна СӨБ буюу Сургуулийн өмнөх боловсролын асуудал яригдана. 2030 он гэхэд шинээр 31 мянган багш бэлдэж байж Монголын боловсролын зах зээл багшаар хангагдана гэсэн тооцоо бий. Харин 2025 он гэхэд 22 мянган шинэ багшийг бэлтгэх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэж МУБИС-ийн дотоод ажлын албаны дарга Н.Мягмарцоож ярьсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж