Оросын газрын тосны магнат "Лукойл" компанийн захирал Равил Маганов өчигдөр Москва хотноо эмнэлгийн цонхоор унаж нас баржээ. "Tass" агентлагт мэдээлснээр тэрбээр Пүрэв гаригийн өглөө эмнэлгийн зургаан давхрын цонхоор унасан ба амиа хорлолт гэж тодотгосон байна.
Харин Оросын хэвлэлүүдэд түүнийг Москвагийн төв эмнэлэгт эмчлүүлж байхдаа гэмтлээ даалгүй нас барлаа гэж мэдээлжээ. Мөрдөн шалгагчид түүний үхлийг шалгахаар ажиллаж байна гэж цагдаагийн газраас мэдээлэв.
Маганов нь, Оросын улс төр, бизнесийн элитийнхэн голдуу эмчилгээ авдаг Москвагийн баруун захад байрлалтай эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байжээ.
Тухайн эмнэлэгт хоёр хоногийн өмнө Зөвлөлтийн удирдагч асан Михаил Горбачёв нас барсан. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр өглөө тус эмнэлэгт очиж, Горбачёвын шарилын хажууд цэцэг тавьж хүндэтгэл үзүүлсэн байв.
"Лукойл" бол Оросын хамгийн том хувийн компани. Компанийн зүгээс мэдээлэхдээ, 67 настай Равил Магановыг хүнд өвчний улмаас нас барсан гэв. Мөн мэдэгдэлдээ, Магановы менежментийн ур чадвар нь компанийг дэлхийн хамгийн том эрчим хүчний фирм болгон өргөжүүлсэн гэжээ.
ОХУ-аас өнгөрсөн хоёрдугаар сард "цэргийн тусгай ажиллагаа" нэрийн дор Украин руу дайрсны дараа "Лукойл" компанийн удирдах зөвлөл хуралдаж, зөрчлийг аль болох хурдан төгсгөхийг уриалсан аж. "Лукойл" компанийн тэрбумтан ерөнхийлөгч өнгөрсөн дөрөвдүгээр Их Британийн хоригт орсныхоо дараа албан тушаалаасаа огцорчээ.
ОХУ-ын нефть, газрын тосны захирал, гүйцэтгэх захирлууд учир битүүлгээр нас барсаар байна. Тухайлбал:
- "Новатек" компанийн менежер асан, саятан Сергей Протосеня өнгөрсөн дөрөвдүгээр сард эхнэр, охины хамт Испани дахь харшдаа нас барсан байсан.
- "Газпромбанк" банкны дэд ерөнхийлөгч асан Владислав Аваев өнгөрсөн дөрөвдүгээр сард Москва дахь байрандаа эхнэр, охины хамт нас барсан байв.
- "Лукойл" компанийн тэрбумтан Александр Субботин өнгөрсөн тавдугаар сард бөөгийн эмчилгээ хийлгэснийхээ дараа зүрхний шигдээсээр нас барсан.
Тэрбээр 1993 оноос тус компанид ажиллаж эхэлсэн ба хоёр жилийн өмнө захирал болон дэвшчээ. Гурван жилийн өмнө ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин түүний гавъяаг үнэлж шагнасан байв.
Эх сурвалж: BBC