Ганц найдлага буюу сайн цаг айсуй

Хуучирсан мэдээ: 2022.09.02-нд нийтлэгдсэн

Ганц найдлага буюу сайн цаг айсуй

Ганц найдлага буюу сайн цаг айсуй

Статистик мэдээллээр, Монгол Улсын нийт экспорт 2022 оны эхний долоон сарын байдлаар 6,464.7 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 1,723.1 сая ам.доллар буюу 36.3 хувиар өссөн нь сайн мэдээ. Эрдэс бүтээгдэхүүний экспорт 6,076.4 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 1,802.1 сая ам.доллар буюу 42.2 хувиар өсчээ.

Чулуун нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, цайрын баяжмал, хайлуур жонш, молибдены баяжмал, боловсруулаагүй нефть, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт, мөнгө, тунгаасан зэс ба хайлш зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн нь нийт экспортын 94.0 хувийг эзэлж.

Манай улс 2022 оны эхний долоон сарын байдлаар 3,096.4 сая ам.долларын 11,052.6 мян.тн чулуун нүүрс экспортолжээ. Өнгөрсөн оны мөн үеэс үнийн дүнгээр 1,995.6 сая ам.доллар буюу 2.8 дахин, биет хэмжээгээр 1,116.3 мян.тн буюу 11.2 хувиар тус тус өссөн байна.

Нэг тн чулуун нүүрсний экспортын дундаж үнэ 280.1 ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеэс 169.4 ам.доллар буюу 2.5 дахин өсөв. Чулуун нүүрсний 89.3 хувийг БНХАУ, 8.1 хувийг Сингапур Улс, 2.6 хувийг бусад улс руу тус тус экспортолжээ.

Урд хөршийн цар тахлын бодлого, арга хэмжээтэй холбоотойгоор өнгөрсөн жилийн эхний хагаст өндөр байсан уул уурхайн салбарын өсөлт энэ онд буурсан үзүүлэлттэй. Оны эхний улиралд 3.7 хувиар агшсан эдийн засаг хагас жилд өсөлттэй гарсан нь эдийн засгийн идэвхжил нэмэгдэж буйг харуулж байна.

Нүүрсний гарц оны эхэнд маш муу байсан бол өнгөрсөн долдугаар сараас тээвэрлэлт эрчимжиж, үнэ нь ч хангалттай түвшинд буй.

Нүүрсний экспорт сүүлийн хоёр сар дараалан нэмэгдэв. Тухайлбал, долдугаар сард манай улс гурван сая тонн нүүрс экспортолсон нь уул уурхайн салбарын зогсонги байдалд орсон олборлолтыг эхлүүлсэн. Цаашид хилийн хязгаарлалтгүй болж, экспортын орлого л өсөхгүй бол Өдгөө 16 хувьд хүрсэн манай улсын инфляци ханшийн нөлөөгөөр үргэлжлэхээр байгааг эдийн засагчид анхааруулсаар байна.

БНХАУ-ын Ганцмод боомтын удирдлагууд есдүгээр сарын 1-нээс Монголоос нэвтрүүлэх нүүрс тээврийн автомашины тоог өдөрт 900 хүртэл нэмэгдүүлэхээр төлөвлөснөө мэдээлсэн. Өнгөрсөн наймдугаар сард Гашуунсухайт-Ганцмод боомтоор нүүрсний тээвэрлэлт мэдэгдэхүйц өссөн бөгөөд нэг өдөрт нүүрс тээврийн 900 автомашин гаргахаар зорьж байгаа аж. Эхний ээлжид туршилтын байдлаар өдөрт хилээр нэвтрэх нүүрс тээвэрлэх автомашины тоог тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх ч хэдээр нэмэгдүүлэх нь тодорхойгүй байгаа талаар “SXCoal” мэдээлжээ.

Гашуунсухайт-Ганцмод боомтоор одоогийн байдлаар өдөрт нүүрс тээврийн 600 гаруй автомашин гарч байна. Тухайлбал, наймдугаар сарын 29-нд 607 автомашин боомтоор нэвтэрчээ. Өнгөрсөн наймдугаар сарын дундаж үзүүлэлт 558 байв. Ганцмод боомтоос мэдээлснээр, 2022 онд Монголоос 17 сая тонн нүүрс импортлох зорилт тавьжээ.

Монгол Улсаас наймдугаар сарын 28-ны өдрийн байдлаар гүйцэтгэл 49.3 хувьтай буюу 8.38 сая тонн нүүрс импортолжээ. Гэвч БНХАУ-д чингэлгийн эргэлт удаашралтай, эрэлт сул байгаа тул өдөрт 900 автомашин хилээр гаргах хүндрэлтэй байгаа талаар худалдан авагчид “SXCoal”-д мэдээлсэн байна.

Хэдийгээр Гашуунсухайт-Ганцмод боомтоор нүүрсний тээвэрлэлт нэмэгдэж байгаа ч цар тахлын өмнөх үеийн түвшнээс бага төдийгүй нүүрс тээврийн автомашины тоо ирэх нэг жилийн хугацаанд өдөрт 500-600 хооронд хэлбэлзэнэ гэж “S&P Global Ratings” тооцоолжээ. Нүүрсний экспортын биет хэмжээ өсч байгаа ч БНХАУ-д үнэ буурч, тээврийн зардал өндөр хэвээр байгаа аж.

Манай улс энэ онд 36.7 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөө танилцуулсан ч Сангийн яам төсвийн тодотголоор 18 сая тонн болгож бууруулсан. Өнгөрсөн зургадугаар сарын дунд үеийн байдлаар ердөө долоо орчим сая тонн нүүрс экспортолсон нь зорилтод хүрэхэд хол байгааг харуулж буй юм.

“Монгол Нүүрс Ассоциаци”-ийн Гүйцэтгэх захирал Ж.Золжаргал Монгол Улс Хятад руу нүүрс экспортоо нэмэгдүүлэх өргөн боломж буй бөгөөд одоогийн байдлаар нүүрс экспортлох боломжийнхоо 20 хувийг л ашиглаж байгаа талаар мэдээлсэн. Түүний хэлснээр, боомтын шинэчлэлийг үл харгалзан, өнөөгийн бэлэн байгаа дэд бүтцийн хувьд ч хангалттай их нүүрс экспортлох боломж бий аж. Боомтын шинэчлэлийн дараа Монголын талаас Гашуунсухайт-Ганцмод боомтоор даруй 80 сая тонн нүүрс нийлүүлэх боломжтой болох нь.

“Монголын Нүүрс Ассоциаци”-иас “Энэ онд Монгол Улс Хятад руу 30 гаруй сая тонн нүүрс экспортлох бололцоо бий гэж тооцоолжээ. Үүнд Хятадын хил гаалийн нөхцөл шууд нөлөөлөх ч Монголд цар тахлын нөхцөл байдал хэвийн болсон тул дотоодын нүүрсний компаниуд хүчин чадлаа нэмэгдүүлэхэд бэлэн байгаа юм.

Монголын экспортын нүүрсний чанарын асуудал хэлбэлздэг байсныг сүүлийн жилүүдэд ашиглалтад орж буй баяжуулах үйлдвэрүүдийн ачаар харьцангуй эергээр шийдвэрлэж буй ажээ. Одоогоор ашиглалтад ороод буй нойтон болон хуурай баяжуулах үйлдвэрүүд нийтдээ 50 гаруй сая тонн нүүрс боловсруулах боломжтой бол шинээр төлөвлөгдсөн үйлдвэрүүд ажиллаж эхэлснээр 100 гаруй сая тонн нүүрс баяжуулдаг болох нь. Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой”-н дэргэд байгуулахаар төлөвлөсөн 30 сая тонны нүүрс угаах үйлдвэрийн эхний модуль буюу 10 сая тоннын үйлдвэрийн төслийн хүрээнд Хятадын “Норинко” компанитай хамтран ажиллаж буй. Уг үйлдвэр ашиглалтад орсноор Тавантолгойн нүүрсний чанар харьцангуй тогтвортой болох аж.

Монгол Улсын нүүрсний ангиллын стандарт удахгүй шинэчлэгдэх нь. Өдгөө нүүрсний гурван төрлийн 10 дэд ангилалтай буйг дөрвөн төрөл, 50 гаруй дэд ангилалтай болгох юм байна. Ерөнхийдөө Хятадын нүүрсний ангилалтай илүү ойрхон болж байгаа нь ханшийн тооцооллыг хялбар болгож, хилийн боомт бүрээр үнээ харилцан адилгүй байдлаар тооцож, жишиг үнээ гаргадаг болох төлөв тодрох нь.

Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг зах зээлийн үнийг үндэслэж тооцдог. Жишиг үнэ буюу АМНАТ тооцдог ханш бодит үнээс 3-4 дахин өндөр. Иймд нүүрсний ангиллын стандартыг шинэчилснээр жишиг үнэ тогтоход илүү боловсронгуй болох, бодит байдалд ойртох дүр зураг харагдаж байгаа ажээ.

Одоогийн байдлаар Тавантолгойн нүүрсийг төмөр замаар Хятад руу тээвэрлэх гурван чиглэлийн зам яригдаж (ТТ-Цагаанхад-Ганцмод, ТТ-Зүүнбаян-Сайншанд-Замын-Үүд-Эрээн, ТТ-Зүүнбаян-Ханги-Мандал) буй юм. Тавантолгой уурхайгаас Ганцмод хүрэх чиглэлийн хувьд Монголын нутгаар 270 км зам туулах бол Эрээний чиглэлд 635 км, Ханги-Мандалын чиглэлд 715 км нь манай нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх аж. Эдгээр гурван чиглэлийн хувьд аль аль нь Бугат, эсвэл Шанси мужийн Jiexiu, Хэбэй мужийн Shaheyi хүрэх эсэхээс хамааран Хятадын нутагт тээвэрлэгдэх зай нь харилцан адилгүй байх юм байна.

Тавантолгойн нүүрсийг Бугат хүргэх нийт тээвэрлэлтийн хувьд Ганцмод чиглэлээр нүүрсээ тээвэрлэх хувилбараар хамгийн богино зай туулах бол түүний араас Ханги-Мандал, Эрээний боомтоор тээвэрлэх хувилбарууд яригджээ. Тухайлбал, Ганцмод боомтоор дамжуулан Тавантолгойн нүүрсийг Бугат хүргэхэд 610 км зам (270 км нь Монголд, үлдсэн нь айлын нутагт) туулдаг байна. Ханги-Мандалын боомтоор дамжуулах тохиолдолд уг үзүүлэлт нийтдээ 984.6 км (715 км нь Монголд) болох ажээ. Харин Эрээнээр дамжуулах тохиолдолд уг үзүүлэлт 1414.6 км-ээр (Монголд 635 км) илэрхийлэгдэх юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж