Орос улс энэ хоёрдугаар сард Украиныг түрэмгийлснээс хойшхи анхны томоохон цэргийн сургуулилтаа Алс Дорнодын бүс нутагт эхлүүллээ. ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, долоо хоног үргэлжлэх “Восток-2022” сургуулилт Хятад, Энэтхэг, Монгол болон бусад 10 орны цэргийн хүчин оролцоно. Сургуулилт Япон тэнгист Пүрэв гаригт эхэлсэн байна. Орос дөрвөн жил тутамд тус сургуулилтыг хийдэг аж. "Восток" гэдэг нь Оросоор "зүүн" гэсэн утгатай. Тус яамнаас цэргийн ажиллагаанд ашиглах 7 сургалтын бааз бэлдсэн байна. Тухайлбал, Японы хойд нутаг гэж нэрлэдэг дөрвөн арлын хоёр нь Эторофү, Кунашири зэрэг газруудыг дурджээ. Орос Японы хооронд дөрвөн арал маргалдаантай бүсэд оршдог. Орос тус дөрвөн арлыг эзэмшдэг гэж мэдэгдсэн бол Япон үгүйсгэж байна. Японы засгийн газар эдгээр арлуудыг Японы нутаг дэвсгэрийн салшгүй хэсэг гэж үздэг. Учир нь, дэлхийн хоёрдугаар дайны дараа Орос тус арлуудыг хууль бусаар эзэлсэн гэж мэдэгджээ.
Тус яамны албан ёсны вэб сайтад сургуулилалтын нэг хэсгийг олон нийтэд ил болгосон байна. Цэргүүдийг хуягт тээврийн хэрэгслээр тээвэрлэж, холбооны хэрэгсэл ажиллуулж буй офицеруудыг харуулжээ. Мөн тус вэб сайтад Номхон далайн флотын хөлөг онгоцууд сургуулилт хийхээр боомтоос гарч буйг харуулсан видеог байрлуулсан байна. Тус сайтад 50 гаруй байлдааны хөлөг аль хэдийн ажиллаж байгаа гэж мэдэгджээ. Сургуулилалтын хүрээнд Орос, Хятадын хүчин Япон тэнгис болон бусад газарт дайсны байлдааны хөлөг онгоц, шумбагч онгоцноос хамгаалах хамтарсан маневр хийх болно гэж тус сайт онцолсон байна. "Восток 2022"-д 50 мянга гаруй бие бүрэлдэхүүн оролцоно гэж Батлан хамгаалах яам мэдэгдэв. Энэ нь дөрвөн жилийн өмнөх сургуулилтад оролцсон 300 мянган албан хаагчаас зургаа дахин бага юм. Ажиглагчдын үзэж байгаагаар энэ тоо харьцангуй бага байна. Мөн энэ нь Украины довтолгоонд оролцсон Оросын цэргүүдийн ихэнх нь Алс Дорнодоос ирсэн болохыг харуулж байна гэж “NHK JAPAN” нийтэлжээ.
Эх сурвалж: NHK JAPAN
Холбоотой мэдээ