Дүрвэгсдийн дүйвээн Японд

Хуучирсан мэдээ: 2022.09.02-нд нийтлэгдсэн

Дүрвэгсдийн дүйвээн Японд

Дүрвэгсдийн дүйвээн Японд

Японы дүрвэгсдийн нийгэмлэг 1999 онд байгуулагдсанаасаа хойш дэлхийн 70 гаруй орноос ирсэн 7000 гаруй орогнол хүсэгчид тусалсан байна. Тэр үеэс хойш Япон улсын эдийн засаг сайжирсан бол дэлхий даяар хамгаалалт шаардлагатай дүрвэгсдийн тоо нэмэгдсээр байв. Гэвч энэ бүх хугацаанд Японы засгийн газраас жилд хүлээн зөвшөөрдөг дүрвэгсдийн тоо огт өөрчлөгдөөгүй гэхэд болно. Тодруулбал, жилд 30 орчим дүрвэгчийг л хүлээн зөвшөөрдөг.

Украин дахь Оросын дайн энэ хандлагыг өөрчилж магадгүй гэж үзэж байна. Путины түрэмгийлэл эхлээд хэдхэн хоносны дараа ерөнхий сайд Фүмио Кишида Японд амьдарч буй 1900 украин иргэний найз нөхөд, хамаатан саданг хүлээж авна гэдгээ амласан. Түүнээс сарын дараа Хууль зүйн сайд Ёшихиса Фүрүкава засгийн газрын зүгээс дүрвэгсдэд тусламж үзүүлсээр байх болно гэдгээ хэлжээ. Энэ хоёр мэдэгдэл хоёулаа Япон улсын дүрвэгсдийн стратегийг тодорхойлсон гэж ойлгоход болно.

Япон улс 2021 онд НҮБ-ын дүрвэгсдийн агентлагт 140 сая долларын хандив өргөж, гурав дахь том хандивлагч орон болжээ. Дүрвэгсдийн тухай конвенцийг НҮБ 1951 онд баталсан. Япон үүнээс хойш бусад өндөр хөгжилтэй оронтой харьцуулбал хамгийн цөөхөн дүрвэгч хүлээж авчээ. АНУ-ын хувьд дүрвэгсдийг хүлээж авах түвшин буурч байсан ч энэ онд 15 мянга гаруй өргөдөл хүлээж аваад байна. Тэгвэл Их Британи, Герман, Франц, Итали зэрэг томоохон эдийн засагтай орнууд жилд дунджаар 10 мянга гаруй хүнд орогнол олгодог.

МЬЯНМАРЫН ДҮРВЭГСЭД

Мьянмарт цэргийнхэн засгийн эрхийг гартаа авснаас хойш дүрвэгсдийн тоо мөн л нэмэгдсэн. Мьянмараас ирсэн орогнол хүсэгч Японд өргөдөл гаргах явц хэтэрхий удаашралтай байна гэж хэлжээ. Нэрээ нууцалсан мьянмар хүн тэртээ 10 жилийн өмнө орогнол хүсчээ. Тиймээс хөдөлмөр эрхлэх эрхгүй, эрүүл мэндийн даатгал гэх мэт нийгмийн баталгаа үгүй 10 жил болж байна.

Японы цагаачлалын албанд 2021 онд 2413 дүрвэгч өргөдлөө ирүүлсэн. Эндээс ердөө 74 дүрвэгчийг хүлээж авчээ. Энэ тоо бага сонсогдож болох ч ердийн үеийнхээс хоёр дахин их үзүүлэлт гэдгээрээ онцлогтой. Дүрвэгсдийн тоо хоёр дахин өссөн нь Мьянмарын дүрвэгчидтэй салшгүй холбоотой аж. Учир нь энэ оны дөрөвдүгээр сард нутаг буцах боломжгүй болсон мьянмар хүмүүсийг онцгой байдлын арга хэмжээний дагуу Японд үлдэх боломжтой гэж мэдэгдсэн. Мьянмарын дүрвэгсдийг хүлээж авах туршилтын хөтөлбөрийг Япон 2010 оноос хэрэгжүүлж эхэлжээ. Хөтөлбөрийн эхний гурван жилийн хугацаанд нийтдээ 90 дүрвэгч хүлээж авсан юм.

Дээр дурдсан онцгой байдлын арга хэмжээнд зааснаар тухайн дүрвэгчид түр зуурын эрх зүйн статус, ажиллах зөвшөөрлийг долоо хоногт 28 цаг байхаар тогтжээ. Энэ нь зургаан сараас нэг жилийн хүчинтэй хугацаатай. Уг арга хэмжээний үр дүнд 2021 оны байдлаар 3600 орчим дүрвэгч Японд амьдарч байна.

УКРАИНЫ ДҮРВЭГСЭД

Япон улс дайнтай холбоотойгоор урьд өмнө аль ч улсад үзүүлж байгаагүйгээрээ Украинд тусалж байна. Тухайлбал, Кишидагийн засгийн газар Украинд 600 сая ам.долларын тусламж үзүүлж засгийн газрын тусгай онгоцоор 20 дүрвэгчийг зөөж авчрав. Түүнчлэн олон нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаал, хандив цуглуулах арга хэмжээ ч боллоо. Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны 77 жилийн ойг тохиолдуулан Украинтай эв санаа нэг гэдгээ тус улс илэрхийлээд буй. Үндсэндээ Украин дахь дайн Японы дүрвэгсдийн стратегийг улам тодорхой болгосон гэж “Al Jazeera” хуудас онцлов.

Цагаачлалын агентлагаас мэдээлснээр, Оросын түрэмгийлэл эхэлснээс хойш Японыг зорих украин дүрвэгсдийн тоо тасрахгүй байна. Японы засгийн газар эдгээр хүмүүсийн статусыг албан бус гэж үздэг тул дүрвэгч бус “нүүлгэн шилжүүлсэн иргэд” гэж нэрлэдэг. Энэ нэр томьёо нь хавчлагад өртөх эрсдэлтэй улс руу дүрвэгчдийг буцаах боломжгүй гэсэн ойлголтыг бүдгэрүүлж байна. Дээр дурдсан онцгой байдлын арга хэмжээ украины иргэдэд ч мөн адил үйлчилж байна.

“Peace Winds Japan” нэртэй төрийн бус байгууллага нь Украин болон хөрш Молдав улсад тусламж үзүүлэх зорилгоор түнш байгууллагуудтай хамтран ажиллаж буй. Энэ хүрээнд Японд амьдрахаар орогнол хүссэн 19 украин гэр бүлд тусалжээ. Гэвч эл төрийн бус байгууллага хүнээс илүү тэжээвэр амьтдад анхаарал хандуулдаг аж. Амьтдыг Япон руу авчрахад логистикийн саад бэрхшээл их байдаг. Тодруулбал, 180 хүртэл хоногийн хорио цээрийн дэглэм, галзуу өвчнийг шинжлүүлэх зэрэг үйл явц бий бөгөөд энэ нь маш өндөр зардалтай.

Долдугаар сарын 25-ны байдлаар Японд ирсэн украин дүрвэгч 1615 болжээ. Тус сан нь дүрвэгсдийн тоог 2000 хүртэл нэмэгдүүлэхээр төлөвлөж буй. Дүрвэгсэд өөрийн ур чадвар, туршлагаа ашиглан ажил эрхлэхэд хэлний бэрхшээл гарч ирдэг гэдгийг албаны хүн онцолсон.  Украинаас Японд ирж буй дүрвэгсдэд дэмжлэг үзүүлдэг Ниппон сан 260 дүрвэгчээс судалгаа авчээ. Судалгааны дүнгээс харахад хэлний боловсрол хамгийн чухал хэрэгцээ гэдэг нь тодорхой болжээ. Тэдний 80 гаруй хувь нь хэлний бэрхшээлийн улмаас өдөр тутмын яриагаа зохицуулж чадахгүй байна гэсэн. Мөн дүрвэгчдийн 65 хувь нь эх орондоо нөхцөл байдал тогтворжих хүртэл Японд үлдэх хүсэлтэй байна гэжээ.

УЛС ТӨРИЙН БОДЛОГО

Япон улс дүрвэгсдийн бодлогоо сулруулах болсон нь улс төрийн шинж чанартай гэж олон улс судлалын профессор Стивен Наги хэлсэн. Мьянмарыг авч үзвэл, тус улс нь байгалийн баялаг ихтэй, зүүн өмнөд Ази болон өмнөд Азийг холбосон геополитикийн гол цэг юм. Тиймээс Япон улс Мьянмарт засгийн эрх барьж буй хэнбугайтай ч хүчтэй харилцаа тогтоох замаар Хятадын ноёрхлоос урьдчилан сэргийлэхийг хүсч буй аж. Мьянмараас цөөн тооны дүрвэгсэд хүлээж авч буй нь энэ бодлогын нэгээхэн хэсэг.

Тэгвэл Украиныг авч үзье. Хятадууд Оросоос санаа авч, Энэтхэн-Номхон далайд дайралт хийж магадгүй гэсэн санаа зовнилын үүднээс Япон улс Украиныг дэмжиж буйг Стивен Наги хэллээ. Япон улс Украины дүрвэгсэд, оюутнууд, төрийн албан хаагчдыг сургалтад хамруулсан. Энэ нь Украиныг оршин тогтнох чадвартай улс болгоход оруулж буй Японы хувь нэмэр юм.

Үндсэндээ Японы дүрвэгсдийн бодлогод тодорхой ахиц дэвшил гаржээ. Хамгийн сүүлд л гэхэд наймдугаар сарын 19-нд Афганистаны 98 дүрвэгчийн хүсэлтийг хүлээж авав. Одоохондоо эрс өөрчлөлт гараагүй байгаа тул амьдрахаар хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсийн хувийн хэрэгцээнд чиглэсэн цогц дэмжлэг үзүүлж, ирээдүйд Японд урт удаан амьдрах боломжтой болгохын тулд анхаарах шаардлагатай болоод байна.

Европын холбооны хувьд Украины дүрвэгсдийг орогнол хүсэх эсвэл эх орондоо буцахын аль нэгийг шийдэх хугацаандаа 27 гишүүн улсад ажиллаж, амьдрахад нь хялбар болгох зохицуулалтыг дайны эхэн үед нэвтрүүлсэн. Тэрхүү дүрвэгсдийн олонх нь одоо л ажил төрөлд орж, хөлөө олж эхэлж буй аж. Европын холбооны Хил, эргийн хамгаалалтын агентлагаас мэдээлснээр, дайн эхэлснээс хойш 6.5 сая орчим украин хүн гишүүн улсууд руу нэвтэрчээ. Эдний тал орчим хувь нь Украиндаа буцаж очоод байна. Үлдсэн тал хүмүүсийн цөөн хувь нь Европын холбооны орнуудад хөдөлмөр эрхлээд эхэлжээ.

Сирийн дайны улмаас 2014-2017 онд маш олон дүрвэгч Европыг зорьж байсан. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас саяхан гаргасан тайланд дурдсанаар, украины дайны дүрвэгсдийн урсгал сирийнхээс даруй хоёр дахин их байх төлөвтэй байна. Ингэснээр Европ дахь ажиллах хүчин 1.2 сая орчим хүнээр нэмэгдэх аж. Европт ажилгүйдлийн түвшин хамгийн багатайд тооцогддог Чех улс болон Польш, Эстони улсууд энэ оны эцэс гэхэд хамгийн олон украин дүрвэгчээр ажиллах хүчнээ зузаатгана гэж тооцоолжээ. Европ тив хүн амын хөгшрөлтөөс улбаатай ажиллах хүчний хомсдолтой нүүр тулаад буй. Тиймээс хүн амын шилжилт хөдөлгөөн ийнхүү ихэссэн ч цалингийн хэмжээнд нөлөөлөхгүй гэж тооцоолсон байна.

Эх сурвалж: AL JAZEERA, NIPPON, VOA NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж