Хот хөлдөх эрсдэлийг өвлөөс өмнө арилгах уу?

Хуучирсан мэдээ: 2022.09.02-нд нийтлэгдсэн

Хот хөлдөх эрсдэлийг өвлөөс өмнө арилгах уу?

Хот хөлдөх эрсдэлийг өвлөөс өмнө арилгах уу?

Хотын төвлөрөл хүн амын хэрэглээний өсөлтөөс хамаарч хот хөлдөх, гал алдах  эрсдэлтэйг салбарын сайд асан Н.Тавинбэх удаа дараа анхааруулсан. Оргил ачааллын үед иргэдийн хэт өндөр хэрэглээ нь энэхүү эрсдэлд хүргэж болзошгүй. Тиймээс салбарын шинэ сайд үүнд онцгой анхаарахаа тамга, тэмдгээ хүлээж авахдаа амлаад буй. Өнөөдрийн байдлаар эрчим хүчний салбарын өвлийн бэлтгэл хангах ажил 72 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнайн мэдээлснээр, 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэлийн ажлын хэсгийн хуралд эрчим хүчний салбарын төр, орон нутгийн өмчит болон хувийн хэвшлийн 42 аж ахуй нэгж, байгууллагуудын ерөнхий инженерүүд оролцож, 2022 оны их засвар, техник зохион байгуулалтын арга хэмжээ, хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл, төлөвлөсөн хугацаанд нь гүйцэтгэхэд тулгарч буй хүндрэлтэй асуудлын талаар хэлэлцсэн.

Тухайлбал, цар тахлаас шалтгаалж хилийн боомтын тээврийн нэвтрүүлэлт дээр хязгаарлалт тогтоосноос дулааны цахилгаан станцуудын хувьд аюулгүйн нөөцөнд зайлшгүй хэрэгцээт сэлбэг материалаа бүрэн  ашиглаж үндсэн болон туслах тоноглолуудынхаа засварыг дуусгах боломжгүй байна.

Мөн эрчим хүчний нүүрс олборлогч Багануур, Шивээ-Овоо болон Шарын гол  уурхайнуудын үндсэн үйл ажиллагаанд ашиглагддаг түүхий эд болох дизель түлш, шатах тослох, тэсэлгээний материалын үнэ нэмэгдсэнтэй холбогдуулан уурхайнууд мөнгөн урсгалын дутагдалд орж, улмаар уулын ажил зогсох нөхцөл үүсээд байгаа. Эдгээр асуудлыг Засгийн газар болон холбогдох байгууллагуудад уламжилж, шийдвэрлүүлэхээр ажиллаж байна гэсэн юм. Салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд холбогдох удирдлагууд үүрэг даалгаврыг өгчээ. Үүнд:

  • Эх үүсвэрүүдийн үндсэн тоноглолын их засвар болон туслах тоноглолуудад хийгдэж буй засварын ажлуудыг төлөвлөсөн хугацаанд нь дуусгаж, ажиллагаанд залгах, бэлтгэлд оруулах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах,
  • Дулаан хангамжийн шугам сүлжээнд улсын төсөв, гадаадын зээл тусламжаар хэрэгжиж буй засвар, шинэчлэлийн ажлуудыг төлөвлөсөн хугацаанд нь дуусгахад хяналт тавьж, ашиглалтад оруулах,
  • Бараа материалын захиалга, тээвэрлэлтээс шалтгаалсан үндсэн тоноглолын их засварын ажил удааширч байгаатай холбогдуулан цаашид авах арга хэмжээг тодорхойлж, шийдэл гаргаж ажиллах,
  • Хил гаалийн нэвтрүүлэлт, тээвэрлэлтийн асуудалд яамны холбогдох албан тушаалтнууд анхаарч ажиллах, төрийн байгууллагуудтай уулзаж, шийдвэрлүүлэх зэрэг багтсан байна.

ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫГ СИСТЕМЭЭР БҮРЭН ХАНГУУЛЖ АЖИЛЛАНА

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн үүрэгт ажлаа авахдаа "Би мэдээллийн технологийн инженер, цахилгааны инженер мэргэжилтэй. Энэ салбарт ажиллаж байгаагүй ч мэргэшиж таван жил сурсан. Юун түрүүнд гурван ажлыг хийх зорилготой байна.  Хамгийн эхэнд манай салбар дэд бүтцийг хөгжүүлдэг чухал салбар тул аюулгүй ажиллагаа, техникийн бэлэн байдал нэн тэргүүний эгнээнд тавигдана.

Өвөл хаяанд ирж байгаа болохоор өвөлжилтийн бэлтгэл ажлыг системээр бүрэн хангуулах ажлыг зорилго болгож байна.

Хоёрдугаарт, эрчим хүчний салбар 2019 оноос эхэлсэн Covid-19-ийн нөхцөл байдалтай холбоотой хүндрэл, ОХУ, Украины дайны байдалтай холбоотой санхүүгийн хувьд хүнд нөхцөлтэй байна. Гуравдугаарт, төвийн эрчим хүчний систем төвдөө  дулаан болон цахилгаан эрчим хүчний дутагдалд орж эхэлсэн. Иймээс “ТЭЦ III” цахилгаан станцын өргөтгөлийг энэ ондоо багтаж эхлүүлэх ажлыг шуурхай хөөцөлдөхөөр зэхэж байна. Мөн Таван толгойн цахилгаан станцыг засварлан шинэчлэх ажил хийхээр төлөвлөж байгаа. Түүнчлэн, “Эгийн гол”-ын  цахилгаан станцын ажлыг эхлүүлэх, эс үүсвэрийг олохоор ажиллана" гэдгээ мэдэгдсэн.

Үүнээс гадна эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын хуримтлуур ирэх өвлийн оргил ачааллаас өмнө ашиглалтад орно гэдгийг Эрчим хүчний яамнаас онцлов.

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Эрчим хүчний сэргэлт багц ажлыг  хэрэгжүүлэх хүрээнд нийт 13 арга хэмжээ, 22 хөгжлийн төслийг эхний ээлжинд үе шаттайгаар хэрэгжүүлэхээр тусгаад байгаа. Энэ хүрээнд өнгөрсөн наймдугаар сард “Эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын хуримтлуур” төслийн барилга угсралтын ажлыг эхлүүлсэн билээ. Тус төслийг Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны хооронд 2020 оны тавдугаар сарын 14-ний өдөр байгуулсан 100 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл болон гурван сая ам.долларын буцалтгүй тусламж, нийт 103 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжүүлнэ. Төслийн барилга угсралтын ажил 14 сарын хугацаанд үргэлжилж, 2023 оны өвлийн оргил ачааллаас өмнө төвийн бүсийн эрчим хүчний системд холбогдох аж.

Энэ бүтээн байгуулалт Монгол Улсын төвийн бүсийн эрчим хүчний системийн тогтвортой, найдвартай ажиллагааг дээшлүүлж, нэгдсэн сүлжээний дутагдлыг нөхөж, импортын эрчим хүчийг бууруулах тооцоололтой.

Ингэснээр хүчдэлийн тохируулга хийх, дулааны цахилгаан станцыг “тэг” зогсолтоос сэргийлж, цахилгаан эрчим хүч нийлүүлэх зэрэг туслах үйлчилгээг эрчим хүчний системд үзүүлэх юм.

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ХҮНДХЭН БАЙГАА Ч ГАЛ АЛДАХГҮЙ

Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх өнгөрсөн сард “Энэ өвлийг эрчим хүчний салбар хүндхэн давах эрсдэл бий. Гэхдээ “гал алдах”, цахилгаан дулаан хязгаарлах асуудал гарахгүй.

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаснаар эрсдэлээс сэргийлж чадна. Харин ирэх жилүүдэд бодлого, төлөвлөгөөг сайн хийх шаардлагатай.

Мөн өвөл эрчим хүчний хэрэглээ өндөр болохоор гаднаас эрчим хүч авахаас өөр аргагүйд хүрдэг. Цахилгаан хангамжийн найдвартай байдлын хувьд Монгол Улс бусад улс оронтой харьцуулахад сайн. Харин хүрэлцээний тухайд хэрэглээ өндөр учраас саатах асуудал тодорхой хэмжээнд гардаг.

2022-2023 онд ОХУ-аас авдаг импортын эрчим хүчийг 100 МВт аар нэмэгдүүлэхээр төлөвлөсөн.

Эх үүсвэр болоод дамжуулах түгээх сүлжээний тухайд хэрэглээний өсөлт үйлдвэрлэлээс давсан учир тасалдал үүсэх эрсдэлтэй нөхцөлд байна гэсэн үг. Системийн хэмжээнд технологийн хүндрэл үүсч болзошгүй төлөвтэй байна” гэдгийг онцолж байв.

ИМПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ НЬ ӨНГӨН ГАРГАЛГАА

Эдийн засагчдын хэлж байгаагаар эрчим хүчний салбар импортыг нэмж асуудлыг энэ өвөлдөө баригдаж шийдвэрлэх нь өнгөн гаргалгаа буюу түр зуурын аргацаах арга. Тиймээс бодлого зохицуулалт хийх хэрэгтэй гэдгийг хэлж байна. Үүнийг ч салбарын шинэхэн сайд зөвшөөрч, "аргална даа" гэснийг дурдахгүй өнгөрч болохгүй. Эдийн засагч Д.Ангар “Эрчим хүчний салбарын бодлого алдагдсан. Иргэд, олон нийтэд таалагдах гэж улстөрчид цахилгааны үнийг нэмэхгүй байснаар бүтээн байгуулалтын ажлууд царцаж байна. Covid-19-өөс шалтгаалсан эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзаж төрөөс иргэд, аж ахуй нэгжийн эрчим хүчний төлбөрийг даасан. Монгол Улсад цахилгааны төлбөр маш хямд байдаг. Үнийг нэмэхгүйгээр эрчим хүчний хангалттай эх үүсвэр бий болгох, импортыг багасгах ямар ч боломжгүй. Эрчим хүчний салбар сүүлийн жилүүдэд байнга алдагдалтай ажиллаж, нар харсангүй. Шаардлагатай хөрөнгө оруулалт байхгүйн улмаас технологио шинэчилж чадахгүй, үйлдвэрлэлээ нэмэгдүүлж чадахгүй байдалд хүрээд байна.

Энэ жил Оросоос авах импортын эрчим хүчийг нэмэгдүүлээд дараа дараагийн жилүүдэд асуудал шийдэгдэнэ гэж байхгүй.

Тиймээс дорвитой шийдэл гаргах хэрэгтэй. Эрчим хүчний салбарт үнийг чөлөөлж, либералчлах шаардлагатай гэж харж байна. Цахилгааны үнийг нэмнэ гэхээр Засгийн газар хүлээж авдаггүй. Энэ бол маш буруу. Улстөрчид попорч биш асуудлыг углуургаар нь шийдэх нь зөв. Иргэдийн амьдрал хүнд, ядуу байсан ч цахилгаан хямд байх учиргүй. Хэрэв ийм хямд хэвээр байсаар байвал хэдэн жилийн дараа ачааллаа дийлэхгүй хот хөлдөх эрсдэл их бий.

Хэрэв цахилгаан тасарч хот хөлдвөл Монгол Улсад түүнийг сэргээх хөрөнгө, нөөц боломж бий бил үү гэдгийг иргэд сайн ойлгох хэрэгтэй.

Тэгэхээр, цахилгааны үнийг чөлөөлж, тодорхой хэмжээнд нэмэх, шаардлагатай технологиудыг шинэчлэхэд анхаарах нь эдийн засгийг сэргээхэд онцгой нөлөөтэй гэж харж байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж