Цар тахалтай холбоотойгоор хоёр жил завсарлахдаа нээлтийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлж, зарим сургууль нээлтгүй хичээлээ эхлүүлж байв. Харин энэ жилийн хувьд хичээлийн шинэ жил өргөн дэлгэр болж байна. Өмнөх жилүүдэд коронавирусийн нөхцөл байдлаас шалтгаалж хагас танхимаар хичээллэж байсан бол энэ жил 100 хувь танхимаар орж байгаагаараа онцлог байна. Ингээд бид хичээлийн шинэ жил болж байгааг тохиолдуулан нийслэлийн ерөнхий боловсролын 50 болон тавдугаар сургуулийг зорьсон юм.
Биднийг очиход сургуулийн захиргаа, багш нар сурагчдаа ёслол төгөлдөр угтан авч буй нь хэний ч сэтгэлийг догдлуулам байв. Эргэн тойронд цүнхээ дааж ядсан бяцхан үрс, найзуудаа санан уулзсан сурагчдаас авхуулаад бүгд жаргалтай харагдана. Хөөрөн баяссан олны дунд ахлах ангийн нэгэн хүү “Хичээлийн шинэ жил анх удаа болж байгаа мэт л санагдаж байна. Маш их баярлаж бас догдолж байна. Ангийнхаа найзуудад болон сургуулийнхандаа сурлагын өндөр амжилт хүсье” хэмээн инээд алдан өгүүлж байлаа.
Харин нэгдүгээр ангид элсэн орж буй бяцхан үрсийн хувьд уйлсан, уурласан хүүхэд байсангүй. Бүгд л сургуульд орох гоё байна. Цэцэрлэгээс ялгаатай байгаа зүйл нь ангидаа унтахгүй, тоглохгүй нь л өөр юм хэмээн ам уралдан ярина.
Энэ жил Улсын хэмжээнд нэгдүгээр ангид элсэн орж буй 77,753 хүүхэд байна.
50-аар сургуулийн бага ангийн багш Б.Наранчимэг:
Миний хувьд долоо дахь жилдээ анги хүлээн авч байна. Хүүхдүүдтэйгээ уулзсандаа баяртай байна. Харин энэ жилийн есдүгээр сарын нэгэн үнэхээр онцлог болж байгаа нь танхимаар бүрэн хичээллэж мөн нээлтийн үйл ажиллагаа байлаа. Нийт хүүхдүүддээ сурлага, хөдөлмөрийн амжилт хүсье” гэв.
Ийнхүү 2022-2023 оны хичээлийн шинэ жил эхэллээ. Хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанаас эрдмийн их үйлсэд шамдах гараагаа урам зоригтойгоор авсан гэдэг нь хүүхэд бүрийн гэрэлтсэн харцнаас харагдаж байлаа.
Б.УНДРАМ