АН-ын сонгогдсон дарга М.Тулгаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Энэ долоо хоногт улс төр бужигнаж, эрх баригч нам Үндсэн хуульд өөрчлөлт оруулж “давхар дээл” нөмөрчихлөө. Энэ талаар ямар байр суурьтай байна вэ. МАН олонхоор түрээ барин хэт их эрх мэдлийг бий болголоо гэх шүүмжлэл нийгэмд байна л даа. Энэ талаар ярилцлагаа эхлүүлье?
-“Алтан өргөө” кинонд Ёроо, Ёмбоо хоёр шуналын сэдлээр аавынхаа хамгаалан сахиж ирсэн эрдэнийн авдрыг онгойлгож гай түйтгэр авчирдаг хэсэг байдаг даа. Үндсэн хууль бол яг л тэр эрдэнэсийн авдар шиг Монгол гэдэг улс оршин тогтох амин сүнс юм. Тэр авдрын түлхүүр ард түмэнд байх ёстой. Учир нь Үндсэн хууль бол ард түмний хамтын бүтээл, нийгмийн гэрээ. Б.Чимид агсаны хэлснээр “алган дээр багтсан Монгол Улс”. Төрд гарсан улсууд дураараа онгичоод, өөрсдөдөө тааруулж өөрчлөөд байвал ардчилал бөхөж, нэг хүний юм уу нэг хэсэг бүлгийн дарангуйлал тогтож завхрах учир Үндсэн хуульд өөрчлөлт оруулах процесс олон шат дамжлага, хяналттай, судлаачид болон ард нийтийн өргөн хэлэлцүүлгийг дамжих дүрэмтэй байдаг. Гэтэл тэр бүгдийг алгасаад, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль, УИХ-ын дэгийн тухай хууль зэрэгт ганц амьсгаагаар өөрчлөлт оруулаад, энгийн ямар ч хуулиас хурднаар, малчин хүн хонио эргүүлээд ирэх хооронд л өөрчилчихлөө. “Үндсэн хуулийн хулгай” юм. Айл ухаж байгаа хүн баригдахгүйн тулд бушуухан шиг хамж аваад гарахыг бодно оо доо. Яг түүн шиг, цаг алдвал эвгүйтэж мэдэх учир тэд үнэндээ хурдан гялалзуур байлаа. Алганд багтсан Монгол Улсыг, бөгс арчих цаас шиг л үнгэчлээ. Үндсэндээ энэ их хурал Монголын ард түмнийг доромжилсон гэж хэлж болно. Яаруу сандруу оруулсан тэр өөрчлөлт нь юу байсан бэ. Ердөө л давхар дээлийн тухай ганцхан өгүүлбэрийг хасах. Ингэснээр УИХ-н гишүүд бөөн бөөнөөрөө сайд, дарга болж дэвших боломж бүрдлээ. Ард түмний дэмжлэгийг алдаж, дэнжигнэж байсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүдэд сайдын суудал өгч, “хахуульдах” замаар байр сууриа бэхжүүлж авлаа. Одоо энэ засаг яаж ч мунхаг авирласан УИХ дээр давхар дээлтнүүд нь хамгаалаад ховхрохгүй.
-Цэцийн дүгнэлттэй холбоотой шийдвэр хэлэлцэх үед АН-ын гэгдэх гишүүд кнопоо наймаалцсан шүү дээ?
-Давхар дээлтэй сайд дөрвөөс илүү байж болохгүй гэдэг Үндсэн хуулийн өөрийнх нь заалт Үндсэн хуулийн үзэл санааг зөрчсөн байна гэж дүгнээд хасна гэдэг юу гэсэн үг вэ!
-Харин та юу гэж харж байна вэ?
-Энэ бол даалгавраа биелүүлэхийн тулд яахаас ч буцахгүй болсон цайчихсан үйлдэл. Үндсэн хуулийн “бие хамгаалагч” байх учиртай цэц биеийг нь хамгаалах биш, өөрийг нь хүчирхийллээ. Цэцийн эрх үүрэг Үндсэн хуулийн 5-р бүлэгт маш тодорхой байдаг, тэр нь ердөө л бусад хууль, тогтоомж, шийдвэрүүд Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхэд хяналт тавих, дүгнэлт гаргах. Үндсэн хуулийг өөрийг нь шүүх, засах эрх цэцэд байхгүй. ХҮН намынхан “парламентын ардчиллыг бэхжүүлэх түүхэн шийдвэр гарлаа” гэж хөөрцөглөөд байсан. Бүр яг эсрэгээрээ юм болсон гэж би хэлнэ. Т.Доржханд гишүүн өөрийнхөө үйлдлийг зөвтгөн тайлбарлаж байгааг анхааралтай сонссон. Нөхөр буруугаа мэдрээд байх шиг байна лээ. Гэхдээ түүнийгээ “хойшоо нэг ухарч, урагш хоёр алхах” улс төрийн нүүдэл гэсэн байдлаар зөвтгөж байсан. Би бол үүнийг хойшоогоо гурав, магад түүнээс ч их ухарсан гэж хэлнэ. Маш буруу жишиг, практик үлдээлээ.
СҮҮЛИЙН ХОЁР ЖИЛ 50 ГАРУЙ МЯНГАН БИЗНЕС ЭРХЛЭГЧИД ДАМПУУРЧ, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЗОГСООСОН
-Засгийн газрын бүтцийг улам өргөжүүлж, шинээр сайд нарын тоог нэмлээ. Дарга нарын суудлыг нэмж, төрийг данхайлгах шаардлага байсан уу. Эрх баригч намын үйлдэл хэрээс хэтэрч буй гэдэгтэй та санал нийлэх үү?
-Ардчилсан нам түүхэндээ ганц удаа буюу 1996-2000 онд УИХ-д олонхи болсон үедээ яамдын тоог цөөлж, 9 яамтай цомхон бүтэцтэй ажилласан. Тэр үедээ өнөөдрийн эдийн засгийн өсөлтийг авчрах бүх суурь реформуудыг зоригтой хийсэн байдаг. Ардчилсан намын үзэл баримтлал угаасаа төрийг данхайлгах биш, хувийн хэвшлийг зузааруулах, төрийн оролцоог багасгаж, хувийн хэвшил, иргэний нийгэмд тулгуурлах явдал. Тиймээс сая батлагдсан Засгийн газрын бүтцэд маш шүүмжлэлтэй байна. Нэг аварга гишүүнд зориулсан Олимпизмын сайд гэдгийг бий болгож, хотын дарга байсаар байхад хажуугаар нь “хот хариуцсан сайд” гэж гаргаж будилуулах жишээний. Ердөө л бялуу хуваалцах найрын ширээний тохироо явагдлаа. 2016 онд 9 их наяд байсан улсын төсвийн зарлага энэ онд 18 их наяд болж дарга нарын хуваарилдаг төсвийн мөнгө хоёр дахин нэмэгдсэн. Үүнээс идэлцэх гэсэн ээлжнийхэн нэмэгдэж байгаа юм. Төсөв данхайгаад томроод байдаг, энэ хооронд Монгол Улсын эдийн засаг тэлсэн үү гэвэл үгүй. Яг байрандаа байгаа. Нэг хүнд ногдох ДНБ буюу монгол хүний дундаж орлого 4000 ам.доллар дээрээ гацаатай, задлаад аваад үзвэл шударга бус хуваарилалт даамжирсан байдалтай л байна.
“Хэлдэг гурав, хийдэг ганц” гэдэг шиг энэ олон сайд дарга нар, төсвийн мөнгийг сорж шимэгчилж амьдардаг намчингууд, тендерчингүүд, төрийн албаны шат шатанд шигдсэн цавчаачид, дээр нь ажил хийх дургүй ч юмуу чадваргүй халамжийнхныг хэдэн бизнес аж ахуй эрхлэгчид асар хүнд дарамт, бэрхшээл дунд нуруун дээрээ үүрч явна. Ковидтой сүүлийн хоёр жил 50 гаруй мянган бизнес эрхлэгчид дампуурах юмуу, үйл ажиллагаагаа зогсоосон.
-Цаашлаад ядуурал ажилгүйдэл улам нэмэгдэж байгааг дарга нар төдийлөн ойлгохгүй байх шиг?
-Нийгэмд өөрсдийгөө болгоод явж байсан ажилсаг, хариуцлагатай хүмүүс нэг л өдөр ажилгүйчүүдийн, эмзэг бүлгийн эгнээнд шилжин орж байна. Тэгтэл орой дээр болохоор улам данхайж, найрын ширээ дүүрээстэй. Айлаар бол өрхийн орлого нэмэгдэхгүй, ажил орлого бүтэл муутай хэр нь найр наадам, идэш ууш нь ихэссэн дампуу байдалтай байгаа юм. Хавийн амьтнаас мөнгө зээлээстэй. Засгийн газрын шууд өөрийн болон Засгийн газрын баталгаатай гадаад өр МАН-ыг үнэмлэхүй олонхи болж эхэлсэн 2016 онд 5 тэрбум доллар байсан бол энэ онд 11 тэрбум руу орж хоёр дахин өссөн. Үнийн өсөлт хавтгайдаа гаарсан, валютын ханш дийлдэхээ байсан, хил гааль нь байнгын асуудалтай, ид бүтээн байгуулалтын улиралд цемент нь тасраастай, ид ургацын үеэр түлшний үнэ гозойсон, банкууд нь зээл олголтоо зогсоосон, эрчим хүчний чадал нь өвлөө даахгүй болсон, нийслэл хот нь түгжрээд тэг зогсолт руугаа орчихсон ийм хүнд өнөөдрийн дампуурлын үндсийг тавьсан хүмүүс буцаад сайд дарга нар болж байгаа нь харамсалтай. Нийгэм, эдийн засгийн байдал улам хүндрэх нь тодорхой байхад “Алсын хараа 2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” гэж цонхны цаанаас чихэр долоолгож, өнөөдрийн зовлонг мартуулах гэсэн арга ядсан, суудал сэнтийгээс зууралдсан, мухардсан ухарсан аргаар явж байгаа нь үнэхээр санаа зовоож байна. Хавар төсвийн тодотгол хийхдээ “Ирээдүй өв сангийн” хуулинд бас л гар дүрж, ирээдүй үеийнхээ баталгааг энэ үе нь булааж авсан. Саяхан л дан дээлтэй мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн “Мэргэжлийн засгийн газар” байгууллаа гэж хөөрцөглөж байсан. Гэтэл хууль журмаа нэг өдөр л солиод давхар дээлтэй, данхайсан, найраа хийж наймаалцсан засгийн газар байгууллаа. “Найрааны засгийн газар” гэж нэрлэвэл таарна.
1970-аад онд дэлхий нийтэд дараалсан “Нефтийн шок”-оос үүдээд Америк, Япон, баруун Европын орнуудад ижил төстэй хямрал нүүрлэж байсан. Түүнийг тэд төрийн оролцоог бууруулж, төсвийн сахилга батыг чангатгаж, татвар бууруулан хувийн хэвшлийг дэмжиж, бүтцийн бодлого явуулах замаар даван туулж байсан. Манайх тэгэхгүй улам данхайж, хөшөө барьж, 100 жилийн ой, баярууд тэмдэглээд, өр тавиад, булаацалдаж идэж уугаад явж байна.
-Ээлжит бус чуулганаар АН-ын бүлгийн даргаар О.Цогтгэрэлийг томилох шийдвэр гаргалаа. Үүнийг зөвшөөрөх үү?
-Сонгосон процесс нь хуулийн заалт зөрчсөн байх магадлалтай юм билээ. Гэхдээ үндсэн асуудал шийдэгдээгүй цагт иймэрхүү дайвар маргаан тасрахгүй. Үндсэн асуудал гэдэг маань АН-ыг хэн албан ёсоор төлөөлөх юм бэ гэдэгт эцсийн хариу авах явдал юм. Уг нь “Эрдэнийн” гэж нэрлээд байгаа АН нь бүх талаасаа хууль ёсны юм л даа. Миний хувьд ч өнөөдрийг хүртэл хэн нэгнийг дагаж биш, хууль ёсны тугийг дагаж явж ирсэн, намын даргын сунгаанд хүртэл оролцсон. Гэтэл дүрмээр аль 2020 онд огцорчихсон хүн хамгийн сүүлд Дээд шүүхэд бүртгүүлсэн гэх давуу тал, бас дүрмээс үүдсэн ойлгомжгүй байдлыг ашиглаад дараагийн даргыг тодруулахгүй, “би намын дарга” гээд гүйгээд байхаар дүрмийн байх юмыг дүрмийн бус харагдуулаад байгаа юм.
-АН-ын гишүүд сайдын суудал горилож суусныг та хэрхэн харж байна вэ?
-Хэрхэвч байж болшгүй асуудал. Хэрэв урилга хүлээж аваад орох хүн байсан бол тэр хүнийг лав 2024 онд АН-аас нэр дэвшүүлэхгүй байлаа. Бүхэл бүтэн намыг, олон мянган гишүүдтэй нь шаварт хутгах нүглийг юугаар ч цайруулахгүй л дээ.
2020 оны сонгуулиар МАН-аар ажил хийлгэнэ, АН-аар хяналт тавиулна гэдэг сонголтыг монголын ард түмэн хийсэн. Тодорхой түүхэн цаг үед хамтарсан засаг байж болдог асуудал, 2008 онд хамтарч Оюутолгойг хөдөлгөсөн шиг. Энэ удаад бол яагаад ч биш. Хамтарсан засаг нэрийн дор бүх буруугаа АН-д нялзаах нь тодорхой.
АН- ЯМАР Ч АЖИЛ ХИЙСЭН НИЙГЭМ ХҮЛЭЭЖ АВАХГҮЙ БАЙНА
-АН цаашдаа яах вэ. Бүлэггүй, сайдын суудал горилсон гишүүдээ бүлгээсээ хөөсөн. Цаашид сөрөг хүчний үүргээ хэрхэн биелүүлэх вэ?
-АН үндсэн асуудлаа шийдэхгүй бол сөрөг хүчний ямар ч ажил хийсэн унаж, нийгэм хүлээж авахгүй байна. Ардчилсан намыг дэмжих учиртай шинэ залуу үе С.Эрдэнэ, Женко Баттулга гэх мэт хүмүүс байгаад байхаар цэрвээд орж ирэхгүй байна. Байгаа хэд нь хоёр гурван талд гарчихаад учраа олохгүй байна. Тиймээс одоо эцэслэж авах цаг болсон. Дээрх хоёр эрхэм сая урд хойноо орж өөр өөрсдийн их хурлыг хийж, намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдээр Эрдэнэ өөрийгөө, Женко өөрийн нэг хүнийг тавьж дахиад л дээд шүүх рүү өгцгөөлөө. Тэр их хурал гээч нь коммунист намын хурал цаашаа, ямар ч дотоод ардчилалгүй. Бөөн дүрмийн зөрчилтэй. Тиймээс дээд шүүхэд унана гэж бодож байна.
Ер нь бол өнөөдөр АН-ыг албан ёсоор төлөөлөөд, төрийн байгууллагуудтай харилцаад явж байгаа нэг л хүн бий. Тэр бол АН-ын генсек Ч.Өнөрбаяр. Ноднин болсон Ерөнхийлөгчийн сонгуульд ч, УИХ-ын нөхөн сонгуульд ч энэ хүний гарын үсгийг СЕХ албан ёсны гэж үзэж, энэ талаас нэр дэвшилт явагдсан. Өнгөрсөн гуравдугаар сард мөн л Ч.Өнөрбаярын гарын үсгээр хүсэлт гаргасан намын дүрмийн өөрчлөлтийг дээд шүүх бүртгэж авсан.
-Дүрмийн дагуу С.Эрдэнэ огцроод суудлаа тавьж өгөх ёстой юм байна тийм үү?
-Дүрмээр огцорсон С.Эрдэнэ зууралдаад байгаа болохоос биш, угтаа бол бүх юм энэ талдаа хүчин төгөлдөр яваад байгаа юм. “Надад тулах цэг өгөөч” гэж Архимед хэлсэн шиг, өнөөдөр аль нь жинхэнэ АН юм бэ гэдгийн хариу, тулах цэгээ бүр тодорхой болгож авах хэрэгтэй. Түүн дээр тал талаасаа цуглаж байгаад дараагийн намын даргаа тодруулан баталгаажуулж, дээд шүүхэд бүртгүүлж авах үйл ажиллагааг явуулах, манай зарим ҮБХ нар, Нээлттэй ардчилал клубынхны гаргаад байгаа “Их зөвшилцөл” санаачлагыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Асуудлаа шийдэхээс нааш сөрөг хүчний ажил явахгүй гэдгийг та ч харлаа, бид бүгд харлаа. Нийгэм ч хүлээж авахгүй байна. Хоорондоо ч дэмий маргаж, хуваагдаж хүч сарниад байна.
-АН-ын даргын асуудал энэ онд шийдэгдэх үү. АН-ын даргад горилогч нарын нэрс тодорч байна уу?
-Энэ намар шийдэгдэхгүй бол цаашид ганц намын асуудал биш, Монголын асуудал хүндэрчих гээд байна. Тиймээс АН-ын тэр энэ гэхгүй бүгд нийлж, цуглаж зөвшилцөх, ярилцах хэрэгтэй. Намын дарга гэж өөрсдийгөө цоллоод байгаа С.Эрдэнэ, Х.Баттулга хоёр хэн хэн нь хууль шүүхийн асуудалтай, хэрэг нь прокурор дээр "боогоостой", үнэн худал нь мэдэгдэхгүй гэмт хэргүүд яригдаастай яваа. Энэ байдал ард түмэнд АН-ыг муухай харагдуулаад байна. Тиймээс шүүхийн байгууллага ажлаа хий. Гэм буруутай юм бол зохих ял шийтгэлийг нь өгөөд явуул, үгүй юм бол цагаатга. Энэ хоёр хүн бие биедээ ашигтай болчихоод байна. С.Эрдэнэ нь “би энэ намыг Женкогоос хамгаалж байна” гэж хэлдэг үгтэй, нөгөөгийн хувьд болохоор С.Эрдэнэ зууралдаад байгаа учраас энэ талыг муухай харагдуулж, гишүүдийг очих газаргүй болгож байна. Ийм байдлаар хэн хэнийгээ амилуулаад байна. Ямартай ч энэ намар нэлээд бужигнах байх. Шийдэл гарна гэж бодож байна.
Холбоотой мэдээ