"Тэмдэглэлт баяраар шавь нартаа гэнэтийн бэлэг барихыг хичээдэг"

Хуучирсан мэдээ: 2022.09.02-нд нийтлэгдсэн

"Тэмдэглэлт баяраар шавь нартаа гэнэтийн бэлэг барихыг хичээдэг"

"Тэмдэглэлт баяраар шавь нартаа гэнэтийн бэлэг барихыг хичээдэг"

Есдүгээр сарын 1. Хүн бүхэнд, хүүхэд бүрт энэ өдрийн сурагч насны нандин дурсамж байдаг учраас догдлол, баяр хөөр дүүрэн өнгөрөөдөг. Багш нарын хувьд ч ялгаагүй. Жил бүрийн энэ өдөр багш нар баглаа цэцэг, чихрийн цуглуулгад "дарагддаг" бол эсрэгээрээ багш нар сурагчдадаа гэнэтийн бэлэг барьж, баярлуулж болдог гэдгийг нэгэн багш үлгэрлэв. Түүнийг А.Энхболор гэдэг. Тэрбээр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Есдүгээр сургуулийн бага ангийн багшаар гурав дахь жилдээ ажиллаж буй. Түүний хичээлийн шинэ жилийг угтаж, анги, танхимаа чимэглэн бяцхан шавь нараа хүлээн авсан  үйлдэл нь олон нийтийн сүлжээнд эерэг хандлагыг түгээсэн юм. Ингээд түүний яриаг хүргэе. 


-Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе?

-Баярлалаа. Монголынхоо ирээдүй болсон хүүхдүүддээ хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе.

-Одоо хичээл нь тарчихсан уу? 

-Манай ангийнхан өглөө хичээл нь ороод тарчихсан байна.

-Бидэнд өөрийгөө танилцуулахгүй юу. Бяцхан шавь нар нь ангийн багшийнхаа гэнэтийг бэлгийг хэрхэн хүлээж авсныг сонирхож болох уу?

-Би гуравдугаар ангийн "Д" бүлгийн ангийн багш юм. Жил бүрийн есдүгээр сарын 1-ний өдөр болон тэмдэглэлт баярын өдрүүдэд шавь нартаа гэнэтийн бэлэг барихыг хичээдэг. Гэхдээ мэдээж энэ бүхнийг ганцаараа хийдэггүй. Манай эцэг, эхчүүдийн сэтгэл зүтгэл, оролцоо их бий. Өнгөрсөн жил манай ангийнхан шинэ ангид орж, хүүхдийн нас, сэтгэл зүйн онцлогт тохируулан ангиа бүрэн тохижуулсан. Энэ жил хүүхдүүддээ хэзээ ч мартагдахааргүй дурсамж үлдээхээр агаарын бөмбөлөг, жижигхэн гарын бэлэг, баг бэлдэж, угтаж авлаа.

Шавь нар маань бүгд аз жаргалтай, нүүрэнд нь инээмсэглэл тодорч, их баярласан. Ерөнхийдөө хичээл эхэлснээс таран тартлаа баяр хөөртэй маш гоё хүлээж авсан. Хүүхдүүд маань их хөөрхөн байсан. Би хоёр хоногийн өмнө ангиа тохижуулсан. Хурдан шавь нартайгаа уулзах юмсан гэж хоног тоолон догдолж, хүлээж суулаа.

-Мэргэжил бүхэн сайхан гэдэг. Бага ангийн багш мэргэжлийг хэрхэн сонгов. Ажил мэргэжлийнхээ сайн сайхан талыг хэлбэл?

-Бага ангийн багш мэргэжил бол миний ээжийн мөрөөдөл байсан. Би өөрөө хуулийн байгууллагад прокурор болохыг хүсдэг байсан. Учир нь эх орныхоо төлөө ямар нэгэн зүйл хийж, хөгжилд нь бага ч гэсэн хувь нэмрээ оруулахыг хүсдэг байлаа. Гэхдээ эцсийн мөчид ээжийнхээ зөвлөснөөр бага ангийн багш мэргэжлийг сонгосон. Эхэндээ залуу багш учраас маш хэцүү санагдсан. Бага ангийн багш бүгдийг хийж чаддаг ур чадвартай байх ёстой. Ажил мэргэжлийнхээ хэцүү бэрхийг мэдэрч, даван туулсныхаа дараа мэргэжилдээ улам хайртай болж, миний ажил биш хобби минь болж хувирсан.

Миний хувьд 2015 онд Нийгмийн ухааны дээд сургуулийг бага ангийн багш мэргэжлээр төгссөн. Их сургуулиа төгсөөд 137 дугаар сургуульд ажиллаж байгаад Есдүгээр сургуульд ажилд орсон. Энэ сургуульдаа гурав дахь жилдээ ажиллаж байна. Одооны ангиа нэгдүгээр ангиас нь дааж авсан.

-Бага ангийн сурагчдад хичээл заахад багшаас нэлээн ур чадвар шаарддаг. Залуу багшийн хувьд ямар арга барилаар шавь нартайгаа ажилладаг вэ?

-Нэг ангид 30 гаруй айлын 30 өөр хүүхэд сурдаг. Тэр болгонтой харьцана гэдэг амаргүй зүйл. Тухайн хүүхдээ хичээлдээ орж ирж буй сэтгэл зүйн байдлыг харцнаас нь хараад мэдэрдэг. Тэгэхээр хүүхдүүдийнхээ сэтгэл зүйд нь тохируулж, магтах үедээ магтаж, урамшуулахыг хичээдэг. Ялангуяа бага насны хүүхдүүдийг байнгын урамшуулж, онгироож байж, хичээл заавал юм сурахад нь дөхөм болдог гэж боддог. Эцэг, эхчүүдийн үүрэг оролцоо маш чухал.

Тийм учраас эцэг, эхийн хурлыг хурал байдлаар бус уулзалт, өдөрлөг хэлбэрээр хийдэг. Мөн сэтгэл судлаач багш, нийгмийн ажилтан гэх мэт зочдыг урьж авч ирж, гэр бүлийн боловсролд зориулсан сургалт, уулзалтыг зохион байгуулдаг.

-Боловсролын уламжлалт арга барил их өөрчлөгдөж байгаа юм байна?

-Тэгэлгүй яах вэ. Нийгэм, цаг үе их өөрчлөгдөж байна. Багш нар тэр болгоныг дагаж, өөрсдийгөө хөгжүүлэх ёстой шүү дээ.

-Ангиа их сайхан тохижуулсан байсан?

-Баярлалаа. Би фэйсбүүкээс олон орны багш нар ангиа хэрхэн тохижуулдаг талаар хайж, судалдаг. Бас гадаадад багшаар ажилладаг хүмүүстэй олон нийтийн сүлжээгээр холбогдож, арга зүйн туршлагаа хуваалцахыг хичээдэг. Би өөрөө шинэ соргог зүйлд дуртай, хүүхдүүдээ баярлуулах дуртай учраас ангиа тохилог тухтай байлгахыг боддог. Миний хувьд ангийн фондын мөнгө хураадаггүй. Манай сургуулийн удирдлагаас өнгөрсөн жил энэ ангиа өөрөө сайхан тохижуулж аваарай гээд даалгасан юм.

Тэр үед ангийнхаа эцэг, эхчүүдэд "Та нар маань хүсвэл надад туслаарай" гэж хэлсэн чинь 20 гаруй эцэг эх надад чин сэтгэлээсээ тусалсан. Бусад 1.6 сая төгрөгийг өөрөөсөө гаргасан. Миний хань намайг их ойлгож, дэмждэг учраас ажлаа хүссэнээрээ хийдэг.

-Та гэр бүлээ танилцуулахгүй юу?

-Би нөхөр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Том нь дөрөвдүгээр анги, бага нь гурван настай. Одоо гурав дахь хүүхдээ тээж байгаа.

-Таны мөрөөдлөөс хуваалцаж болох уу?

-Би эх орноо л сайхан болгохыг мөрөөддөг. Улс эх орны хөгжил гэдэг чинь өндөр барилгыг хэлэхгүй.  Хувь хүний хөгжил, харилцаа, боловсролыг хэлнэ. Энэ бүгдийг өөрчилж, сайхан болгохыг хүсдэг. Аливаа зүйлийг сайн сайхнаар харж, бүтээдэг ирээдүйн иргэнийг төлөвшүүлэх нь миний мөрөөдөл.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХөөрхөнХөөрхөн
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж