Өчигдрийн инээдэм, өнөөдрийн элэглэл, маргаашийн эмгэнэл

Хуучирсан мэдээ: 2022.09.01-нд нийтлэгдсэн

Өчигдрийн инээдэм, өнөөдрийн элэглэл, маргаашийн эмгэнэл

Өчигдрийн инээдэм, өнөөдрийн элэглэл, маргаашийн эмгэнэл

Их Д.Нацагдоржийн бичсэнчлэн  “Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо босоо” хэвээрээ. “Хуучин хүү” зохиолд гардагчлан, хөлд орохоос аваад, үс цайхыг хүртэл нэг хэсэгхэн нөхдийн дураар дургихыг харж, ааш аягийг нь дагасаар ертөнцийг эцэслэнэ…

Яг л зохиолд гардаг шиг монголчуудын амьдрал бахь байдагтаа. Анхлан 2008 онд “сүүний мөнгө” тарааж байсан нөхөр сайд болмогцоо “Энэ жил хүнд өвөл болохыг үгүйсгэхгүй. Тэгээд аргална даа” гэхийг инээдэм болгон хүлээж авсан бид элэглэнэд эхлэв. УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл сайдын давхар дахтай болоход “Бүсэлж буй тэлээ минь хүртэл СА гэдэг аралтай..” гэх тохуурхан бичсэн сэтгэгдэл заримынх нь цухлыг барьж, заримыг нь савааж байна. Эрх баригчид сайд, даргын суудалдаа хэнийг очуулах тухай тоо бодоод тун чиг завгүй. “Арай ч дээ” гэмээр л албан тушаалын томилгоо өнгөрсөн өдрүүдэд болсныг монголчууд харав. Дөнгөж бүрэлдсэн Засгийн газар өчигдрийн хуралдаанаараа ирэх онд хүн амын хэрэглэх гурил, махны хэрэгцээнд зориулан нөөц бүрдүүлэхэд шаардлагатай санхүүгийн оновчтой схемийг гаргахыг хариуцсан албан тушаалтанд даалгажээ. Ингэх болсон шалтгаан нь инфляцийг бууруулах зорилготой аж. Санхүүгийн оновчтой схем гэхээр үүнд зарцуулахад шаардлагатай мөнгийг гаргана гэсэн үг. Гэтэл сөрөг хүчин гэж Монголд алга. АН амиа яая гэж байна.

Гэтэл инфляц гээч бараа, бүтээгдэхүүнээс бус мөнгөний нийлүүлэлт нэмэгдсэнээс болдог талаар эдийн засагчид анхааруулсаар буй. Тэрхүү утгаараа валют өсөөд байгаа юм биш, төгрөгийн ханш унаад байхад л эрх баригчид мөнгө хэвлэсэн. Эдийн засгаа аврах их наядын төлөвлөгөөгөө танилцуулахдаа мөнгө хэвлэхгүй гэсэн ч хожим нь хэвлэсэн гэдгээ Монголбанкны ерөнхийлөгч хүлээн зөвшөөрсөн билээ. Ийм байдлаар асуудлыг эрх баригчид шийдэж ирсэн нь инфляцийг өсгөж, төгрөгийг сулруулж ирсэн билээ. Гэтэл дахиад өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтэд зохиомол хомсдол үүсгэхээс сэргийлэх, шахмал түлшний талаар авч хэрэгжүүлж буй ажлыг Эрчим хүчний сайд, ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуунд даалгажээ. Мэдээж тэд “аргална”. Харин асуудал хэвээрээ үлдэх төдийгүй тэдний аргалах нь хожим асуудал үүсгэх вий.

Сөрөг хүчин байхдаа эрх баригчдыг буруутгаж, эдийн засгийг сүйрүүлж буй талаар өдөр, шөнөгүй пропаганда хийж байсан тэд өнөөгийн байдлыг өмнөх эрх баригчид руу чихсээр өдийг хүрэв. Гэтэл үнэн хэрэгтээ бараа бүтээгдэхүүний тээвэрлэлт удааширсан, түүнтэй холбогдсон хүнд сурталаас болоод үнийн өсөлт өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Барилгын материалын үнэ тэнгэрт хадсан нь татан авалтаас болсноос худалдаачдын шуналаас болоогүй. Энэ мэт урсгалыг сайжруулахын оронд цагдах, хүчлэх, хаах, боох тухай л тэд бодож байна.

Гадаад өр 18 тэрбум ам.долларт хүрлээ гэж уулга алдаж байсан эрх баригчид өнгөрсөн хугацаанд өрийг нэмэгдүүлэхэд л чармайсан гэлтэй. 2022 эхний улирлын байдлаар Монгол Улсын гадаад өр 33,89 тэрбум ам.долларт хүрчээ.

Энэхүү өрийн хүүнд жилд 200 сая орчим ам.долларыг төлж байна. Гоё гоё нэртээ бондыг төлбөрийг хойшлуулахыг нь хойшлуулсан ч ирэх жил эхнээс нь төлөхөөс өөр замгүй.

МАН-ын Монголыг хөгжүүлэх бодлого Дарханы замын засвартай л адилхан хурдтай явна. Ядаж байхад юун Олимпизмын сайд вэ? Хайртай хайртай гэхэд олны хүндэлдэг аваргаа ингэж элэг доог тохуу болгон давхар дээл нөмрүүлж хорлодог нь бүр хоржоонтой.

Гэтэл МАН “Монгол төр”, “Өндөр төрийн босго” гэхчилэн үгээр чамирхаж биедээ тал засах зусардаж, ерөөл өргөж, албан тушаалаа хувааж, баясгалантай нь аргагүй байцгаах. Хаана байна аа, Монголын төлөө төр чинь. Нөгөө өндөр босгыг нь чинь даваад орж ирж байгаа нь уржигдар, өчигдөр, өнөөдрийн томилгоо юм уу? 20 сайдтай боллоо гээд юу тэдэнд зарцуулдаг хангамж, төсөв нэмэгдэх болов уу, түүнээс илүү ахицтай ажиллах болов уу? Эрх баригчид инээлдэн биесээ албан тушаалд томилж байна. Ичгүүр сонжуургүй тэдний иргэд хараад элэглэж байна. Энэ бүхэн эцэстээ Монголын эмгэнэл болон хувирлаа. “Хуучин хүү” өгүүллэгт гардагчилан хөх монгол улаан монгол болсон бол өнөөдөр Монголын нийгэм, эдийн засгийн үзүүлэлт болгон сааралтан харлаж байна. Гэтэл эрх баригчдын амнаас гардаг нь “хүнд хэцүү цаг”, “амаргүй үе”, “тэвчихээс өөр аргагүй нөхцөл байдал” гэхчилэн ялархаж, тунирхсан үг. Аврагчийн дүрээр аргацаасан шийдвэр. Өчигдрийн инээдэм, өнөөдрийн элэглэл, маргаашийн эмгэнэл болох вий. Өөрт нь амар заяа үзүүлдэггүй хүнийг өөд болоход шарил дээр нь "Тэвчээрийн багшаас саллаа" хэмээн эмгэнэл гашуудсан лут сэтгэлтэн шиг биш их л тэвчих юм. Гэхдээ тэвчээрт ч хязгаар буйг эрх биш эрх баригчид гадарлаж байгаа бол аргалж, аюултай ангал руу ард түмнээ түлхэлгүй, ажлаа хиймээр байна.

Тэдний хувьд, хуучин гишүүн шинэ сайд болов. Юутай завшаан, юутай баяр. Иргэдийн хувьд бараа, бүтээгдэхүүний үнэ өсч, мөнгө цаас болов. Цалин бахь байдагтаа. Юутай гаслан, юутай  эмгэнэл.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ЗөвЗөв
10
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж