“Prime Green Cashmere” компанийн Бүтээгдэхүүн хөгжүүлэлт хариуцсан захирал У.Уранзаяатай ярилцлаа. Тус компанийн тухайд “Nolur Cashmere” гэх Монгол ноолуурыг дэлхийд таниулах брендийг бий болгожээ. Есдүгээр сарын 3-ны өдөр “Nolur Cashmere”-ийн зүгээс “Infinity 2022 Fashion Show”-аа танилцуулах гэж байна.
-Яагаад заавал хувцас загварын тэр дундаа ноолууран хувцас, эдлэлийн салбарт өөрийгөө сорих болсон юм бэ? Таныг өөр мэргэжилтэй гэж сонссон юм байна.
-Яг энэ салбарт ороод дөрвөн жил болж байна. Бизнес менежмент, олон улсын харилцаагаар бакалавр, магистр хамгаалсан миний хувьд энэ салбар шинэ сорилт байсан. Гэхдээ Италид оюутан байсан учраас “Fashion” миний сонирхлыг татаж байв. Одоо дизайны чиглэлээр онлайнаар сурч л явна. Мэдэхгүй зүйлс их гарна аа. Шинэ сорилт учир чадахгүй, мэдэхгүй зүйлсээ гадаад, дотоодоос суралцаж, хөгжих дэвшихийг бодож байна.
-Хувцас загвар, соёлын талаарх арвин түүхтэй, өндөр хөгжсөн Италид сурч байсан нь таныг энэ салбарт хүч үзэх сонирхолтой болгосон байх нь ээ?
-Мэдээж сонирхол төрсөн. Өөрөө бас хувцасны дэлгүүр ажиллуулж байлаа. Мөн “Хувьсал” продакшны хоёр ч киноны стилистээр ажилласан. Олон улсын харилцаагаар төгссөн, хувцас загварт сонирхолтой гэдэг талаасаа ч хувь хүний “Private” хичээл ордог. Жишээлбэл, улаан хивсний ёслол дээр хэрхэн хувцаслах вэ, нүүрээ хэрхэн будах вэ, хүндэтгэлийн хүлээн авалтад юу өмсөх, кофе, цайгаа яаж барих, виногоо яаж уух вэ гээд энэ бүрийг хүмүүс төдийлөн сайн мэддэггүй. Хүлээн авалтанд зохимжгүй, тохиромжгүй хувцас өмсч ирдэг хүмүүс бишгүй л бий. Тиймээс энэ бүгдийг анхаарч, хувь нэмрээ оруулах үүднээс “Private” хичээл ордог.
Энэ бүх туршлага, мэдлэг, дур сонирхолоо нийлүүлэн түүнд нийцсэн, хүссэн загварынхаа хувцсыг ноолуураар хийх надад маш таатай санагддаг.
-Сонирхлоо хэзээнээс ажил хэрэг болгоё гэж шийдэв. Хүн хэлэхээс нааш, цаас чичхээс нааш гэж үг бий. Хэн нэгэн санал тавьж, уриалсан уу?
-Манай компани дөрвөн үүсгэн байгуулагчидтай. Миний гурван найз хамтарсан юм. Би энэ талаар ярих дуртай л даа. Миний 30 жил нөхөрлөсөн багын найз минь хоёр найзтайгаа нийлээд бид дөрөв үүнийг хийсэн. Бид арав гаруй жилийн өмнөөөс хамтарч ажиллаж эхэлсэн. Анхандаа дөрвөн айлын эзэгтэй жилдээ 3-4 удаа хүмүүнлэгийн ажил хийдэг байсан юм. Хэнд ч хэлэхгүй. Зарлахгүйгээр хаана тусламж хэрэгтэй байна тэнд нь хүрдэг байлаа. Ямар ч зураг, бичлэг, камерын хэрэг байгаагүй. Бид үүн дээр санал нэгдэж байсан.
Одоог хүртэл манай ажлын чатны нэр “Хүмүүнлэг үйлс” гэсэн нэртэйгээ байгаа.
Бид дөрөв найзалж, хүмүүнлэгийн үйлс хамтдаа хийдэг байсан ч тус тусдаа л ажилладаг байлаа. Ингээд эцэст нь, бүгдээрээ нийлээд “Nolur” гэдэг брендийг бий болгоё гэж шийдсэн түүхтэй. Гэхдээ бид одоо ч ажлынхаа хажуугаар хүмүүнлэгийн үйлсээ хийсээр л яваа.
Буяны үйлсийг заавал зарлах нь гол биш шүү дээ.
-Танай брендийн онцлог, бусдаас ялгарах давуу тал нь юу вэ?
-Монгол ямаа эрс, тэс уур амьсгалд аж төрдөг учир ноолуур нь чанар сайтай байдаг. Хүмүүсийн дунд ноолуур гэхээр л хар, бор цамц л толгойд буудаг. Тэгвэл бид нар тэр ойлголтыг халж, орчин үеийн трендийг ноолуураар хийхийг хүссэн. Энэ маань бидний хичээж, зүтгэж буй шалтгаан. Өөрөөр хэлбэл, ноолууран бүтээгдэхүүний зах зээлд хөгжил, дэвшил гаргахыг хүсч байна.
Хоёрдугаарт, яагаад дэлхийн томоохон брендүүд Монголоос ноолуураа бэлдчихээд гадаадад үнэтэй зараад байгаа юм бэ? Түүхий эд, боловсруулах арга нь адил байж, илүү үнэд хүрээд байна. Яагаад бид нар тэгэж болохгүй гэж… Тиймээс дэлхийн зах зээлд гарах том амбицтай зүтгэж байна. Үүний дагаад чанартай, өнгө, загвар, дизайн нь хэнд ч гологдохгүй, үнэтэй брендүүдийн түвшинд очихоор хичээж байна. Манай брендийн онцлог ерөнхийдөө энэ. Гэхдээ манай брендийн хоёр нууц бий. Үүнийг бид нар олж авах гэж маш урт хугацаа, хөрөнгө мөнгийг зарцуулсан. Нууц хэвээр нь үлдээе.
-Мэдээж аливаа бизнесийг эхлэхэд хүнд, бэрхшээл гарна. Сүүлийн хоёр жил л гэхэд цар тахал гээд салбар бүрт савалгаа үүссэн. Танай брендэд энэ нөлөөлөв үү?
-Манай хувцсыг өмссөн хүн сонгохоос өөр аргагүйд хүрдэг. Цар тахлын хүнд үед нээлтээ хийгээд өдийг хүртэл явсан нь манай худалдан авагчид эргэж ирж байгаатай холбоотой. Та нартаа баярлалаа. Эргэж ирж байна гэдэг манай хувцасны загвар, дизайн, өнгө, хийц, чанар, үйлчилгээ бүх зүйл татаж байна гэсэн үг.
-Харин хувь хүний тал дээр шантрах үе байсан уу?
-Олон улсын харилцаа, бизнес, менежментээр, дараа нь Италид сурч байхад хүртэл миний дотор байнга байсан зүйл “Fashion”. Одоо ингээд харахад “Fashion” гэдэг зүйл миний амьдралаас холдоогүй юм байна лээ. Арваад жилийн хугацаанд хоёр ч кинонд ажиллаж, олон хүнд сургалт орлоо. Энэ нь надад аз жаргал, кайф өгч байсан учир дуртай зүйлээ хийхийг хүссэн. Одоо ингээд бизнесээ эхлүүлээд явж байна даа.
-Цар тахлын дараах сэргэлтийн үе тохиож байна гэж хүмүүс ярьж байна. Тэгвэл одоо ямар хүндрэл бэрхшээл гарч байна вэ?
-Цар тахлаас гадна өөр нэгэн том асуудал нь ажиллах хүчний хомсдол хэцүү юм байна. "Юм хийе" гэсэн хүн тун ховор байна. Бид дөрвийн зүгээс зүтгэлтэй, үнэнч хүнийг үнэлэх үнэлэмж их өндөр. Гэхдээ одооны хүүхдүүд үүнийг төдийлөн ойлгодоггүй юм байна. Энэ их хүндрэлтэй.
Хоёрдугаарт, цар тахлын үед хэцүү байсан. Гэхдээ хоёр жилийн хугацаанд хоёр ч дэлгүүрээ нээсэн. Хэцүү үед хоёр дэлгүүр нээсэн маань амжилт байсан. Ажилчдынхаа цалинг нэг ч өдрөөр хоцроож байсангүй. Тийм хүнд үед эхлээд явж байснаа бодохоор одоо бид хичээж л байна.
-Санаа, зорилго нийлсэн дөрвөн хүн хамт байхаар бие биенийхээ арыг дааж, түшигтэй байна биз?
-Бид нар хоорондоо “Одоо яах уу” гээд их ярина. Цар тахлын үед ханьтай болохоор тун амар байсан. Ганцаараа хүн бол асуудал тулгарвал дотроо л бодно. Гэтэл бид нар дөрвүүлээ ярилцаж суугаад нэг шийдэл, өнцөг олдог. Энэ дээр их таатай байдаг шүү.
-Анхны бүхэн мартагдашгүй гэдэг. Та “Nolur” брендийн анхны дэлгүүр нээгдэж байсан үеийг эргэн дурсаач?
–Анхны дэлгүүрээ “Скай ресорт” дээр нээж байлаа. Тун богино хугацаанд болоод өнгөрсөн. Бид нар гадаад руу чиглэж, гадны зах зээлд гарахыг зорьж байлаа. Гэтэл цар тахал гээд бүх юм хаагдаад олон жил төлөвлөсөн төлөвлөгөө маань бүтэлгүйтсэн. Тэр үед “Одоо энэ бүгдийг яах билээ” гэж бодсон. Тэгээд “Скай ресорт”-д анхны дэлгүүрээ нээе гэж ярилцаад ганц сарын дотор л нээлтээ хийсэн. Covid-19-ийн хууль, “Скай ресорт”-ын улирлын цагийн хуваарь гээд хаагдаж, нээгдээд л яваад байлаа.
Зун болохоор хүмүүс ноолуур өмсдөггүй гэж ойлгодог. Гэтэл хамгийн их өмсдөг улирал. Ноолуурыг жилийн дөрвөн улирал өмсөх боломжтой.
Гольфын улирал эхлээд “Скай ресорт” ч, манай дэлгүүр ч үйлчлүүлэгч ихтэй болж ирсэн. Тэр үед л “Одоо эндээ байгаад байх уу. Бидний зорилго ингээд болоо юу?” гэж ярилцсан. Эцэст нь, дахиад салбар нээе гэх шийдэлд хүрсэн. “АСЕМ”-ийн дэлгүүр амжилттай байсан учир үйлчлүүлэгч нар “Дахиад дэлгүүр нээх үү?”, “Хотын төвөөс хол юм” гэх мэт хүсэлтүүдийг тавьж эхэлсэн. Ийнхүү “Шангри-Ла” –д хоёр дахь дэлгүүрээ нээсэн юм.
-Саяхан би зохиолч, яруу найрагч Р.Эмүжингийн танай бүтээгдэхүүний талаар бичсэн постыг олж уншсан юм. Танайхыг “Монгол тансаглал” гэж тодорхойлсон нь надад таалагдсан. Энэ үгний талаар та юу хэлэх вэ?
–Би Р.Эмүжин эгчийн бичсэн шүлгийг уншиж байсан болохоос биш таньдаггүй л дээ. Хувь хүнийх нь талаас бус зохиолч гэдэг утгаар нь мэддэг.Сүүлд л манайхаас хувцас аваад нийтлэл бичсэнийг нь уншсан. Тэр хүнд их таалагдсан байна лээ. Удахгүй болох шоундаа ч урьсан. Үнэхээрийн Монголд байгаа "хязгааргүй" тансаглал ноолуур шүү дээ.
Үүнийгээ дэмждэг бол ноолуур гэдэг зүйл дэлхийд байр сууриа эзлэх боломжтой.
Ноолуур бол тансаглал мөн. Тэр тансагийг бид нар хүмүүст тансаг, органик байдлаар нь хүргэхийг хичээж байгаа.
-Мөн “Eco-Friendly” гэж брендээ тодорхойлсон нь сайхан санагдсан. Өнөө үед дэлхий нийтээрээ л байгаль ээлтэй, ногоон ирээдүй рүү тэмүүлж байна. Энэ үзэл санаанд ноолууран бүтээгдэхүүн яг таг нийцэж байх шиг ээ?
-Ноолуур өөрөө байгалийн бүтээгдэхүүн. Бид нар органик өнгөөр нь буюу будаг оруулахгүйгээр хүүхдийн коллекц хийж байна. “Eco-Friendly” гэдэг дээр бид анхаарч байгаа. Манай будаггүй хувцсан дээр “Green” гэсэн шошго байдаг. Ямар ч химийн будаг оролцоогүй шүү гэсэн утгатай.
-Ирэх есдүгээр сарын 3-ны өдөр “Скай ресорт”-д танай брендийн “Infinity 2022 Fashion Show” болно гэж дуулсан. Энэ шоу юуг санал болгох вэ?
-Манай шоуны нэр их таалагдаж байгаа. Манай хамтрагчийн хүү нь энэ нэрийг өгсөн. Бид нар хязгааргүй сэтгэж, баригдмал баймааргүй байна. Тийм онцгой, содон юм үзүүлмээр байна.
Шоу болох газраасаа эхлээд л сонирхолтой. “Скай ресорт”-ын уулын лифтэнд сууж дээш өгсөөд уулын орой дээр шоу болно. Загварын тайз маань 45 метр урттай, байгальд байна. Энэ бидний онцлог. Тэнд бидний хязгааргүй ертөнцөөр аялж, сэтгэн урлаж байгаа ноолууран бүтээгдэхүүнийг минь үзээрэй л гэсэн санаатай.
Манай шоу “Private”. Учир нь манай брендийг байнга сонгон үйлчлүүлдэг үйлчлүүлэгч нарын минь баярын өдөр. Тэр хүмүүс бид нарын хувьд чухал учир урьж байгаа юм.
Мөн “Nolur Cashmere” гэх бренд нээгдсэн, байгаа шүү гэдгээ зарлаж байгаа шоу.
-Шоуны үеэр гэнэтийн бэлэг байгаа юу?
-Хоёр гэнэтийн бэлэг бий. Нэгдүгээрт, ноолуураар гоёлын хувцасны сет явна. Хоёрдугаарт, анх удаагаа ноолуураар нэгэн хувцас урлаж үзэж байна. Тэрийгээ шоун дээрээ үзүүлэх болно.
-Тэгэхээр эхэлсэн цэг дээрээ эргэн ирж, дэлхийн тавцанд гарах эхэллээ тавьж байна гэж ойлгож болох нь ээ. Шоуны дараа ямар ажлуудыг төлөвлөсөн бэ?
-Гадаадын шоунд бид уригдаж байгаа. Урилга нь их сонин ирэх юм. Би өөр мэргэжилтэй хэдий ч дизайнер гэдэг нэр авах гээд ч байгаа юм шиг. Сурч байгаа хэдий ч дизайнер гэж зарлуулах ичмээр ч юм шиг. Дизайнераар урьж байна гэхээр дасаагүй, эвгүй юм. Ямартай ч бид гадаадын шоунд уригдсан. Одоо шоун дээр гаргах коллекциороо гадагшаа явна. Японоос өндөр шалгууртай арга хэмжээний урилга ирсэн ч удахгүй явах арга хэмжээтэй давхцсан учир дараа жил болгон хойшлуулаад байна.
Манай хувцас гадныханд таалагдаж байгаа.
-Аливаа компанийн үнэт зүйл нь ажиллах хүч байдаг. Танай хамт олон өдийг хүртэл олон саад давааг давсан байх. Ажилчдадаа хандаж хэлэх үг бий юу?
– Хүн бүртээ баярладаг. Ялангуяа Ганаа эгчдээ маш их талархдаг. Бүгдийг зангидаж, бид нарыг ойлгож, хүнд нөхцөлд бүх л талаар дэмждэг. Маш олон хүн бий. Бид нарыг захирал гээд л сууж байдаг гэж бодож магадгүй. Эхэлсэн цагаасаа л бид дөрөв өөрсдөө жолооч, ачигчаас эхлээд бүгдийг хийж явлаа. Анх бид “АСЕМ”-д дээр дэлгүүрээ нээгээд өөрсдөө ээлжлээд суудаг байсан. Бид дөрөв бүх юмаа хуваарилаад хийдэг. Цөм нь бид дөрөв боловч цаана нь маш олон хүн бий. Хамт олондоо баярлалаа.
-Бидний ярилцлага энд хүрээд өндөрлөж байна. Танд өөр нэмж хэлэх зүйл бий юу?
-Манай анхны шоу болох “Infinity” дээр ирэх худалдан авагч нартаа биднийг дандаа дэмждэгт баярлалаа. Уригдсан хүмүүс тэр өдөр маш гайхалтай, аз жаргалтайгаар бид нарын бэлдсэн гэнэтийн бэлгийг үзэж, жарган цэнгээрэй гэж хүсч байна. Хөтөлбөр маань угталтаасаа эхлээд дуусах хүртлээ гэнэтийн бэлгээр дүүрэн байх болно. Манайхыг сонгон үйлчлүүлсэн хэн бүхэнд манай үүд хаалга нээлттэй.
-Ярилцсанд баярлалаа
Холбоотой мэдээ