Сурагчдынхаа төлөө бүхнээ золиосолсон багш

Хуучирсан мэдээ: 2022.09.01-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

Сурагчдынхаа төлөө бүхнээ золиосолсон багш

Сурагчдынхаа төлөө бүхнээ золиосолсон багш

"NEWS агентлаг энэ удаа ХҮМҮҮС буландаа 2019 оны дэлхийн шилдэг багш Питер Табичиг онцолж байна. Кени улсын ядуу, тарчиг Пвани тосгоны математик, физикийн багш тэрбээр сар бүр цалингийнхаа 80 хувийг сурагчдадаа зориулж, сурах бичиг, дүрэмm хувцсаар хангаж, сурагчдаа үргэлж эргэж тойрч эцэг шиг нь байдаг аж. Түүний энэ их сэтгэл, зүтгэлийг “Варки Фаундэйшн” сан үнэлж, 2019 онд шилдгээр шалгаруулан нэг сая ам.доллараар шагнасан түүхтэй.


БОЛОВСРОЛ ЭЗЭМШСЭН АЗТАЙ ЛАМ

Питер Тибачи 1982 он Кени улсын Няамира мужид төрчээ. Түүний төрөлх Няамира муж нь цай болон гадил жимсээрээ тун алдартай боловч бэлгийн замын өвчлөлөөрөө мөн улсдаа толгой цохьдог гэнэ. Түүний ээж Питерийг 11 настайд нь нас барж, бага ангийн багш аавд нь гэр бүлээ ганцаараа тэжээх хүндхэн даалгавар ноогджээ. Боловсролтой, сайн эцгийн буянаар Питер Табичи дунд сургуулиа ямар нэгэн асуудалд орооцолдолгүй төгсч, Кенийн хамгийн эртний их сургууль болох Эгертонд элсч чадав.

Түүний багад боловсрол эзэмшинэ гэдэг хүн бүрийн хүсдэггүй, хүсээд ч чаддаггүй зүйл байсан учир энэ заагийг арилгахаар аавынхаа адил багш гэх мэргэжлийг сонгожээ. Тэр үргэлж өөрийгөө боловсрол эзэмшиж чадсан азтай нэгэн гэж үздэг.

Аавыгаа дагаж багш болсон талаараа Питер “Би багш нарын нийгэмд үзүүлдэг нөлөөг биширч, тэдний үйлс хэргийг үргэлжлүүлэхийг хүссэн” гэжээ.

Питер Тибачи мөн 13-р зуунд Ассизийн Гэгээн Францисын үүсгэн байгуулсан Католик шашны дэг жаягийн гишүүн, Францисканы шашны гишүүн аж.

ХҮНДХЭН ХҮЛЭЭН АВАЛТ

Залуухан математик, физикийн багш ажлын гараагаа нэгэн хувийн сургуулиас эхэлжээ. Харин 2016 онд Керико дунд сургуульд ажилд орж, гайхалтай басхүү хэцүү, сэтгэл өвдөм аялалаа эхлүүлжээ. Тус сургууль нь өлсгөлөн, ган гачигт нэрвэгдсэн Рифтийн хөндий дэх алслагдсан тосгонд байрладаг. Хувийн, боломж бололцоо сайтай сургуулиас алслагдсан тосгонд буурь сэлгэсэн багш залуу саад, бэрхшээл бүрийг боломж болгон харж, харах өнцгөө өөрчлөхийг хүсчээ. Гэвч хүссэнээр нь болсонгүй. Керико дунд сургуульд долоон өөр овгийн хүүхдүүд сурдаг бөгөөд сурагчдынх нь 95 хувь нь ядуу амьдарч, ердөө гуравны нэг нь элэг бүтэн амьдардаг байлаа.

Үүнээс гадна сургуулийнх нь орчин нөхцөл, хэрэглэгдэхүүн гэж авах юм байгаагүй байж. Сургууль нь ганцхан компьютертэй, интернет гэж Юрийн галавынх, номын сан, мэргэжлийн хичээлийн лаборатори гэж байхгүй, нэг багшид 58 сурагч оногддог байв.

Хамгийн аймшигтай нь сурагчид нь хар тамхи хэрэглэх, хүсээгүй болон эрт жирэмслэлтийн “эзэн” болох, сургуулиа хаях, амиа хорлох зэрэг үйлдлүүд хийдэг байсан гэнэ.

ӨӨРЧЛӨЛТИЙН САЛХИ

Эцэст нь Питер Тибачи өөрчлөлт хийхээр шийдэж, “Авьяаслаг хүмүүжлийн клуб” гэх зүйлийг байгуулсан нь сурагчдыг олноор татжээ. Мөн хүчирхийлэлд өртсөн хохирогчдыг нэгтгэсэн энх тайвны клуб байгуулав. Тэрбээр дан ганц сурагчид гэлтгүй тосгоны иргэдэд нөлөөлж эхэлжээ.

Тус тосгоны оршин суугчид охидоо бага насанд нь ихээр гэрлүүлдэг байсан бөгөөд Питер тэдэнд гэрлэлт бус боловсрол үнэ цэнтэй гэдгийг ойлгуулсан.

Мэдээж энэ бүхнийг хөрөнгө, мөнгөгүй хийхэд бэрхшээлтэй учир Питер цалингийнхаа 80 хувийг сурагчдадаа зориулдаг болсон юм. Энэхүү мөнгө дүрэмт хувцас, сурах бичиггүй хүүхдүүдэд хүрч, сурах бололцоог нь хангадаг байв. Үлдсэн жаахан мөнгөөрөө хүртэл Питер интернет кафед сууж, сургалтын материал цуглуулдаг байсан.

Питер Табичи “Энэ бүгд мөнгөний төлөө биш” гэж ярьж байв.

Цалингаас гадна амралтын өдрүүдээр ажиллаж, сурагчдадаа хичээл зааж, боловсрол гэдэг бол энэ хар нүхнээс гарах түлхүүр гэдгийг ойлгуулдаг байсан гэнэ. Зарим сурагчид нь сургуульдаа ирэх гэж борооны улирлаар долоон км алхдаг байсан учир Питер өөрөө очиж, давтлага өгдөг байжээ.

Питер Табичи тус тосгоны хүүхдүүдэд нь боловсрол, томчуудад нь амьдралын ухаан заасан. Тэрбээр тосгоны иргэдийг өлсгөлөнгөөс гаргах үр тариа тариалах аргыг зааж, шавь нартайгаа хамт сэргээгдэх эрчим хүч, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст туслах төхөөрөмж зэргийг шинжлэх ухааны тусламжтайгаар бүтээжээ.

Түүний ачаар хоёрхон жилийн дотор Керико дунд сургуулиас их сургуульд элссэн оюутны тоо хоёр дахин нэмэгдсэн.

ДЭЛХИЙН ШИЛДЭГ БАГШ

“Варки Фаундэйшн” сангийн зүгээс жил бүр дэлхийн шилдэг багшийг шалгаруулж, нэг сая ам.доллараар урамшуулдаг билээ. Тус сангийн 2019 оны шалгаруулалтад дэлхийн 179 орны 10 мянга гаруй багш материалаа илгээсэн аж. Гэхдээ тэдний хэн нь ч Питер Табичи шиг боловсролоор дамжуулан бүхэл бүтэн тосгоныг өөрчлөөгүй.

Мэдээж 2019 оны дэлхийн шилдэг багшаар тэр тодорсон. Түүний шагналыг Дубайд гардуулах байсан бөгөөд Табичи шагналынхаа ачаар анх удаагаа онгоцонд сууж үзжээ. Түүний шагналыг Холливудын алдарт жүжигчин Хью Жекман болон Дубайн угсаа залгамжлах хунтайж Шейх Хамдан Бин Мохаммед Аль Мактум нар гардуулав.

Шагнал хүртсэн, лам хувцастай Питер Табичи “Би зөвхөн шавь нарынхаа гаргасан амжилтын ачаар л энд ирлээ. Энэ шагнал тэдэнд боломж олгож байна. Тэд юу ч хийж чадна гэдгийг дэлхий дахинд харуулж  байна" гэжээ.

Тэрбээр шагналын нэг сая ам.доллараа сурагчид, багш нар, орон нутгийнхантай хуваалцах болно гэдгээ мэдэгдсэн юм. Мэдээж, мэргэжлийн хичээлийн лаборатори, компьютерийн танхим, газар хагалах, талбай услах төхөөрөмж авна гэжээ.

АФРИК ТИВИЙН БОЛОВСРОЛЫН ЭЛЧ

Табичигийн шавь нар “Intel” компаниас зохион байгуулсан олон улсын шинжлэх ухаан, инженерчлэлийн үзэсгэлэнд бүтээлээ оролцуулж, финалд үлдэж чаджээ. Түүнд Кенийн ерөнхийлөгч Ухуру Кеньатта хандан “Питер, таны түүх бол авьяасаар дүүрэн Африкийн түүх юм. Та Африкийн хамгийн сайхан өдрүүд бидний өмнө байгаа гэх итгэл найдварыг өглөө. Таны түүх ирээдүй хойч үеийнхний замыг гэрэлтүүлэх болно гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

Питер Табичигийн тусламжтайгаар олон улсын байгууллагууд, томоохон компаниуд Кени гэлтгүй Африк тивийн боловсролын асуудлыг чухалчлан анхаарал хандуулах болсон. Түүний ачаар Африкийн сургуулиудад “Wi-Fi” суурилуулах, сургууль, анги танхим барих, ус, ариун цэврийн хангамжийг сайжруулах зэрэг ажилд төрийн болон төрийн бус байгууллагууд анхаарал хандуулжээ.

Өдгөө 40 настай Питер Тибачи 2019 оноос олон гайхалтай зүйлсийг туулж байна. Тухайлбал, Цагаан ордонд зочилж, Нью-Йорк дахь НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд үг хэлжээ.

Дашрамд дуулгахад, Питер гэрлэх бодолгүй байгаа гэв. Тэрбээр ярихдаа "Миний шавь нар бол миний гэр бүл. Надад өөрийн гэсэн гэр бүл алга. Би Францисканы католик шашны тангаргынхаа дагуу гэрлэх бодолгүй байгаа" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж