Цар тахлын нөлөө, дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал, геополитикийн асуудал зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж улс орнууд бодлогын хүүгээ илүү чангаруулах төлөвтэй байгаа билээ. Үүнтэй нэгэн адил шинэ Засгийн газар ч мөнгөний бодлогыг чангаруулах бодлого барихаа зарлав.
Төв банкны тайлбараар, бодлогын хүүг нэмэгдүүлэх нь инфляцийн хэт өсөлт, эдийн засгийн болзошгүй халалтаас сэргийлэх зорилготой. Эдийн засгийн өсөлт саарч байгаа үед бодлогын хүү зах зээл дэх мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих арга хэрэгсэл болдог.
Бодлогын хүү өндөр байх нь инфляцийг нам дор түвшинд барихад чухал нөлөөтэй. Инфляци нэгэнт нам дор төвшинд очиж, эдийн засаг тогтворжсон үед бодлогын хүүг зөөлрүүлэх замаар эдийн засгийн идэвхжлийг хангах боломжтой юм.
Иргэд мөнгөний бодлогын хүүг нэмэгдүүлэх нь зөв, буруу гэсэн эсрэг тэсрэг байр суурь илэрхийлж байна. Тухайлбал, инфляцийг зөвхөн мөнгөний бодлогыг хатууруулах замаар шийднэ гэвэл том алдаа болохыг хэлэх нэгэн байгаа бол “Зээлийн хүү өсч, банкууд зээлээ зогсоож, эдийн засаг улам сөхөрнө. Инфляци бууруулах иж бүрэн цогц арга хэмжээ авах шаардлагатай” гэж зарим нь үзэж байна.
Бид улс төр, бизнес, эдийн засгийн салбарын төлөөлүүдээс мөнгөний бодлогыг чангаруулах нь эдийн засгийн хүндрэлтэй энэ үед хэр оновчтой шийдвэр болох талаар тодруулж, байр суурийг нь сонирхлоо.
“БАНКУУДЫН ЗЭЭЛ ГАРГАХ БОЛОМЖИЙГ ИЛҮҮ БИЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ”
СЭЗДС-ийн багш, Эдийн засгийн ухааны доктор, профессор Ц.БАТСҮХ:
-Ер нь энэ үед бодлогын хүүг өсгөх л байх даа. Энэ нь зээлийн хүүд дарамт болохгүй. Ипотекийн зээлийн хувьд төрөөс тогтоосон учраас бодлогын хүүтэй огт хамаарал байхгүй. Мөнгөний бодлогын хүүг өсгөх нь инфляци өндөртэй байгаа үед түүнийг хязгаарлах нэг арга. Хоёр дахь нөхцөл нь, АНУ-ын Холбооны нөөцийн банкны ерөнхийлөгч сая бодлогын хүүгээ өсгөнө гэж зарласан. Тэгэхээр дэлхийд доллар чангарна гэсэн үг. Бид төгрөгийн ханш сулрахаас сэргийлж, төгрөгийн хүүг өсгөж, чангалж байгаа нэг арга зам л даа. Ханш хамгаалах гэсэн үг. Ийм хоёр зорилгоор л бодлогын хүүг өсгөх хандлагатай байгаа байх. Энэ асуудлыг есөн сард Мөнгөний бодлогын зөвлөл шийдэх байлгүй дээ. Мөнгөний бодлогыг чангаруулснаар эдийн засгийн өсөлтийг хязгаарлах, зээлийн хүү өсөх сөрөг талтай. Ийм бодлого барих гэж байгаа бол банкуудын зээл гаргах боломжийг илүү бий болгох хэрэгтэй байх. Эсвэл тодорхой аж ахуйн нэгжүүдэд төрөөс хөнгөлөлттэй зээл олгох гэх зэрэг зохицуулалт хийж өгч болох байх.
"МӨНГӨНИЙ БОДЛОГЫГ ЧАНГАРУУЛСНААР ЭДИЙН ЗАСАГ УЛАМ АГШИНА"
МҮАН-ын дарга Б.ЦОГТГЭРЭЛ
-Мөнгөний бодлого хатууруулснаар эдийн засаг улам л агшина. Харин Экспорт, Экспорт, Экспорт гэсэн бодлого, хөтөлбөр хэрэгжүүлэх хэрэгтэй. Экспортын борлуулалтаа ил тод болго, валютаа олж ав. Үндэсний үйлдвэрээ дэмжиж, бүрэн ажил эрхлэлт рүү бүхнээ дайчил. Инсайдер гэрээнүүдийг илчил, цуцал. Баялгийн гадаад худалдааны НЭГ ЦОНХНЫ бодлого хэрэгжүүл.
"АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН ӨРТӨГ НЭМЭГДЭНЭ ГЭСЭН ҮГ"
Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны Удирдах Зөвлөлийн дарга, "Өлзий & Ко капитал” ҮЦК-ийн захирал Б.ӨЛЗИЙБАЯР:
-Банкууд IPO гаргах ажилдаа төвлөрөөд, санхүүжилт гаргахгүй байна. Энэ нь аж ахуйн нэгжүүдэд хүндрэлтэй байгаа юм. Дээр нь мөнгөний бодлогын хүүг нэмчихээр аж ахуйн нэгжүүдийн өртөг нэмэгдэнэ. Ер нь бүсээ чангалах, хэцүү үе ирж байна л гэсэн үг. Хатуу мөнгөний бодлогын үед ганц хэрэгжүүлдэг арга нь мөнгөний нийлүүлэлтийг багасгаж байж инфляцийг бууруулдаг. Өнөөдрийн нөхцөл байдалд ганц байгаа арга нь мөнгөний бодлогыг чангатгах болов уу. Энэ нь зөвхөн манайд ч бус, АНУ-аас эхлээд дэлхийн бүх улс бодлогын хүүгээ нэмж байна. Харин Хятад улс бодлогын хүүгээ бууруулж, мөнгөний нийлүүлэлтээ нэмье гэж байна. Бид их өрөвдмөөр, уул уурхайгаас хамааралтай улс. Хилээ нээж, зэс, нүүрс алтаа ахиухан шиг гаргавал. Ядаж байхад алтны үнэ уначихлаа л даа. Алтны үнэ өсч байсан бол жаахан гайгүй байх байсан. Зэс ч гэсэн үнэ нь уначихлаа. Тэгэхээр бидний хувьд яалт ч үгүй хилийн асуудлаа шийдээд, аль болох гацаагүйгээр бараагаа экспортлох ийм л арга байгаа байх. Одоогийн байдлаар тэрнээс өөр юм харагдахгүй байна.
ИМПОРТЫН ТАТВАРУУДЫГ ХӨНГӨЛӨХ, ЧӨЛӨӨЛӨХ, ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЭХЭД АНХААРАХ ХЭРЭГТЭЙ
"Тахилт хайрхан транс" ХХК-ийн тэргүүн дэд захирал, Төрийн удирдлагын доктор (Ph.D), Н.ГАНСҮХ:
-Монгол Улсын хувьд цар тахлаас шалтгаалсан хилийн боомтын асуудал хурцаар тавигдсан. Бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хилийн боомт болоод тээвэр логистикийн удаашралаас шалтгаалж нийлүүлэлтийн хамааралтай инфляцийг төрөөс барих боломжгүй болсон.
Далайд гарцгүй манай улсын хувьд гадаад худалдаа, тэр дундаа уул уурхайн экспорт, зэс, нүүрс валют оруулж ирэх ганц урсгал болж байна. Тиймээс төр импортын татваруудыг хөнгөлөх, чөлөөлөх, экспортыг нэмэгдүүлэх тал дээр л анхаарах нь зөв байх. Төв банкнаас явуулж буй бодлого ойлгомжгүй, дээр нь судалгаанд үндэслэсэн гэсэн боловч эдийн засгийн төлөвөө таамаглаж чадахгүй байна.
Банкууд зээлээ татсан тул төв банк бусад арилжааны банкуудаа дэмжих тал дээр анхаарах нь зөв байх. Тэгж байж жирийн иргэдэд ханшийн нөлөө бага мэдрэгдэнэ. Төр бензин шатахууны болоод үр тарианы импорт дээрээ эхний ээлжид зөв бодлого явуулах ёстой.
"ЭДИЙН ЗАСГИЙН САЙД НЬ МӨНГӨНИЙ БОДЛОГОО МЭДДЭГГҮЙ БОЛЖ ТААРЛАА"
Эдийн засгийн ухааны доктор (PhD) Р.ДАВААДОРЖ:
-Мөнгөний бодлогоо чангална гэдэг зээлийн хүү өсч, эдийн засаг удаашрах явц эхэлнэ. Тэгэхээр эдийн засгийн сайд нь мөнгөний бодлогоо мэддэггүй болж таарлаа. Хэрэв мөнгөний зөөлөн бодлого хэорэгжүүлбэл зээлийн хүү буурч, эдийн засаг идэвхждэг. Гэвч одоо инфляци өндөр байгаа учраас мөнгөний зөөлөн бодлого явуулах боломж бага байна. Ер нь мөнгөний огцом хатуу бодлого баримтлах боломжгүй.