У.Хүрэлсүхийн "бүдгэрэх” зам

Хуучирсан мэдээ: 2022.09.01-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүхийн "бүдгэрэх” зам

У.Хүрэлсүхийн "бүдгэрэх” зам

Монгол ардын нам байгуулагдсан цагаасаа л зүүнтэн, баруунтан гэж хуваагдаж нэгнийхээ бодийг хөтлөж ирсэн. Одоо ч төрийн эрхийг барьсан жилүүддээ эрх мэдлийн хуваарилалтыг фракциудын тохиролцоогоор хийж ирсэн түүхтэй. МАН гэлтгүй эрх барьж байгаа нам бүхэн ийм л зарчмаар явж ирсэн. М.Энхболдын фракц хамгийн хүчтэй байх цаг дор зүүний хүчний У.Хүрэлсүх тэргүүтэй залуучууд намдаа шинэчлэл хийж, МАНАН мафи гэж “хадны мангаа” шиг юм яриад түүнийг нь М.Энхболд толгойлдог тухай үлгэр домог шиг юм ярьсаар, жагсч тэмцсээр түлхэн унагааж, МАН-ын удирдлагыг гартаа авсан. 62-уулаа сонгогдсон олонх байхдаа М.Энхболдын фракцийг “дарсан” гавьяатнууд өнөөдөр Монгол Улсын Засгийн газрыг тэргүүлж, эрх мэдлээ хуваарилж сууна.

Сүүлийн зургаан жил эрх барихдаа МАН дөрвөн Засгийн газар, гурван Ерөнхий сайдтай байжээ. Тодруулбал, 2016-2016 онд Ж.Эрдэнбатын Засгийн газар, 2017-2020 он У.Хүрэлсүхийн Засгийн газар, 2020-2021 онд У.Хүрэлсүхийн Засгийн газар, 2021 оноос хойш Л.Оюун-Эрдэнэ Засгийн газар барьж байгаа ч 2022 оны наймдугаар сард Засгийн газрын бүтцээ дахин шинэчлэв. Зургаан жилийн хугацаанд дээрх Засгийн газарт МАН-ын 62 хүн сайд хийжээ.

Засгийн газар сэлгэх бүрт намын дарга, Ерөнхий сайд нь эрх мэдлээ хуваарилдаг жамтай. У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар улиран томилогдохдоо нам доторх фракциудын төлөөллийг танхимдаа оруулахдаа бүлэглэл, фракциудын тэнцвэрийг хангаж томилгоо хийж байв. Гэвч  түүний Засгийн газар хариуцлага хүлээж огцорсон учраас дараагийн Ерөнхий сайдаар тэр нутгийнхаа дүүг, М.Энхболдыг унагах ажиллагааг “гардаж” хийсэн Л.Оюун-Эрдэнийг томилж байв. Ийн өөрөө улс төрөөс “явж”, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдов. Гэхдээ өнөөдөр ч түүний нөлөө, сүүдэр МАН дотор байсаар байгааг олон үйл явдлууд гэрчилсээр. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар томилогдоод У.Хүрэлсүхийн багтай гар нийлүүлж ажиллахаас өөр сонголт байгаагүй. Тиймээс ч тэр өнөөдөр анх удаа, намын даргын хувьд танхимаа “шинээр” бүрдүүлэв. Гэхдээ энэ Засгийн газар Л.Оюун-Эрдэнийн хүсэл гэхээс илүү сайд болохоор амбицласан УИХ-ын гишүүдийн шахаа, Засгийн газраа бүтэн авч үлдэхийн тулд дахин эрх мэдлийн хуваарилалт хийх сонголттой тулсан юм. Эрх барьж буй намын дарга, танхимаа өөрөө бүрдүүлэх эрхтэй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд энэ удаад Засгийн газраа бүрдүүлэхдээ ямар сонголт хийх бол гэдэг улс төрийн хувьд том хүлээлт байлаа.

Л.Оюун-Эрдэнийн шинээр байгуулах Засгийн газарт МАН-ын фракц, бүлэглэлийн эрх ашгийг хэрхэн хангах бол… Ийм л хүлээлт олон хүнд байсан юм. Гэхдээ энэ удаагийн Засгийн газрын томилгоо, түүний дараагийн томилгоонд ч экс намын дарга У.Хүрэлсүхийн оролцоо, хүч өндөр байлаа.

Анх таван сайдын суудал “авна” гэсэн Ерөнхийлөгч санасандаа хүрч, “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлагыг ч “авч” чадав. Өмнөх Засгийн газарт ажиллаж байсан сайд нараа үлдээж, нэмээд ч сайдын суудал авч чадсаныг улс төрийн хүрээнд ил, далд  Ерөнхийлөгч санасандаа “хүрч” хэмээн жиг жуг гэлцэж байна. Үе үеийн Ерөнхийлөгч нар “Эрдэнэт үйлдвэр”-ийн “эзэн” болдог жамаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Х.Бадамсүрэнд Хөдөлмөрийн баатар цол олгож, тэтгэвэрт нь гаргаад өөрийн хүнээ тавина гэх яриа өнгөрсөн хавраас хойш л яригдсан. Энэ яриа биелэлээ олж, тэр өөрийн “хүн”-ээ Засгийн газарт нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Г.Ёндонг томилуулав. Монгол, Оросын хамтарсан төмөр замд ч тэр өөрийн “хүн” Х.Хэрлэнг томилуулж байв. Энэ мэтчилэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Засгийн газар, нам дахь эрх мэдэл нь хэвээр үйлчилсээр өнөөдөртэй золгов. Гэхдээ Л.Оюун-Эрдэнэ сая Засгийн газраа бүрдүүлэхдээ Д.Амарбаясгаланг танхимдаа оруулж ирсэн нь олны анхаарлыг татаж байна. Тэд нам дээр хүчээ нэгтгэж, засагтаа ч гар нийлэхээр ийн шулуудсан нь 2024 оны сонгууль, цаашдын МАН-ын удирдлагыг жинхэнэ утгаараа удирдах хүч нийлсэн хүсэл байв уу гэлтэй. Д.Амарбаясгалангийн оронд томилогдох МАН-ын генсек мэдээж Л.Оюун-Эрдэнийн хүн байхаас гадна Д.Амарбаясгалантай ч учраа олох тийм хүн байх болов уу.

Тиймээс л “цаашид” Ерөнхийлөгч улс орны эв нэгдлийг хангах үндсэн үүргээ биелүүлж, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан гэсэн хослол эрх мэдлийн хуваарилалт, ирээдүйн улс төрийн тоглолтоо ийн эхлүүлж байна.

Гэхдээ мэдээж улс төрд найз, дайсан гэж байхгүй хойно нэг л өдөр эрх мэдлийн төлөөх хослол хоёр тийш болохыг үгүйсгэмгүй. Яг л М.Энхболдын фракцийг улс төрөөс “явуулсан” шиг, өөр нэгэн эрх мэдлийн төлөө нэгнийхээ эсрэг “сэлэм” сугалахыг, Сүхбаатарын талбай дээр гараад нэгнийхээ эсрэг жагсахыг хэн ч тааварлашгүй.  Ямар ч гэсэн тэдний хослол хүчтэй урагшлах тусам У.Хүрэлсүхийн нам дотор эрх мэдэл, “сүүдэр” ч бүдгэрэх ийм л зам дурайж байна.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж