Цар тахал, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалж Өмнөд Солонгос улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэд нэмэгдсэн. Тиймээс хэлний шалгалт болон бүртгэл дээр урьдчилан бэлдэх үүднээс Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас тухай бүрд нь мэдэгдэл гаргадаг билээ.
ХХҮЕГ нь Өмнөд Солонгос улсын аж үйлдвэр, хүний нөөцийн газартай гэрээтэй. Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам тус улсын хөдөлмөрийн яамны хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд ажилладаг.
Энэ хүрээнд Монголоос Өмнөд Солонгост ажиллах гэрээт ажилчдыг илгээдэг. Covid-19-өөс шалтгаалж, 2020 оны нэгдүгээр сарын 28-ны өдрөөс ажилтан илгээх үйл ажиллагаа түр зогсоод байсан. 2022 онд явах иргэдийг оны өмнө бүртгэсэн билээ. Хөдөлмөрийн биржээс өгсөн мэдээллээр ажлын саналын хувьд монголчуудад харьцангуй их ирдэг аж. Тухайлбал, 14 хоног тутамд 50-80 ажлын санал ирдэг байна. БНСУ-д цар тахалгүй жилүүдэд дунджаар 800-1200 монгол иргэн гэрээтээр ажиллахаар очдог аж.
ТУСГАЙ ШАЛГАЛТ ИРЭХ САРЫН 26-НД БОЛНО
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад визийн хүчинтэй хугацаандаа нутаг буцаж ирсэн, дахин хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн бүртгэлд хамрагдсан иргэдийн тусгай шалгалт ирэх есдүгээр сарын 26-ны өдөр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын хоёрдугаар давхрын шалгалтын (CBT) танхимд явагдах юм байна.
Шалгалтад хамрагдах иргэд өөрийн шалгалт өгөх өдөр, цагийг дараах сайтаас www.hudulmur-halamj.gov.mn, monkor.net орж харна уу.
Мөн бүртгэл хийлгэсэн иргэний үндсэн бүртгэлтэй утасны дугаарт Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас наймдугаар сарын 25-ны дотор мессэж очсон байх ёстой гэжээ. Тусгай шалгалт өгөх иргэдэд дараах зүйлсийг анхааруулж байна. Үүнд:
- Тухайн шалгалт өгөх өдөр гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэх, ТҮЦ машинаас авсан цахим үнэмлэхний лавлагааг эх хувиар нь авч ирнэ. Бичиг баримтыг авч ирээгүй тохиолдолд шалгалтад оруулахгүй,
- Шалгалт эхлэх цагаас 30 минутын өмнө ирсэн байна гэжээ.
Шалгалт эхлэх цаг: 10:00 (1-р ээлж), 11:30 (2-р ээлж) цаг ягштал баримталж ирнэ. Хэрэв шалгалтаас хоцорсон тохиолдолд нөхөж өгөх боломжгүй.
Тусгай шалгалтад тэнцсэн иргэдийн нэрcийг 2022 оны аравдугаар сарын 20-нд зарлах аж.
Холбоотой мэдээ