Маскгүй, түгжрэлгүй есдүгээр сарын 1

Хуучирсан мэдээ: 2022.09.01-нд нийтлэгдсэн

Маскгүй, түгжрэлгүй есдүгээр сарын 1

Маскгүй, түгжрэлгүй есдүгээр сарын 1

Цар тахлаас шалтгаалж хоёр жил завсарлаад байсан танхимын сургалт 100 хувь дүүргэлттэй эхэллээ. Хонхны жингэнээ, хүүхдийн дуутай цангинаж, эрдмийн их өргөө олны хөлд дарагдах танил мэдрэмж зарим сурагчид их алсарсан санагдана. Харин сургуульд шинээр элсч буй нэгдүгээр ангийнханд энэ нь соньхон мөн шинэхэн байх нь гарцаагүй. Зуны ногоон өдрүүд дуусч, навчис шаргалтсан намрын улирлыг нээж хичээлийн шинэ жил ийнхүү эхлэв.

Хичээлийн эхний өдрөө догдлол дүүрэн хүлээсэн хүүхэд, багш нарт өнөөдөр бол чухал баярын өдөр.

Сургууль бүрийн үүдэнд "есдүгээр сарын 1, ерөөсөө бидний баярын өдөр…" гэх дуу эгшиглэж, үсээ сүлжсэн охид, цэмцгэр гэдэг нь хувцасласан хөвгүүдээр анги танхимууд дүүрнэ. 2021-2022 оны хичээлийн жилд 78 мянга 345 хүүхэд ерөнхий боловсролын сургуульд элсэн орж буй. Ингэснээр улсын хэмжээнд 750 гаруй мянган сурагч танхимын сургалтаар боловсрол эзэмших статистик гарчээ. Өмнөх жилүүдэд Covid-19-өөс хамаарч есдүгээр сарын 1-ний өдөр хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлж, зарим сургууль нээлтгүй хичээлээ эхлүүлж байв. Харин энэ жил уламжлалт нээлт өргөн дэлгэр болж сургуулийн захиргаа, багш нар сурагчдаа ёслол төгөлдөр угтан авч байна.

Хүний бөөгнөрөл, халдварын эрсдэлийг умартаж хүүхэд гэлтгүй бүх хүн маскаа мартжээ.

Арга ч үгүй шүү дээ. Олон сар уулзалдаагүй ангийн нөхөд, багш нартайгаа уулзаж байгаа сурагчид, аав, ээжүүд ялгаагүй л баярлана. Тиймдээ ч амны хаалт, халдвар хамгааллын дэглэмд хүмүүс төдийлөн анхаарах завгүй буй юм.

ЭНЭ ЖИЛ 77 МЯНГАН ХҮҮХЭД НЭГДҮГЭЭР АНГИД ЭЛСЧ БАЙНА

2021 онд нийт ерөнхий боловсролын 848 сургууль, 35.110 үндсэн багш, 712.400 гаруй сурагчтайгаар үйл ажиллагаа явуулж байв. Энэ жил 77753 хүүхэд нэгдүгээр ангид элсэн орж байна.

Түүнчлэн цэцэрлэгийн насны 34486 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй үлддэг байсан асуудлыг шийдэж, энэ оны есдүгээр сарын 1-н гэхэд 26643 хүүхэдарванхоёрдугаар сарын 31-н гэхэд 7755 хүүхэд буюу нийт 34398 хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломж бүрдүүлээд байна. Мөн байгууллагын цэцэрлэг дээр 1000 орчим хүүхэд хамруулах бөгөөд есдүгээр сарын 1-н гэхэд 450 хүүхдийг байгууллагын цэцэрлэгт хамруулахаар төлөвлөсөн. 

ЕРӨНХИЙЛӨГЧ ХИЧЭЭЛ ЗААХГҮЙ Ч ЗӨВЛӨХ НЬ ХИЧЭЭЛ ОРНО

Өнөөдөр мөн эх хэлний баярын өдөр. Жил бүр монгол хэлний танин мэдэхүйн хичээлийг сурагчдад ордог. Монгол Улсын Ерөнхийлөгч жил бүр үндэсний хэмжээнд радио, телевизээр цахим хичээл заадаг уламжлалтай. Харин энэ жил уламжлал хэрэгжих эсэх талаар хүмүүс сонирхож буй. Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны яамнаас тодруулахад “Ерөнхийлөгч есдүгээр сарын 1-ний өдөр хичээл заахгүй. Хичээл, сургуулийг 100 танхимаар хичээллүүлэх төлөвлөгөө гарсан.

Ерөнхийлөгчийн оронд Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Д.Бум-Очир түүх, соёлын талаар хичээл заана” гэлээ.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Чингис хааны эш хөргийг бүх шатны боловсролын байгууллагад залахаар болжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 оны долдугаар сарын 11-ний өдөр гаргасан 159 дүгээр зарлигтаа "Төрийн бүх байгууллага, Монгол Улсаас хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газар, бүх шатны сургалтын байгууллагууд Эзэн Богд Чингис хааны эш хөргийг дээдлэн залсугай" хэмээн тусгасан билээ.

Ямартай ч энэ жил хичээлийн шинэ жилийн нээлт дэлгэр болж Ерөнхийлөгчийн албанаас ч түүх соёлын цахим хичээл орон даяар орох аж. Маскгүй, автомашины түгжрэл урьд жилүүдийнхээс харьцангуй бага намрын улирал ийнхүү эхэлж буй…

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж