Санхүү эдийн засгийн их сургуулийн төв байранд урсгал засвар хийж байх үед өнөөдөр /2022.08.31/ барилгын баруун талын хана нуржээ. Хичээлийн шинэ жил эхлэхийн өмнөх өдөр сургуулийн хуучин барилгад нуралт үүссэн тул тус сургуулиас мэдэгдэл гаргасан байна. Тус мэдэгдэлд хичээлийн төв байранд нуралт үүссэн ч сургалтын үйл ажиллагаа маргааш хэвийн үргэлжилнэ гэжээ.
Тус нуралт үүссэн байр нь СЭЗИС-ийн 1956 онд ашиглалтад орсон А байр аж. Барилгын нүүрэн хэсэгт урсгал засвар, үйлчилгээ хийх үед нурсан байна.
Нийслэл, дүүргийн Мэргэжлийн хяналтын газрын өгсөн зөвлөмжийн дагуу А байрны дотоод болон гадаад орчны аюулгүй байдлыг цаг алдалгүй хангаж, зорчих хөдөлгөөнийг хязгаарлажээ. Нуралтаас шалтгаалж хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учраагүй. СЭЗИС нь багш, ажилтан, оюутан, зочдын аюулгүй байдлыг хангах үүргээ гүнээ ухамсарлаж, холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллаж байгаа гэдгээ мөн онцолсон байна.
Сургуулийн үйл ажиллагаа хичээлийн бусад байруудад товлосон хугацаандаа хэвийн явагдахыг СЭЗИС-ийн захиргаа цахим хуудастаа мэдээлжээ.
Холбоотой мэдээ