Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн хүүхдийн хичээлийн хэрэгслийг бэлдэх шаардлага эцэг эхчүүдэд тулгардаг. Тэр тусмаа эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед хичээлийн хэрэгслийг бүгдийг шинээр авна гэдэг хэцүү. Харин дэвтрийн нийлүүлэлт багассан гэх нэрийдлээр хэрэглэгчийг хясан боогдуулсан зөрчил их гарч байгаа талаар иргэд цахим орчинд бухимдлаа илэрхийлж байсан. Ингэхдээ бусад хичээлийн хэрэгсэл авбал дэвтэр зарна гэсэн худалдааны хууль бус арга хэрэглэсэн байна. Үүнийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар хичээлийн хэрэгслийн өргөтгөсөн худалдаа, захуудаар шалгалт хийж байгаа талаар мэдээлэл өгсөн. Энэ талаар сурвалжлахаар “Бөмбөгөр” болон “Хархорин” худалдааны төвүүдийг зорилоо.
“Бөмбөгөр” худалдааны төвд 12:00 цаг орчимд харьцангуй хүний хөдөлгөөн их байлаа. Голдуу эцэг, эхчүүд хүүхдээ дагуулан дэвтэр, цүнх авч харагдана. Энэ жил дэвтэр, бал, цүнхний үнэ бага зэрэг нэмэгджээ. Тухайлбал, өнгөрсөн жил 12 хуудастай дэвтэр 200 төгрөг байсан бол энэ жил 350 төгрөгөөр худалдаалж байна. Дэвтэр дангаар яагаад зарахгүй байгаа талаар худалдагчаас тодруулахад “Дэвтрийг үйлдвэрийн үнээр нь зарж байгаа. Тийм болохоор өөр хичээлийн хэрэгсэл хамт зарж байж ашгаа олж байна.” гэлээ.
Өөр нэгэн лангууны худалдагчаас тодруулахад “Улаанбаатар принтээс нийлүүлэлт хийхгүй байгаа тул дэвтрийн хүрэлцээ муу байна. Тиймээс ингэж зарахаас өөр аргагүй” гэсэн хариултгыг өгсөн юм.
Энэ тал дээр иргэд бухимдалтай байгааг хичээлийн хэрэгсэл авч буй эцэг, эхчүүдээс харагдаж байлаа. Бухимдангуй байсан иргэн С: Энэ чинь буруу зүйл шүү дээ. Зөвхөн дэвтрээ аваад үлдсэн зүйлээ өмнөх хичээлийн жилд ашиглаж байсан хэрэгслээ орлуулах боломжтой байхад заавал өөр хичээлийн хэрэгсэлтэй зарагдах нь шударга бус”.
Ц.Оргил: “Хүүхэд маань дэвтэр л хэрэгтэй гэхээр нь авах гэтэл дангаар нь зарах лангуу олдохгүй байна. Дэвтэр авбал бусад юмнаас нь заавал ав гэх юм. Ганц хоёр хэрэгцээний юм авахаар бага юм авлаа гээд дэвтэр зарсангүй. Энэ бол байж болохгүй зүйл. Хэрэгцээгүй зүйлээ авах мөнгө энэ ард түмэнд тэр бүрчлэн байхгүй шүү дээ.
Харин “Хархорин” худалдааны төвд хөл хөдөлгөөн бага байлаа. Бичиг хэргийн лангуу хүн цөөтэй ч дэвтэр дангаар нь зарахгүй гэсэн лангуу харьцангуй бага байв. Энэ талаар худалдагчаас асуухад “Бид байгаа боломжоороо л дэвтрээ үйлдвэрийн үнээр ямар нэгэн шахалтгүйгээр худалдаалж байна. Иргэдийг иймэрхүү аргаар хясан боогдуулах нь буруу” хэмээн ярьж байлаа.
Энэ зөрчилд зөрчлийн хуулийн дагуу иргэнийг 2 сая, ААН-г 20 сая төгрөгөөр торгодог байна.
Б.УНДРАМ
Холбоотой мэдээ