Засгийн газрын хуралдаанаар цахим шилжилттэй холбоотой үндэсний хөтөлбөрийг эрчимжүүлэх ажлын талаар хэлэлцэв.
Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.УЧРАЛ:
-Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд төрийн бүтээмжийн сэргэлтийг эрчимжүүлэх, Төрийн хяналтын тухай хуулийн хэрэгжилт, цахим Монгол хөтөлбөрийн танилцуулга хийгдсэн. Үүнтэй холбоотой Ерөнхий сайд үүрэг даалгавар өглөө. Цахим хөгжил, харилцаа холбооны яам авлигын индексийг буулгахад онцгой анхаарч ажиллана. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд парламентаар хэлэлцүүлж хэд хэдэн хуулийг баталсан.
Цахим үндэстэн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр ашигт малтмалын лицензийг цахимаар авах, шинээр орон сууцанд орохын өмнө байрныхаа ажлын явцыг цахимаар авч байх боломж Нийтийн мэдээллийн хуулиар бүрдэнэ.
Иргэдийн мэдээллийг төр авч байгаа талаар мэдэгдэл хүргүүлэх ажлыг мөн эрчимжүүлнэ. Мөн нийслэлийн төвлөрөл, түгжрэл, төрийн албаны хүнд сурталтай холбоотой тоон гарын үсгийг иргэн бүрийн хэрэглээнд нэвтрүүлэхэд анхаарна. Одоогийн байдлаар 266 мянган тоон гарын үсэг олгосон. Тоон гарын үсгийг хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг хурдасгах үүрэг өгсөн. Тоон гарын үсгийг банк, санхүүгийн салбарын үйлчилгээнд нэвтрүүлнэ. Нийт таван алслагдсан сум, таван боомтыг дагуулж шилэн кабель тавих ажлыг он дуусахаас өмнө дуусгана. Тиймээс бүх нийтээр тоон гарын үсгийг хэрэглээнд нэвтрүүлэх боломж бүрдэнэ. Ингэснээр банкны үйлчилгээ авахдаа ч иргэд цахимаар авах боломжтой.
2022 оны есдүгээр сарын 5-6-нд манай яам НҮБ, Засгийн газар, Цахим хөгжил, харилцаа холбооны яам хамтран олон улсын хурал зохион байгуулна. Энэ үеэр НҮБ Монгол Улс цахим шилжилтийн үлгэр загвар болсон орон гэдгийг албан ёсоор зарлана.
Цаашид төр, хувийн хэвшил өрсөлдөхгүйгээр төрөөс бүхий л талаар хувийн хэвшлийг дэмжиж ажиллана гэдэг бодлогыг манай яамнаас баримталж байгаа.