Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар үнийн өсөлт, тулгамдаж байгаа цаг үеийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцлээ.
Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.ХҮРЭЛБААТАР:
-Монгол Улсад эхний долдугаар сарын байдлаар инфляци 15.7 хувьтай байсан. Харин энэ сарын байдлаар 14.1 болж буурахад мах, хүнсний ногооны үнэ нөлөөлсөн. Энэ бол улирлын чанартай бууралт. Харин суурь шалтгаан нь төлбөрийн тэнцэлтэй хамааралтай. Дэлхий нийтээр үнийн өсөлт явагдаж байгаа энэ үед Монгол Улс дотооддоо үнийг буулгах зохицуулалт хийх нь чухал. Тухайлбал, дотоодод түлхүү хэрэглэдэг импортын барааны тээврийн зардал зэрэгт анхаарна.
Цаашид мөнгөний бодлоготой уялдуулж ажиллах үүрэг даалгаврыг холбогдох сайд нарт өгсөн.
Төлбөрийн тэнцлийн алдагдал 1.3 тэрбум ам.доллар болж өссөн. Ингэснээр төгрөгийн ханш сулрах эрсдэлтэй. Тиймээс мөнгөний бодлогыг чангаруулах шаардлагатай. Үүнд хугацаа алдвал бараа, бүтээгдэхүүний үнэ дахин өсөх эрсдэлтэй. Энэ нөхцөлд бид бодлогын хүүг өсгөнө. Одоо бодлогын хүү 10 хувь байна. Манай яам нийт 12 ажил хариуцна. Эдгээрийн нэг нь хилийн боомтууд.
Томоохон төслүүдийг ач холбогдлоор нь жагсаана. Монгол Улсын өрсөлдөх чадварыг нэмэх шаардлагатай. Гадаад өр ихээхэн нэмэгдсэн, дэлхий нийт хямралд байна зэргийг харгалзана.
-Хятадад Covid-19-ийн тохиолдол батлагдаж байгаатай холбоотой импортын барааны тээвэрлэлт саарч байна уу?
-Цар тахалтай холбоотой Бээжингийн ойролцоо хөл хорио тогтоосон. Үүнтэй холбоотой тээврийн хөлс нэмэгдэх зэрэг асуудал үүсч болзошгүй. Гэхдээ одоогоор үүнд тодорхой хариулах боломжгүй.
-Чөлөөт бүсийг хэрхэн хөгжүүлэх вэ?
-Миний бие ажлаа аваад чөлөөт бүстэй холбоотой хөгжүүлэлтийн ажлуудыг хийхээр төлөвлөж байна. Харин том төслүүдийн тухайд ач холбогдлоор эрэмбэлж, санхүүжилт дээр үүссэн асуудлыг шийдвэрлэх, үргэлжлүүлэх зэрэгт анхаарна. Цаашид өнөөгийн Монгол Улсыг хөгжүүлэх, төр хувийн хэвшлийн хамтын харилцааг дэмжих зэрэг дээр анхаарч ажиллана.
Холбоотой мэдээ