Хуучирсан мэдээ: 2022.09.01-нд нийтлэгдсэн

Юанийн уналт

Хятадын мөнгөн тэмдэгт юанийн ханш энэ долоо хоногийн эхээр ам.долларын эсрэг суларч, 2020 оны наймдугаар сараас хойш анх удаа нэг ам.доллар 6.9 юаньтай тэнцлээ. Юанийн ханш Мягмар гаригт өмнөх өдрөөс 230 пипээр сэргэж, нэг ам.доллартай тэнцэх нь 6.8980 юань болсон. Пип бол нэг центийн 100-ны нэгтэй тэнцэх доллараар илэрхийлсэн мөнгөн тэмдэгтийн хамгийн жижиг нэгж юм. Юанийг өдөр тутмын жишиг ханшийн хоёр хувиар арилжаалахыг зөвшөөрдөг.

Юанийн ханшийн савлагаа нь АНУ-ын Холбооны нөөцийн сангийн дарга Жероми Пауэллийн  хатуу мэдэгдэлтэй холбоотой аж. Жероми Пауэлл хэлэхдээ, Холбооны нөөцийн сан мөнгөний бодлогын бүх хүүг ашиглан инфляцийг хүчээр барина гэж мэдэгджээ. Түүнчлэн тэрбээр АНУ-ын мөнгөний бодлогын өөрчлөлтөөс шалтгаалан олон улсад хүндрэл үүсч болзошгүйг ч сануулсан. Эдийн засагчид ерөнхийдөө АНУ-ын бодлогын хүү 3.5-3.75 хувьд хүрч нэмэгдэнэ гэж таамаглаж байна. Одоогоор уг хүү 2.25-2.5 хувьтай байгаа аж.

Харин Хятадын бодлогын хүү 3.65 хувьд хүрсэн. АНУ-ын Холбооны нөөцийн сангийн шийдвэрээс шалтгаалж Хятад нь гадагш урсах валютын урсгалаа чангатгах шаардлага тулгарна гэж “Natixis” байгууллагын эдийн засагч Алисиа Гарсиа-Херреро дүгнэжээ.

Цар тахлыг дарах Бээжингийн хатуу бодлого, барилгын салбар дахь хямрал, ган гачигаас болж Сичуаньд эрчим хүчний хомсдол үүссэн зэрэг шалтгаанаас болж Хятадын эдийн засаг удааширсан. Тиймээс барууны орнуудтай мөнгөний бодлогын зөрүүг үл харгалзан Хятад нь эдийн засгаа тогтворжуулах арга хэмжээг авна гэж шинжээчид дүгнжээ. Тухайлбал, Хятадын Төв банкны захирагч төрийн өмчит томоохон арилжааны болон бодлогын банкуудыг зээлийн нийлүүлэлтийг тогтворжуулахад гол үүргийг авч ажиллахыг уриалсан.

Ази-Номхон далайн орнуудын бусад гол валюттай харьцуулахад юанийн ханшийн уналт сул байна. Тухайлбал, Даваа гаригт Өмнөд Солонгосын мөнгөн тэмдэгт вон ам.долларын эсрэг 2009 оны олон улсын санхүүгийн хямралаас хойших хамгийн сул түвшинд хүрч унасан. Он гарснаас хойш воны ханш ам.долларын эсрэг 13 хувиар унасан бол Японы иен, Тайландын бахт 20 орчим хувиар буурчээ. Юань болон Азийн бусад гол валютуудын ханш ам.долларын эсрэг унасан нь бүс нутгийг санхүүгийн эрсдэлд оруулж, Хятадын экспортын өрсөлдөх чадварыг  сулруулна гэж ажиглагчид дүгнэжээ.

Хятадын Төв банк өнгөрсөн наймдугаар сарын 15-нд гол хоёр бодлогын хүүгээ бууруулснаас хойш өнгөрсөн долоо хоногт дахин зээлийн хоёр хүүг багасгасан. Улмаар юанийн ханш ам.долларын эсрэг 2000 суурт нэгжээр унасан юм. АНУ-ын бодлого тогтоогчид инфляцитай тэмцэхийн тулд мөнгөний хатуу бодлого баримталж байхад Хятадын эрх баригчид өөр бодлого барьж буй.

Бусад оронтой харьцуулахад Хятадын гадаад, дотоод валютын урсгалыг хатуу хяналтад байдаг. Хятадын гадаад худалдааны эргэлт өнгөрсөн долдугаар сард 101.26 тэрбум ам.долларт хүрсэн нь түүхэн дээд хэмжээ юм. Өмнөх оны мөн үед Хятадын гадаад худалдааны эргэлт 97.94 тэрбум ам.доллар байв. Гэхдээ гадаадын хөрөнгө оруулагчид Хятадын бондуудыг санхүүжүүлэх хувиа бууруулж, өнгөрсөн долдугаар сард гурван тэрбум ам.долларт хүрсэн байна. Энэ нь Хятадад бизнзс хийх америкчуудын итгэл бүх цаг үеийн хамгийн доод хэмжээнд хүрснийг илтгэжээ. Тухайн сард Хятадын хувьцааны зах зээлийн гадагш урсгал 3.5 тэрбум ам.долларт хүрчээ.

ЭХ СУРВАЛЖ: SOUTH CHINA MORNING POST

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж