Озон эмчилгээг тусгай зөвшөөрөлтэй эмнэлэгт мэргэжлийн эмч хянах ёстой | News.MN

Озон эмчилгээг тусгай зөвшөөрөлтэй эмнэлэгт мэргэжлийн эмч хянах ёстой

Озон эмчилгээг тусгай зөвшөөрөлтэй эмнэлэгт мэргэжлийн эмч хянах ёстой

Озон эмчилгээг тусгай зөвшөөрөлтэй эмнэлэгт мэргэжлийн эмч хянах ёстой

Иргэд Covid-19 халдвар авсны дараагаар цусаа шингэлэхээр янз бүрийн эм дур мэдэн ууж, эмчилгээ хийлгэх болсон. Үүний нэг нь озоны эмчилгээ. Эрүүл мэндийн яамнаас озон эмчилгээний тухай ямар нэгэн удирдамж, зааврыг огт батлаагүй. Манай улсын эмнэл зүйн удирдамжинд байхгүй гэдгийг хэлж буй. Гэтэл хувийн эмнэлэг тэр дундаа гоо сайхны эмнэлгүүд энэ төрлийн эмчилгээг өндөр үнээр хийж байна. Тиймээс энэ удаагийн сурвалжлагаараа озон эмчилгээний талаар хөндлөө.

Олон нийтийн сүлжээнд энэ төрлийн зар сурталчилгаа олон бий. Эдгээрээс “Озон эмчилгээ хийнэ” гэсэн зарын дагуу нэгэн эмнэлэгтэй утсаар холбогдсон юм.

-Сэтгүүлч: Сайн байна уу. Озоны эмчилгээ хийдэг үү?

-Эмнэлгийн ажилтан: Тийм. Нэг курс эмчилгээ нь 7-10 удаа байдаг.

-Сэтгүүлч: Эмчилгээгээ яаж хийдэг вэ?

-Эмнэлгийн ажилтан: Судсанд дуслаар хийдэг юм. Манай эмнэлэг АНУ-аас оруулж ирсэн озоны аппаратаар эмчилгээг хийдэг. Үйлчлүүлэгч бага байвал шууд эмчилгээгээ хийнэ.

-Сэтгүүлч: Хэр хугацаа болох бол?

-Эмнэлгийн ажилтан: Ойролцоогоор 40 минутаас нэг цаг болно. Цусны өвчтэй болон хорт хавдрын эмчилгээтэй хүмүүст энэ эмчилгээг хийхийг хориглодог. Бусдаар бол хориглосон заалт байхгүй. Хүмүүс ихэвчлэн Covid-19 халдвар авч, эдгэрсний дараа хийлгэж байна гэв.

Озоны эмчилгээ гэдэг нь энгийнээр тайлбарлавал хүчилтөрөгчийн эмчилгээ. Энэ эмчилгээг зориулалтын тоног төхөөрөмжийн тусламжтайгаар хүчилтөрөгчийн баллоноос эмчилгээний озон буюу О3 хийг гарган авч, эмчилгээ хийдэг. Гэтэл сүүлийн үед нарийн стандартыг мөрдөлгүйгээр хэн дуртай нь энэ эмчилгээг хийх болсныг мэргэжлийн эмч нар хэлж байв.

"ХҮМҮҮС МЭДЛЭГ ДУТУУГААС ҮНЭТЭЙ ЭМЧИЛГЭЭ ХИЙЛГЭЖ, ОЗОН БИШ ХҮЧИЛТӨРӨГЧ АВЧ БАЙНА"

Озон эмчилгээнд маш нарийн стандарт байдаг. Яг стандартын дагуу, мэргэжлийн эмчийн хяналтан дор хийж байж гаж нөлөөгүй эмчилгээ болно. Эмчилгээндээ стандарт байгаа шигээ эмчилгээний озон гаргаж авч байгаа тоног төхөөрөмж, баллонд ч яг адилхан маш хатуу стандарт байдаг аж.

Эмчилгээний озоныг зөвхөн ISO9809 стандарт бүхий 96%~с 99,5% хүчилтөрөгчийн баллоноос зориулалтын генератор буюу озон хувиргагч аппаратаар дамжуулан гаргаж авдаг гэдгийг мэргэжлийн эмч тайлбарласан юм.

Озоныг гарган авч дусалд хийсэн бол шууд эмчилгээг хийнэ. Хол замд зөөвөрлөх боломжгүй. Учир нь эмчилгээний озон маш хурдан задарч энгийн хүчилтөрөгч болон хувирдаг. Гэтэл хүмүүс энэ талаарх ойлголт, мэдлэг дутуугаас өндөр үнэтэй эмчилгээ хийлгэж, озон биш хүчилтөрөгч авч байгааг эмч нар анхааруулсан.

АРЬС ГОО ЗАСЛЫН ИХ ЭМЧ Ч.САРАНГЭРЭЛ:

-Озон эмчилгээ нь эмийн бус эмчилгээний арга. Хүчилтөрөгчийн гурван атомаас бүрдсэн элемэнт. Энийг хүний биед оруулахдаа зориулалтын хүчилтөрөгчийн баллоноос озон болгож хувиргадаг. Энэ эмчилгээг бүхий л эрхтэн тогтолцооны үед хийж болдог. Ялангуяа хүмүүс цус өтгөрөлтэй, дархлаа дэмжих зорилгоор эмчилгээний заалттай, олон улсын судалгаагаар батлагдсан, стандарт арга аргачлалаар эмчилгээг хийдэг. Хамгийн сүүлд Хятад улсад 2022 оны хоёрдугаар сард цус хэт өтгөрсөн хүмүүст хийсэн судалгаагаар 90-95 хувийн үр дүн өгсөн гэж гарсан байдаг. Европын улсуудад энэ эмчилгээг судалж, эмчилгээний хавсарсан арга гэдгийг хүлээн зөвшөөрдөг болсон. Монголд одоогоос таван жилийн өмнө орж ирсэн.

Эмчилгээг заавал тусгай зөвшөөрөл авсан эмнэлэгт, мэргэжлийн эмчийн хяналт дор хийдэг. Ингэхдээ цусны ерөнхий шинжилгээ, биохими, ЭХО-ны шинжилгээг үндэслэдэг. Озон эмчилгээний дараа хүний цусан хангамж сайжирч, нойргүйдэл арилж, ядарч сульдахаа болино. Үрэвслийн бактер устана. Тухайн хүний өвчлөл хэр байгаагаас хамаарч курс эмчилгээг харилцан адилгүй хугацаанд тохируулж хийдэг. Энэ эмчилгээг хортой болон хорт хавдартай, бамбайн хордлоготой, цус бүлэгнэдэггүй төрлийн эмгэгтэй хүн хийлгэж болохгүй.

"НИЙГЭМЛЭГЭЭС ОЗОНЫ ЭМЧИЛГЭЭ ЭМЧИЛГЭЭГ БҮРТГҮҮЛЭХ, БАТЛУУЛАХ АЖЛЫГ ХИЙЖ БАЙНА"

Монголын озон, эмийн бус эмчилгээний нийгэмлэгийн тэргүүн Ц.Мөнхтуяа:

-Монголд 2018 оноос хойш нийгэмлэг байгуулж, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Тэр үед иргэд олон нийт озоны эмчилгээний талаар мэддэггүй байлаа. Сүүлд цар тахал гарснаас хойш олон улсад энэ эмчилгээг сайн мэддэг болсон. Гэтэл сайны хажуугаар саар гэгчээр нийгэмлэгт харьяалагддаггүй, ямар нэгэн сургалтад суугаагүй, аппарат тоног төхөөрөмж нь шаардлага хангаагүй эмч болон маш олон тооны хувийн эмнэлэг олширлоо. Тэрнээс биш энэ эмчилгээ нь олон жилийн түүхтэй, олон хүнд үр дүнгээ өгчихсөн, олон улсын туршлага, судалгаа хийсэн байдаг.

Бид нийгэмлэгийн зүгээс эмч нарт зориулсан мэргэжлийн сургалтыг хийж, олон улсын стандартад нийцсэн аппарат тоног төхөөрөмжийг оруулж ирдэг. Нийгэмлэгээс озоны эмчилгээ хийдэг нэг эмнэлэгтэй танилцахад эмчилгээ гэхээсээ илүүтэй хор болохоор аппараттай байсан. Хүчилтөрөгчийн баллоноос озон гаргаж авах ёстой байтал хүчилтөрөгч өтгөрүүлэгчээс гаргаж авч байх жишээтэй.

Озон нь маш хурдан урвалд ордог хүчтэй хий. Тийм учраас АНУ-д эмчилгээнд хийхийг бүрэн хүлээн зөвшөөрдөггүй нэг шалтгаан нь тэр. Учир нь тоног төхөөрөмжиндөө байдаг юм.

Тодруулбал, Герман, Испани улсын хүчилтөрөгчийн аппарат олон улсын стандартад нийцдэг юм. Олон улсын озон эмчилгээний нийгэмлэгээс олон улсын эмч нар заавар зөвлөгөөгөө авч, таван жил тутамд хуралдаж, эмчилгээний журмыг шинэчилдэг. Дэлхийн аль ч оронд энэ шинэчилсэн журмыг дагаж адилхан озоны эмчилгээг хийдэг.

Монгол Улсын хууль, журамд “Монгол Улсын хууль журам гараагүй тохиолдолд олон улсын дүрэм, журмыг дагана” гэж заасан байдаг. Тэгэхээр бид өнгөрсөн хугацаанд олон улсын стандартыг боловсруулж, хэд хэдэн удаа Эрүүл мэндийн яаманд хүсэлтээ илгээсэн. Яамнаас сүүлд хүсэлт явуулахад хариу өгч “Эхлээд стандартаа боловсруулчихаад, Эмийн агентлагт бүртгүүлнэ” гэсэн. Бид бичиг баримтаа боловсруулаад, батлуулах шатандаа явж  байгаа” гэв.

ОЗОН ЭМЧИЛГЭЭ ХИЙХ ЭРХТЭЙ 15 МЭРГЭЖЛИЙН ЭМЧ, ГАРЫН ТАВАН ХУРУУНД БАГТАХ ЭМНЭЛЭГ БАЙДАГ

Энэ нийгэмлэгийн сургалтад хамрагдаж, шалгалтад тэнцсэн 15 мэргэжлийн эмч, гарын таван хуруунд багтах эмнэлэг байдаг аж. Гэтэл Улаанбаатарт озоны эмчилгээ хийдэг 20 гаруй эмнэлэг байна гэх албан бус статистик байдаг аж.

Озон эмчилгээ нь хүчилтөрөгчийн эмчилгээ, цус шингэлж , эд эрхтний цусан хангамжийг сайжруулах, биеээс хорт бодисыг гадагшлуулах, хордлого тайлах, харшлын эсрэг, бактери, вирус, мөөгөнцөр, шимэгчийн халдварыг устгах, дархлааг дэмжих, өвдөлт намдаах, эд эсийг нөхөн сэргээн, хүчилтөрөгчөөр хангаж, хөгшрөлтийг удаашруулах үр дүнтэй гэдэг танилцуулгыг эмнэлгүүд тавьжээ.

Нэг курс эмчилгээ 7-10 удаа хийдэг бөгөөд үнийн хувьд нэг удаагийн эмчилгээ 30 мянган төгрөгөөс 70 мянган төгрөгийн үнэтэй байх аж. Уг эмчилгээг судсанд дуслаар хийх, шулуун гэдсээр хийх, арьсанд нэвчүүлж хийж болдог бөгөөд төрлөөсөө хамаарч үнэ нь харилцан адилгүй.

"ЭМЧИЛГЭЭНИЙ ҮНИЙН ХУВЬД БОЛОМЖИЙН САНАГДДАГ"

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга, цусны эмч Ж.Нарангэрэл мэдээлэл хийхдээ "Эрүүл мэндийн яамнаас озон эмчилгээний тухай ямар нэгэн удирдамж, зааврыг огт батлаагүй. Манай улсын эмнэл зүйн удирдамжинд байхгүй. Монгол Улс олон улсад хүлээн зөвшөөрөгддөг эмнэл зүйн удирдамжийг улс орны хаана ч байгаа эмч мэргэжилтнүүд хэрэглэхэд бэлэн. Энэ удирдамжид орсон эмчилгээг хэрэглэхийг зөвлөдөг. Гэтэл энэ дотор озон эмчилгээ огт байхгүй. Тэгэхээр иргэд ямар эмчилгээ хийлгэх вэ гэдгээ өөрсдөө судалгаа хийж, мэдээлэл мэдлэгтэй байх шаардлагатай" гэдгийг хэлсэн юм.

Харин иргэдийн хувьд энэ эмчилгээний талаар мэдээлэл тун муу байсан юм. Иргэдийн ихэнх нь Covid-19 халдварын дараа аспирин эмийг ууж, дасгал хөдөлгөөн хийж байгаа гэдэг хариултыг өгч байв. СХД-ийн иргэн Г.Болормаа "Миний хувьд Covid-19 халдварын дараа Японы цус шингэлэх төхөөрөмжийг хэрэглэсэн. Энэ төхөөрөмж нь цахилгааны хүчдэлийг ялгаруулдаг. Хүний биеийн цусыг шингэлэхээс гадна олон ач холбогдолтой юм билээ" гэв. Харин Баянзүрх дүргийн иргэн Я.Самбуу гуайн хувьд "Хорооноос бичиж өгсөн аспирин эмийг тогтмол ууж, цусаа шингэлж байгаа. Өөр олон эм, эмчилгээ хийлгэдэггүй. Озоны эмчилгээ гэж сонсч байсан. Гэхдээ яг ямар эмчилгээ байдаг гэдгийг сайн мэдэхгүй юм байна" гэсэн юм.

Харин Г. Долгорсүрэн гуайн хувьд 70 гарсан ахмад настан. Тэрбээр "Би анх Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд байхаас нь озоны эмчилгээ хийлгэж эхэлсэн. Эхний удаа нэг курс эмчилгээ хийгээд үр дүнгээ өгч эхэлсэн. Яг одоо бол харшил хөдлөөд эмчилгээ хийлгэж байна. Үнийн хувьд боломжийн санагддаг. Би цар тахлын халдвар огт аваагүй. Магадгүй энэ эмчилгээний үр дүн байх. Эмчилгээ хийлгэхээр ядрахгүй, эрч хүчтэй, даралт хэвийн сайхан болчихдог" гэв.

Гэрэл зургийг Б.Эрдэнэбилгүүн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-08-31 213.87.133.204

**** Халуун охид таныг хүлээж байна – – https://ok.me/JuZ31

Avatar

Зориг 2022-08-31 202.126.89.193

Тэр азон хийдэг 5 эмнэлэгээ мөн 15 эмчийнхээ нэр хаягийг тодорхой бичээчээ. Мөн олон улсад хийгээд эхэлчихсэн энэ азон эмчтлгээний стандартыг эрүүл мэндийн яамныхан хурдан батлаачээ. ЭМЯ-ныхан мэргэжлийн хяналтынхан ажлаа хийлдээ. Худлаа хариуцлагаас зугтсан л юм яриад байх юм.

Avatar

ИРГЭН 2022-08-31 103.80.210.112

МЭДЭЭЛЛЭЭ БҮРЭН ГҮЙЦЭТ ӨГӨӨЧЭЭ. Зөвшөөрөлтэй эмч, эмнэлэг 15 байдаг гэж байгаа бол нэр усыг нь тавиач. Авч болохгүй, хаяж ч болохгүй дутуу мэдээлэл өгөх юм.

Avatar

Иргэн 2022-08-31 202.126.93.78

27 настай жирэмсэн эмэгтэй озон эмчилгээнд ороод саяхан нас барсан, аюултай юм шиг байна лээ

Avatar

Зочин 2022-08-31 203.91.115.43

ХААНА ХААНА ЯМАР ЭМНЭЛЭГТ БАТАЛГААТАЙ ОЗОН ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙГААГ НЬ БИЧЧИХСЭН БОЛ ОЛОН ТҮМЭНД ХЭРЭГТЭЙ БАЙЛАА

Avatar

Зочин 2022-08-31 202.55.188.124

OZON hiilgesen ur dun mash sain bga6 hARSHIL HUDLUUGUI ydrahgui noirsajirch haniadhurehee bolison

Avatar

Зочин 2022-08-31 202.70.47.137

ямар ч үр дүнгүй луйварчид_ тэр Мэргэжлийн хяналтын газар нь юу хардаг байна. Хууль хяналтын байгууллагууд нь шалгаачээ бүгдийг нь

Avatar

Иргэн 2022-08-31 202.21.104.234

Ямарч үр дүнгүй эмчилгээ гэсэн. Мөнгө үрэхийн нэмэр

Avatar

Иргэн 2022-08-31 59.153.115.157

ЭМЯ-наас озоны эмчилгээний ямар заавар зөвлөмж батлаагүй гэнэ үү??? Ажлаа хийдэггүй л юм байна гэж ойлгохоос. Олон улсын хэмжээнд нэвтэрсэн, тодорхой стандартын дагуу явагддаг эмчилгээ юм бол яагаад нэвтрүүлж болохгүй гэж??? ЭМЯ-ныхан ажлаа хийдэггүйгээс иргэд өндөр төлбөр төлж озон бус хүчилтөрөгчөөр эмчилгээ хийлгэдэг юм байна шүү дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж