Нийслэлчүүд энэ өвөл тог цахилгаангүй болж, гал алдах эрсдэлтэй гэдгийг салбарын сайд асан Н.Тавинбэх хэдхэн хоногийн өмнө мэдэгдсэн. Тодруулбал, төрөөс эрчим хүчний төлбөрийг даасантай холбоотой хэрэглээний ачаалал 20 хувиар өсч, цахилгаан эрчим хүчний хэрэглээний хувьд дээд цэгтээ тулаад буй. Тэгвэл нөхцөл байдал хүндрэх эрсдэлтэй хүндхэн давааг шинэ сайд Б.Чойжилсүрэн хэрхэн давах бол.
Тэрбээр өчигдөр сайдын үүрэгт ажлаа авахдаа "Би мэдээллийн технологийн инженер, цахилгааны инженер мэргэжилтэй. Энэ салбарт ажиллаж байгаагүй ч мэргэшиж таван жил сурсан. Юун түрүүнд гурван ажлыг хийх зорилготой байна. Хамгийн эхэнд манай салбар дэд бүтцийг хөгжүүлдэг чухал салбар тул аюулгүй ажиллагаа, техникийн бэлэн байдал нэн тэргүүний эгнээнд тавигдана.
Өвөл хаяанд ирж байгаа болохоор өвөлжилтийн бэлтгэл ажлын системээр бүрэн хангуулах ажлыг зорилго болгож байна. Хоёрдугаарт, эрчим хүчний салбар 2019 оноос эхэлсэн Covid-19-ийн нөхцөл байдалтай холбоотой хүндрэл, энэ жил ОХУ, Украины дайны нөхцөл байдалтай холбоотой санхүүгийн хувьд хүнд нөхцөлтэй байна.
Гуравдугаарт, төвийн эрчим хүчний систем төвдөө дулаан болон цахилгаан эрчим хүчний дутагдалд орж эхэлсэн. Иймээс “ТЭЦ III” цахилгаан станцын өргөтгөлийг энэ ондоо багтаж эхлүүлэх ажлыг шуурхай хөөцөлдөхөөр зэхэж байна. Мөн Таван толгойн цахилгаан станцыг засварлан шинэчлэх ажил хийхээр төлөвлөж байгаа. Түүнчлэн, “Эгийн гол”-ын цахилгаан станцын ажлыг эхлүүлэх, эс үүсвэрийг олохоор ажиллана" гэдгээ мэдэгдсэн.
Сайд болохоос өмнөх жилүүдэд түүний хөрөнгө орлогын мэдүүлэгт өөрийн жилийн орлого нь таван тэрбумаар хэмжигдэж байсан бол өнгөрсөн жил 43 сая төгрөг болж буурчээ.
Холбоотой мэдээ