Шинэ сайд нарын амлалт

Хуучирсан мэдээ: 2022.08.31-нд нийтлэгдсэн

Шинэ сайд нарын амлалт

Шинэ сайд нарын амлалт

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу Л.Оюун-Эрдэнийн танхимын сайд нар давхар дээлтэй байхаар болж, УИХ-ын 10 гишүүн сайдаар томилогдсон. Тодруулбал, шинэ Засгийн газарт шинээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар Д.Амарбаясгалан, Хот хариуцсан сайдаар Ж.Сүхбаатар, Спорт, олимпизм хариуцсан сайдаар Б.Бат-Эрдэнэ, Эдийн засаг, хөгжлийн сайдаар Ч.Хүрэлбаатар, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаар Д.Сарангэрэл, Зам, тээврийн хөгжлийн сайдаар С.Бямбацогт, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Х.Болорчулуун, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар Н.Учрал, Эрчим хүчний сайдаар Б.Чойжилсүрэн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар Ж.Ганбаатар тус тус томилогдож, өчигдөр/2022.08.30/ тангараг өргөсөн.

Тэгвэл шинэ сайд нар ямар амлалт өгсөн бэ?

БОГИНО ХУГАЦААНД ТӨР, ИРГЭН ХОЁР ОЙРТОХ ЁСТОЙ

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан:

-Ажлын гүйцэтгэлийг онцгой анхаарч ажиллана гэж би зорьж байгаа. Богино хугацаанд төр, иргэн хоёр ойртох ёстой. Төрийн бүтээмжийг сайжруулах чиглэл дээр нээлттэй, ил тод байдлыг эрхэмлэж, ажлын чадвар дээр үндэслэсэн сайжруулалтыг хийнэ. Иргэн, төр хоёрын харилцаа хангалтгүй байдаг.

Улс төрийн яриа хэлэлцээ гэдэг зүйлийг бид анхаарах хэрэгтэй. Илүү хүссэн хүн ажил албан тушаалын төлөө явдаг биш илүү хэрэгцээтэй, чадвартай хүн нь  байх ёстой газраа байж, ажил амжилдуудаг энэ тогтолцоо руу бид шилжих ёстой. Цаг үе, нөхцөл байдал бүхэн харилцан адилгүй. Тухайн цаг үеийн нөхцөл байдал дээр амжилт гаргаагүй, алдаа дутагдал гаргасан тохиолдол газар газраа бий. Гэхдээ бид сайд болсон хүн дахиж сайд болох ёсгүй гэх туйлширсан үзлээс илүүтэйгээр илүү туршлагатай, улс төрийн болон аж ахуйн чадварлаг, илүү хурдтай ажиллах боломж бололцоог нээх үүднээс асуудалд хандах ёстой. Шинэ сайд нараар кабинетаа бүрдүүлсэн Засгийн газар ойрын нэг, хоёр магадгүй гурван сардаа цаашдаа илүү хүртээмжтэй ажиллаж чадах уу гэдгээ харуулах хугацаа. Тиймээс бид илүү ард иргэдийнхээ итгэл найдварыг тээсэн, илүү хүчирхэг Засгийн газар байхын төлөө ажиллана.

ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫГ НЭГДҮГЭЭРТ ЗОРИЛГО БОЛГОНО

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн:

-Эрчим хүчний сайдаар томилогдлоо. Гурван зорилт тавин ажиллана. Эхнийх нь, манай салбар дэд бүтцийн салбар учир аюулгүй ажиллагаа, техникийн бүрэн бүтэн байдал нэн тэргүүнд тавигдана. Өвөл хаяанд ирлээ. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг системийн дагуу бүрэн хангуулах ажлыг нэгдүгээрт зорилго болгоно. Хоёрдугаарт, манай салбар хүнд байдалд орсон. Цар тахлын үеэс эхэлсэн хүндрэл Орос, Украины дайнаас болж үнийн өсөлт, инфляцын дарамт гарч ирсэн. Бүх төв банкууд бодлогын хүүгээ нэмж, мөнгөний бодлогоо чангаруулж байна. Үүнээс болж эх үүсвэрийн дутагдал гарч байна. Хөгжингүй орнуудын бонд цар тахлын өмнөх хөгжиж байгаа манайх шиг улс орнуудын бондтой дүйцэж ирлээ. Тиймээс эрчим хүчний салбарын өртөг 2019 онтой харьцуулахад дор хаяж 30-аас багагүй хувиар өссөн байна. Үнэ нь өсөөгүй байгаа учир энэ салбар хүндрэлд орсон. Энэ асуудлыг шийдэх шаардлагатай. Гэхдээ нэг өдөр шийдэж чадахгүй. Үе шаттай шийднэ. Гуравдугаарт, манай төвийн эрчим хүчний систем төвдөө эрчим хүчний дутагдалд орж эхэлсэн. Дулааны, цахилгаан эрчим хүчний хувьд ч тэр. Тиймээс ДЦС-3-ын өргөтгөлийг энэ ондоо чадвал багтаан эхлүүлэх ажлыг шуурхай хөөцөлдөнө. 350 мВт хүчин чадлыг шинээр суурилуулах, гурван турбин суурилуулах ажил байгаа байх. Зөрүүлээд 73 мВт-ын таван турбиныг солих ажил хийх байх. Мөн Тавантолгойн цахилгаан станцын ажлууд явж байгаа. 450 мВт-ын гурван турбинтай цахилгаан станцын ажлын тендэр хоёр удаа зарлагдаад хүчингүй болчихсон байгаа. Энэ ажлыг энэ ондоо багтаан эхлүүлэх төлөвлөгөө бий.

Эгийн голын цахилгаан станцын ажлыг эхлүүлэх, эх үүсвэрийг олох ажил хүнд байна. Гэхдээ энэ ажил явна. Магадгүй Владивостокт есдүгээр сарын эхээр ОХУ-ын эдийн засгийн форум болдог. Энд Ерөнхий сайд оролцох яриа гарсан. Энэхүү айчлалд би оролцож, Эгийн голын цахилгаан станцыг нэг талд нь гаргах гэх мэт ажлууд байна. Өмнө нь явж байсан Амгалангийн дулаан станцыг өргөтгөл, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Дорнодын цахилгаан станц тэргүүтэй ажил, төслүүдийг явуулах бодол байна.

САЛБАРЫНХАА ЦАЛИНГИЙН ИТГЭЛЦҮҮРИЙГ ӨӨРӨӨР ТОГТООНО

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал:

-Кибер аюулгүй байдлыг хангах, мэдээллийн аюулгүй байдлыг хангах тал дээр онцгой анхаарч ажиллана. Мөн Тоон гарын үсгийн хууль амжилттай хэрэгжиж байна. 300 мянга гаруй тоон гарын үсэг иргэдэд тараагдсан. Энэ тоог ахиулна. Ингэснээр орон зай, цаг хугацаанаас үл хамаарч иргэд төрийн үйлчилгээг авна. Яамны бүтэц, орон тоо батлагдсан. Одоо ажлаа хийж байгаа. Цаашдаа бид Цахим гарын үсгийн хуулийг дагалдуулаад төрийн албаны цалингийн итгэлцүүрийг ялангуяа программ хангамж, мэдээллийн технологийн салбарынханд өөрөөр тогтоох хуулийг дагалдуулж хийсэн. Учир нь энэ салбарын мэргэжилтнүүд цалин хөлсний хувьд бусдаас онцгой авч үзэж, төрийн захиргааны албан тушаалтантай адилхан цалинжуулахад бэрхшээл дагуулж байна. Тиймээс илүү бүтээмжтэй, цомхон, чадварлаг багаар яамныхаа үйл ажиллагааг чадваржуулахад анхаарах ёстой. Манай салбар бусад салбараас илүүтэйгээр нарийн мэргэжил шаарддаг. Төрийн албаны хууль дээр итгэлцүүрийг нь өөрөөр тогтоож, салбарын ажилтан, алба хаагчдын нийгмийн баталгаа, цалин хөлсний баталгааг нэмэгдүүлэхэд онцгой анхаарна. Хатуу дэд бүтцээ сайжруулах, төсөв мөнгийг нь нэмэгдүүлэхэд зайлшгүй анхаарна. Энэ оны төсөвд шаардлагатай төсвийг оруулна гэж бодож байна. Шилэн кабель тавигдаагүй хэд хэдэн баг, сумд бий. Үүн дээр анхаарна. Заавал төр бүх чиг үүргийг гүйцэтгэнэ гэхээсээ илүүтэйгээр хувийн хэвшлүүдээр зарим ажил, чиг үүргийг гүйцэтгүүлэхэд шилэн кабель, хатуу дэд бүтцээ шийдвэрлэх боломжтой. Төр чадна гэхээсээ илүүтэйгээр хувийн хэвшил, мэргэжлийн холбоодоороо ажлыг гүйцэтгүүлж, эко системийг нэвтрүүлэхэд гол анхаарна.

БҮХ ХЭЛБЭРЭЭР МАХЫГ ЭКСПОРТОД ГАРГАХ ЁСТОЙ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Х.Болорчулуун:

Хүнс, хөдөө аж ахуйн салбарт өнөөдөр арьс ширний үнэ буучихсан, малын үнэ буурчихсан, мах гадагшаагаа экспортод гарахгүй зэрэг асуудлууд байгаа. Түүхий эдээ боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн бий болгож, арьс ширээ үнэд оруулж борлуулах хэрэгтэй. Дарханы арьс ширний цогцолборыг ойрын хоёр жилийн хугацаанд дотор аль болох богино хугацаанд ашиглалтад оруулахын төлөө ажиллана. Түүнээс гадна махны экспортыг дэмжих ёстой. Бүхий л чадлаараа бид нар бүх хэлбэрээр нь махыг гаргах ёстой.

ДАРХАНЫ ЗАМЫН НЭГ УРСГАЛЫГ ЭНЭ ЖИЛДЭЭ АШИГЛАЛТАД ОРУУЛНА

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт:

-Өчигдөр энэ салбарын мэдээллүүдийг авч танилцсан. Хамгийн тулгамдсан асуудал Дарханы зам. Энэ замыг хурдан шуурхай, ядаж нэг урсгалыг нь энэ жилдээ багтаж оруулах тал дээр анхаарч ажиллана. Мөн шинэ төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг яаравчлах, чингэлэг тээвэр, ачаа эргэлтийн гацаа түгжээг арилгах, агаарын тээврийг либералчлах, авлига хүнд сурталтай тэмцэх чиглэлд гол анхаарлаа хандуулан ажиллах болно.

МӨНГӨНИЙ БОДЛОГЫН АРГА ХЭМЖЭЭГ ЧАНГАЛНА

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар:

-Өнөөдөр бид ийм нөхцөл байдал дээр яаж гарсан бэ гэдэг сургамжууд байна. Авах бодлогын арга хэмжээ нь ойлгомжтой. Тухайлбал, мөнгөний бодлогын арга хэмжээг чангалахаас өөр аргагүй.

СӨРӨГ ХАНДЛАГЫГ ӨӨРЧЛӨХ ХЭРЭГТЭЙ 

Спорт, олимпизм хариуцсан сайд Б.Бат-Эрдэнэ:

-Биеийн тамир, спорт бол том салбар. Тулгамдсан асуудал олон бий. Энэ салбар төлөөлсөн яам, эрхэлсэн сайдтай болж байгаа нь маш чухал байна. Өнгөрсөн хугацаанд тамирчны ёс зүйг тогтоож чадаагүйгээс спортын салбар маань харамсалтай нь нийгэмд арай өөрөөр үнэлэгдэж байна. Монгол Улсын Ерөнхий сайд спортын салбарт онцгой анхаарал хандуулж байгаа учраас бид бүхэн энэ сөрөг хандлагыг өөрчлөх хэрэгтэй. Хүлээгдэж буй асуудлуудад хамтран ул суурьтай, судалгаа тооцоотой, гар нийлэн ажиллах болно.

ХЭЦҮҮ БАЙСАН Ч ЗАРИМ ШИЙДЛҮҮДИЙГ ГАРГАХ ЁСТОЙ

Хот хариуцсан сайдаар Ж.Сүхбаатар:

Улаанбаатар хотод байгаа 1.5 сая хүний төвлөрлийг сааруулах ажил гэхээр дагуул хотын асуудал, ойр орчмын томоохон хотуудын асуудал, зарим аймгуудын хөгжлийн асуудал хүртэл энд хамаарна. Миний гол үүрэг бол би өөрөө хотын даргатай ажил булаалдаж, зөрчилдөж, сөргөлдөхгүй биш. Энэ олон сайд нар, дарга нарыг хооронд нь холбоод энэ түгжрэлийн асуудал дээр дэс дараалалтай, иргэдтэй зөвлөлдөж, хүндүүртэй, хэцүү байсан ч зарим шийдлүүдийг гаргах болсон.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж