Ямартаа ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимын гишүүдээ сонгож, тангараг өргүүллээ. Энэ удаа эрээвэр хураавар, мэргэжлийн бус голдуу хүмүүс улсын амин чухал салбаруудыг удирдаж, ирэх хоёр жилийн бодлого шийдвэрт нөлөөлөх нь тодорхой болов. Төр, засгийг удирдана гэдэг ч “мөрийтэй тоглоом” шиг болсон хойно. Намдаа хэн их мөнгө “хаясан” нь өндөр албан тушаал хашихгүй үлдвэл номд хазгай болох биз. Төлбөр төлсөн нь хөгжмөө захиалдаг нь үнэн буюу.
Эрх баригч нам Үндсэн хуульд дуртай цагтаа гар дүрж, гэрлийн хурдаар шийдвэрүүд гаргаж “тоглож” буйг бид энэ хэдхэн өдрүүдэд ангайгаад хараад өнгөрүүллээ. Алсаа, улсаа бодож байгаа гэхэд үнэхээр чамлалттай.
Хэмнэлт, хэмнэлт гэж ярьсан хэрнээ Засгийн газрын бүтэц энэ удаа данхайлаа. Давхацсан үйл ажиллагаатай яамд нэмэгдэв. Түгжрэл арилгах, олимпизм хариуцсан сайд байхдаа ч яах вэ дээ. Орлогын гол “эх үүсвэр” Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар Ж.Ганбаатарыг томилно гэж хэний ч санаанд буугаагүй биз. А.Ариунзаяаг Д.Сарангэрэлээр солино гэж хэн санах билээ. Овоо зүгшрэх аятай байсан салбаруудыг самраад самраад хаячихгүй л бол дүүрч.
Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр “Том төслүүдээ хэрэгжүүлэх, авто замын түгжрэл, боомтуудын асуудлыг цэгцлэх үүднээс салбар дундын уялдааг хангахаар бүтэцдээ тусгаж өгсөн харагдаж байна. Сингапурын засгийн газрын бүтцийг нилээн судалж үзсэн бололтой, уялдааг хангаж нэг ч ажлыг эзэнгүй орхигдуулахгүй гэсэн санааг шингээсэн Засгийн газар бүрджээ. Улсад минь найдвар байна” гэж “дүгнэж”, ташуур өгч.
Хотын түгжрэлтэй тэмцэх сайд, Дарханы зам дуусгах сайд, Хот хөлдөөхгүй өвөлжүүлэх сайд, Улаан буудай ургац хураалтын сайд, Эмонголиагийн сайд, Нүүрс зарах сайд, 2024 онд Парисын олимпод туг баригчаар явах сайд. Гол нь танхимаараа дараагийн сонгуулийн мөнгөө босгох Засгийн газар бололтой гэж зарим хүмүүс гоочилж буйг энд дурдъя.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Салбар дундын зохицуулалтыг хангах, салангид чиг үүргүүдийг нэгдсэн бодлогоор зохицуулах үүднээс боомтын болон нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийн асуудал хариуцсан Монгол Улсын сайдыг Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын даргын түвшинтэй дүйцүүлж томилохоор шийдвэрлэв.
Мөн олимпизм, спорт, нийтийн биеийн тамир, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх асуудал эрхэлсэн сайд байх нь зүйтэй гэж үзлээ. Сайд нарын ажлын гүйцэтгэлийг жил бүр үнэлж, хариуцлага тооцох зарчмыг Ерөнхий сайдын хувьд баримталж, олон нийтийн үнэлгээтэй уялдуулан ажиллах болно” гэж онцлон тэмдэглэнэ лээ. Улмаар “Энэ ажлын гүйцэтгэлд тулгуурласан хариуцлагын үнэлгээний тогтолцоо зөвхөн сайд нар төдийгүй төрийн анхан дунд шат, орон нутагт хамааралтайг хатуу сануулъя. Сайд бол албан тушаал биш, цаг нартай уралдан асуудлыг шийдвэрлэж, гал барилцах улс төрийн манлайлагчид байх учиртай” гэж хэлсэн.
Ярих, ярьснаа ажил хэрэг болгох хоёр өөр л дөө. Ямартаа ч тэд юу хийж, улс орны хөгжил, ард иргэдийн амьдрал хэрхэн сайжирч өөдлөхийг харах л үлдлээ.
Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал, геополитикийн маргаантай асуудлууд зэрэг олон хүчин зүйлийн нөлөөгөөр ирэх жилүүдэд Монголын эдийн засаг тийм ч амаргүй, шинэ Засгийн газрыг хатуухан сорилтууд хүлээж буй. Эдийн засагчид “бүсээ илүү чангалах” өдрүүд айсуйг анхааруулж буй юм.
Азийн хөгжлийн банк “Эдийн засгийн сэргэлт хойшилж удаашрахын зэрэгцээ инфляци ихээр өссөн сөрөг орчинд Монгол Улс урьдчилж харах боломжгүй гэнэтийн цочролууд, хосолмол эрсдэлтэй нүүр тулж байгааг тайландаа онцолсон. Тус банк тайландаа инфляци өсч өндөр түвшинд хүрсэн, гадаад худалдааны тасалдал үргэлжилсээр байгаа, гадаад санхүүжилтийн нөхцөлүүд урьд өмнөхөөс илүү чангарах хүлээлттэй болсон, мөн геополитикийн нарийн төвөгтэй асуудал шинээр бий болж, эрсдэл нэмэгдсэн зэрэг нь Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 2022 онд үлэмж хязгаарлаж буйг тэмдэглэснийг дахин сануулъя.
АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Павит Рамачандран манай улсын БНХАУ-тай хийх худалдааны гол боомтууд хаалттай хэвээр байгаа хүндрэл, нөгөө талд ОХУ, Украины дайн, түүний эдийн засаг дахь сөрөг үр дагаврууд бийг ч онцлон тэмдэглэсэн.
Үүссэн хүнд нөхцөл байдалтай уялдан Монгол Улс стагфляцийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх бодлого буюу хариу арга хэмжээг нэн яаралтай авах шаардлагатайг тэрбээр анхааруулсан билээ.
Ирэх 2023 онд Covid-19-ийн сөрөг нөлөөлөл буурах, гадаад худалдааны тасалдал арилах боломжтой зэрэг эерэг хүлээлтэд тулгуурлан эдийн засгийн өсөлт нэмэгдэх төсөөлөл бий. Гэвч Монгол Улсын эдийн засгийн төлөвт учрах эрсдэл огцом нэмэгдэж, төлбөрийн тэнцэл, улсын төсөв, инфляци болон бизнесийн үйл ажиллагаанд улам бүр дарамт үүсч буй. Иймд манай улс макро эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор мөчлөг сөрсөн багц бодлого боловсруулж, гадаад болон дотоод санхүүжилтийн хэрэгцээнд шаардагдах валютын эх үүсвэрүүдийг баталгаажуулан олж авах зайлшгүй шаардлагатай.
Инфляци өндөр түвшинд хадгалагдаж, гадаад худалдаанд үүссэн тасалдал үргэлжилсээр байгаа нь төсвийн болон мөнгөний бодлогын орон зайг хязгаарлаж буй. Тиймээс эдийн засгийг эрсдэлээс хамгаалахын тулд макро эдийн засгийн бодлогын тохиргооны нэгдсэн төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх нь шинэ Засгийн газрын анхаарах гол асуудлын нэг.
Бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн доголдол, гадаад худалдааны тасалдал, түлш шатахууны үнийн огцом өсөлтийн бизнесийн зардал дахь сөрөг нөлөөгөөр жилийн дундаж инфляци 12.4 хувь болж огцом нэмэгдэх төлөвтэй. Үүний зэрэгцээ төгрөгийн гадаад валюттай харьцах ханш суларч, импортын барааны үнийн өсөлтөөр дамжиж инфляцид сөргөөр нөлөөлж буйг гаднын шинжээчид эртнээс анхааруулсаныг дурдъя.
Монгол Улсын эдийн засгийн төлөв байдлыг суурь төсөөллөөс бууруулж болзошгүй эрсдэлүүд бий. Үүнд, БНХАУ-тай хиллэдэг худалдааны гол боомтуудын үйл ажиллагаа нээгдэхгүй удах, Монгол Улсаас ОХУ болон Европын орнуудтай хийх гадаад худалдаа тасалдаж, огцом буурах болон Украины нөхцөл байдлын улмаас төлбөрийн тэнцэл, улсын төсөвт бий болж буй сөрөг нөлөө улам гүнзгийрэх зэрэг эрсдэл бий.
Түүнчлэн дотоодын санхүүгийн байгууллагуудын активын чанар үргэлжлэн муудаж чанаргүй зээл өсөх, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа улам хүндэрч, эрсдэл хуримтлагдах нь дунд хугацааны эдийн засгийн төлөв болон санхүүгийн тогтвортой байдалд үлэмж эрсдэл учруулж болзошгүйг анхаарах шаардлагатай.
Монгол Улсад орж ирж буй валютын орлого буурч, улмаар төлбөрийн тэнцэл дээр их хэмжээний дарамт үүсгэж буй. Төлбөрийн тэнцлийн гол алдагдал урсгал дансан дээр үүсч байгаа билээ. Хил нээгдсэнтэй холбоотой аялал жуулчлал, өвчний аялал жуулчлал, бизнесийн зөвлөх үйлчилгээ, гадаад бондын хүүгийн төлбөр зэрэг нь үйлчилгээ болон анхдагч орлогын дансыг 2 тэрбум ам.долларын алдагдалтай гарахад нөлөөлснийг энд дурдъя.
Шинэ Засгийн газар нэн тэргүүнд экспортын хэмжээг нэмэх, хөрөнгө оруулалт татахад гол анхаарлаа хандуулах хэрэгтэй. Ялангуяа гадаад өр, ирэх жилүүдэд төлөх бөндуудын төлбөр гээд шийдэл хүлээсэн олон асуудал бийг дахин сануул юу.
Манай улсын гадаад өр өдгөө 33 тэрбум ам.доллар болж нэмэгдсэний 8.7 тэрбум ам.доллар нь Засгийн газрын зээл. Засгийн газар зээлийн эргэн төлөлтийн зохицуулалт хийх шаардлагатай буюу хамгийн өндөр төлбөр хийх ачаалалтай үе 2021-2024 он. Нийт 4.7 тэрбум ам.долларын эргэн төлөлтийг энэхүү дөрвөн жилийн хугацаанд төлнө. Сангийн сайдын мэдээлснээр, Засгийн газраас өрийг дахин санхүүжүүлж хугацааг хойшлуулах, хүүгийн зардлыг багасгах бодлого баримталж буй. Жилд төсвөөс 200 сая орчим ам.доллар гаргаж гадаад өрөнд өгч байна. Энэ стратеги ирэх жил ч үргэлжилнэ.
Ирэх онд "Гэрэгэ" бондын 540 сая ам.доллар, Хөгжлийн банкны Засгийн газраар баталгаа гаргуулж авсан "Самурай" бондын 730 тэрбум төгрөг, Хөгжлийн банкны "Евро" бондын 500 сая ам.долларын өр төлнө. Үүнээс "Евро" бондын 500 сая ам.долларын өрийг бүрэн төлж барагдуулахаар төлөвлөсөн. Засгийн газрын баталгаа гаргасан "Самурай" бондын 730 тэрбум төгрөгийн өрийг Хөгжлийн банк өөрөө төлж чадахгүй бол татвар төлөгчдийн мөнгөөр төлөх эрсдэл үүсэх билээ.
Хямрал, хүндрэл, эрсдэл дүүрэн жилүүдэд шинэ Засгийн газар "чөмгөө дундартал" зүтгэж, улс орны амьдралыг өөд татаж, ард иргэдээ эх орондоо сайхан амьдрах боломж нөхцөлөөр хангаж чадах эсэхийг харцгаая.