Салбараасаа "чухал" сайдууд  

Хуучирсан мэдээ: 2022.08.31-нд нийтлэгдсэн

Салбараасаа "чухал" сайдууд  

Салбараасаа "чухал" сайдууд  

Хичээлийн шинэ жилийн бэлтгэлтэй зэрэгцээд гадаа хүйтэн ч улс төрийн халуун өдрүүд өнгөрөв. Тэднийг сүүдэр бараадагсад, наранд гарагсад гэж хоёр ангилж болохоор… Засгийн газрын өмнө бүрэлдэхүүн яагаад солигдсон эсэх, ажлаа сайн, саар хийсэн үү, ямар шалтгааны улмаас бүрэлдэхүүнээ сольж байгаа талаар тун чиг ядмаг, тойруулсан, бөөрөнхийлсөн, бултсан, булзсан, зугтсан, зулгуйдсан тайлбартайгаар “шантаажны” бүрэлдэхүүн гарч ирлээ. УИХ-ын даргын хийгээд Ерөнхий сайдын тайлбараас харвал “алаад өгөх” амбицтай хүмүүс давхар дээл өмсөв.

Тэдний хэлээд байгаа шиг бурууг засч, будилааныг цэгцэлсэн юм үнэндээ байсангүй. Том зургаар нь харвал МАН дахин эрх мэдлийн хуваарилалт хийлээ. Чоно цатгалан, сүрэг тарган үлдэв. Чухамдаа эдийн засаг, нийгмийн маш хүнд үед салбар салбарт тулгамдаж буй асуудлыг шийдэх чадвартай, мэдлэгтэй, туршлагатай менежер гэхээсээ илүүтэй МАН дотор бүлэг, фракцийн төлөөллийг, намаасааа татгалзсан ч өнөө хэр нь нөлөөтэй хэвээрээ буй Ерөнхийлөгчийн талынхны эрх мэдлийн тэнцвэрийг хангахуйц хуваарилалт болов.

Нэгэнт салбар бус намын бүлэглэлийн эрх ашгийг чухалчилсан учраас тэр чинээгээрээ шалгуур, үнэлэмж доогуур унав. Хэдийгээр тухайн салбарын мэргэжил эзэмшсэн ч мэргэжлээрээ огт ажиллаж үзээгүй нөхрийг “дадлага” хийлгэхээр сайдаар томилов. Шоглож байгаа юм шүү. Тэрбээр хахир хатуу өвөл монголчуудыг гал алдах эрсдэлд оруулчаад анхааралтай ажиглаж суухыг үгүйсгэхгүй.

Э.Бат-Үүл хотын дарга байхад гарч байсан санаачлагаар хотыг хариуцсан сайд бий болов. Сайдаас том эрх мэдэлтэй болсон хотын дарга байсаар байтал шүү дээ. Энэ талаар шинэхэн сайд юу гэж жиргэснийг хүргээд дүгнэлтийг танд үлдээе.

 

Нам доторх зодоон ил цагаандаа гарсан амаргүй үед Л.Оюун-Эрдэнэ хэл, амаа ололцохоор Д.Амарбаясгаланг засагтаа оруулж ирэв. УИХ-ын даргын Д.Амарбаясгаланд хандаж хэлсэн “Шинэ сэргэлтийн бодлогыг үр дүнд хүргэх чиглэлээр яам хоорондын ажлын уялдаа, зохицуулалтыг сайтар хангах чухал зорилт тавигдаж байна” гэх үгнээс энэ бүхэн уншигдана. Юун мөрийн хөтөлбөр, ямар сэргэлт, уналтын бодлого байх вэ дээ. Удаан хугацаанд “тарга тэвээрэг”-ээ авч, намдаа нөлөөллөө тогтоож, сүүдрээс төрийн шйидвэр, томилгоонд ил ба далдаар оролцож ирсэн түүнийг бусад ашиг сонирхлын бүлгүүдтэй учраа ололцох үүднээс ЗГХЭГ-ын дарга болгож байна. Намдаа нөлөөтэй фракцийн сайд бологсдод үнэндээ Л.Оюун-Эрдэнэ жулдана. Түүнээс илүү Д.Амарбаясгалангийн үгийг сонсох нь ойлгомжтой. Тиймээс далд нам дээр, ил засагт Д.Амарбаясгалан бодитоор гарч ирлээ.

Саундаа намын байр шиг нууц хурал хийдгээрээ алдартай ч өмнөх хуваарилалтаас өөрт ашигтай бялуу хүртэж чадаагүй “Оргил” Ж.Ганбаатарт энэ удаад зүхүүлэн зүхүүлэн Монголыг тэжээж буй уул уурхайн салбарыг удирдах боломжийг олгов. Монгол хүн Монголын баялагтаа эзэн байж, үр өгөөж нь Монголынхоо хөгжил дэвшил, Монгол хүний сайн сайханд зориулагдах Үндсэн хуулийн үзэл санааг хэрэгжүүлэх эрхэм чухал үүрэг түүнд ноогдсоныг спикер онцолсон. Сүлжээ дэлгүүртээ импортын бараанд хөнгөлөлт үзүүлж, үндэсний үйлдвэрийнхээ эсрэг бодлого баригч Монголын уул уурхайн салбарт эзэн суух болов уу, ихэрхэн даналзаж, элдвээр дарамтлах болов уу… Давхар дээлийг эсэргүүцэж байсан Ба аварга ч өөрөө сайд болчихсон, тангаргаа цээжээрээ хэлж сонсохыг харах бас гунигтай. Боловсон хүчний арвин нөөцтэй МАН-д бүх салбарт хөрвөж чаддаг гэхээсээ хэдхэн хүн л намын нэрээр найзан дундаа явж ирсний нотолгоо тэр болов.

Төрийн "хатан эрдэнэ" ч өмнө нь авч чадаагүй суудлаа авлаа. Өөрөөсөө биш  гэхэд өрөөлөөс, үр хүүхдээсээ ичмээр… Давхар дээл өмссөн байнгын хороодын дарга нар  ажлаа өгөх шалтагаар дан дээлтэй үлдэгсэд даарсангүй. Тэдэнд байнгын хороо, хяналтын хороо зэргийг хуваарилав. Үхсэн буурын толгойноос амьд ат айна гэгчээр Н.Энхбаяр ч хүүдээ Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргыг авч өгөв. Сайн аав байж болох ч сайн удирдагч байсан нь юу л бол. Ерөнхий сайд болох цор ганц эмэгтэйгээр тодроод байсан гишүүн ч хоосон хоцорсонгүй.

…Хотын захад дотор махаа ч авч дийлэхгүй иргэд нь туйлдаж байхад Төрийн ордноор дүүрэн баяр хөөр. Ургац хураалт хэрхэх нь тодорхойгүй, өвлийн бэлтгэл ажил зуун задгай, хэзээ мөдгүй өвөл хаалга тогших гэж байхад тэд ийнхүү гарам дээр морио солив. Ингэхдээ чухал чухал салбарыг үнсэнд хаясан шалз шиг үзэв. Бид ч сошиал ертөнцөөр түүнийг нь дөгөөж хангалттай утсаа маажив. Төрийн ордонд Т.Доржхандаас бусад нь царайндаа инээмсэглэл тодруулчихсан, тэврэлдэж үлсэлцээд сүйд майд. Ичгүүр, сонжуур энэ намд алга. "Их хүссэн хүнээр төрийн жолоог бүү атгуул" гэж их хааны хэлсэн үг бүр падгүй бололтой. Тэгсэн хэр нь "Монголын төр", "шударга ёс" гэх үгийг чихэнд чийр болохуйд олон давтсан нь "дуулсан дуундаа өөрөө уяраад" гээч л болов. Тэдний ярьж буй гоё, том зүйлийн ард бяцхан эрх ашиг байдаг ажээ.

Эрх баригчид ийнхүү иргэдээрээ тохуурхав. Өөрсдийгөө хувилгаан дүрээр тодруулах нь холгүй ээлжит бус чуулганаа хаав. Эрх баригчдын элэглэл энгийн иргэдийн амьдрал бүү болоосой. Сайдын төлөө өргөсөн баярын хундага нь монголчуудын гуниг бүү байг.  Тэдний шарталт Монголын зовлон биш байгаасай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж